Дафен бол Буки хотын захад орших жижиг тосгон бөгөөд ихэнх оршин суугчид нь урлагийн хүмүүс байдаг гэдгээрээ онцлогтой юм. 1990-ээд оны эхээр 20 гаруй уран бүтээлч энэ тосгонд ирж, ухаалаг бизнесмен Хуан Зянгийн удирдлага дор алдартай зургуудыг хуулбарлан бүтээж эхэлсэн түүхтэй. Эхэндээ тэд хамгийн эрэлттэй гэх шалтгаанаар голчлон Ван Гог, Леонардо да Винчи нарын зургийг зурдаг байсан гэнэ.
Тус тосгоны зураачдын бүтээлүүдийн гол онцлог шинж нь зүгээр нэг хуулбар биш, харин эхнээс нь бүгдийг нь гараар зурсан дуураймлууд байсан учраас хүмүүсийн анхаарлыг татаж чаджээ. Хуан Чаны хуурамч зургуудын эрэлт нэмэгдэхийн хэрээр шинэ худалдан авагчдын тоо улам бүр олширсоор байв. Улмаар урлагийн сургуулиа дөнгөж төгссөн оюутнууд Дафенд олноороо ирж суурьших болсон байна. Тэдний хувьд сонгодог бүтээлүүдийг хичээл дээрээ зурж сурсан учраас аль хэдийн туршлага суусан байж.
Одоо тус тосгонд хаа сайгүй зургийн "студи" байдаг бөгөөд гудамжаар дүүрэн сонгодог бүтээлүүд эгнээтэй байгааг харж болно. Ерөнхийдөө Дафенд одоогийн байдлаар 600 орчим галерейд 5000 гаруй зураач нар ажилладаг бөгөөд тэд жилд 5 сая гаруй уран зураг үйлдвэрлэдэг гэнэ.
Ийм олон зургийг яаж бүгдийг нь дахин хуулбарлан зурдаг вэ? гэсэн асуултад Жао Шиа Юн хэмээх зураач "Нэг зургаа олон дахин давтан зурахад нууц нь оршино" гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, нэг сонгодог бүтээл сонгоод түүнийгээ хэдэн мянган удаа дуурайлган зурахад богино хугацаанд эх хувилбараас нь ямар ч ялгаагүй бүтээж сурдаг аж.
Тэрээр алдарт зураач Ван Гогийн хөргийг ердөө хагас цагийн дотор дуусгадаг байна. Тухайн зургийн чанараас шалтгаалж үнэ нь 30-230 ам.долларын хооронд хэлбэлздэг бөгөөд Жао Шиа Юн нийтдээ 70 мянган ширхгийг борлуулсан байна.
Хамгийн сонирхолтой нь Дафены уран бүтээлчид хоёр дүрмийг баримтлах ёстой байдаг гэнэ. Эхнийх нь зургаа хэзээ ч эх хувилбарынх нь нэрээр борлуулж болохгүй, хоёр дахь нь 70-аас доош жилийн өмнө нас барсан зураачдын зургийг хуулбарлах ёсгүй байдаг аж. Энэхүү дүрмүүд нь зохиогчийн эрхийн асуудалтай холбоотой. Гэсэн хэдий ч өнөөдөр 20 жилийн өмнөх шиг хамгийн эрэлттэй бүтээлүүд нь Ван Гог, Да Винчи, Уорхол нарын зургууд хэвээр байсаар байна.