Хөнгөн атлетикийн шидэлтийн төрлүүдийн нэгд тооцогддог жад шидэлтээр Польшийг төлөөлөн олимпод оролцож, мөнгөн медаль хүртсэн Мария Андрейчик өдгөө 25 настай. Тэрээр 2018 онд ясны хорт хавдартай гэж оношлогдсон ч өөрийн тэсвэр тэвчээр, итгэл найдварынхаа хүчээр энэ өвчнийг ялж чадсан юм. Мария өмнө нь 2016 оны Риогийн олимпод дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд Токиод амжилтаа ахиулан мөнгөн медаль хүртсэн байна
Олимпын наадамд амжилттай оролцсоныхоо дараахан Андрейчик хүнд өвчтэй хөөрхий хүүгийн тухай мэдсэн тул цаг алдалгүй түүнд туслах арга зам хайж эхэлжээ. Ингээд тэрээр бяцхан хүүд эрүүл энх амьдрал бэлэглэхээр Олимпын медалиа дуудлага худалдаанд оруулахаар шийдсэн байна. Сайхан сэтгэлт тамирчны шийдвэр сая сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд олон ч хүн түүнийг дэмжиж хамтран ажилласан байна. Ийнхүү эерэг цагаахан сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс АНУ-ын Стэнфордын эмнэлэгт зүрхний мэс засал хийлгэх шаардлагатай наймхан сартай Милошек хүүд амьдрал бэлэглэхээр болжээ.
Алгын чинээ биендээ баймгүй асар их өвчин зовиурыг тэсвэрлэн амьдралын төлөө тэмцэж байгаа Милошекийн хагалгаанд ойролцоогоор 1.5 сая польш злот буюу 500 гаруй сая төгрөг шаардлагатай байв. Андрейчик Олимпын медалиа дуудлага худалдаагаар зарж, энэ мөнгөний талыг нь ч болов санхүүжүүлнэ гэж тооцоолсон байна. Ийнхүү түүний хүсэл ч биелэлээ олж, Польшийн ZABKA сүлжээ дэлгүүрийн хамт олон нийт 800 орчим мянган злот төлж дуудлага худалдаанд ялсан аж.
ZABKA компани дуудлага худалдааны дараа түүнд хандаж: "Улсынхаа нэрийг Олимпын тавцанд гаргаад зогсохгүй, бидний ирээдүй болсон нэгэн үрийн төлөө сайхан сэтгэлээр тэмцэж буй Мария танаар маш их бахархаж байна. Бид таны сэтгэлийг бахдан биширч, хамтран ажилласандаа ч талархаж байна. Медалийг та өөрөө хадгалах ёстой." хэмээгээд, медалийг тамирчинд өөрт нь үлдээхээр болсон байна.
Тамирчин, түүнтэй хамтарсан хүмүүс болоод ZABKA компанийн хамт олны энэхүү сайн үйл Польшийн ард түмний зүрх сэтгэлийн утсыг хөндөж чадсан байна. Үүнээс гадна Милошек хүүгийн мэс заслын үлдсэн төлбөрийг цуглуулах хандивын аян эхэлсэн бөгөөд өдгөө хэдийнээ шаардлагатай мөнгөний 90 хувь цуглараад байгаа гэнэ.