АНУ-д амьдардаг Тайрел Вольф хүү 2000 онд "Operation Christmas Child" сайн үйлсийн аянд нэгдэж, гутлын хайрцганд бичгийн хэрэгсэл, тоглоом, захидал хийн сүмд хүргэж өгчээ. Олон улсын хэмжээнд хэрэгжсэн энэхүү сайн үйлсийн аянд оролцож буй бүх хүүхдүүд бэлэгтэй хайрцаг дотроо өөрсдийн зургийг хийж илгээх учиртай байв. Ингээд Тайрел хүүгийн бэлэг Филиппин улсын нэгэн охинд хүрсэн байна.
Бяцхан хүү болоод түүний гэр бүлийнхэн энэ явдлын талаар бараг мартсан хойно буюу 2009 онд Жоана Марчан охин Тайрелд зориулан Facebook-ээр мессеж илгээжээ. Тайрел тэрхүү охиныг хаанаас гарч ирсэн, хэн болохыг нь мэдэхгүй байсан учраас хариу бичээгүй гэнэ.
Жоана харин уйгагүй хичээл зүтгэл гаргасны хүчинд Тайрелтай холбоо тогтоож чаджээ. Хүү түүнээс хэн болохыг асуутал Жоана 10 жилийн өмнө өөрөөс нь зураг, захидал хүлээн авсан тухайгаа хэлсэн байна. Охин тухайн үед бэлэгний хариу болгож талархлын захидал илгээсэн боловч Тайрелд хүрээгүй байсан аж.
Тайрел энэ талаар хэдийнээ мартсан байсан тул ээжээсээ үнэхээр илгээмж илгээж байсан эсэхээ хүртэл лавлаж асуужээ. Ээж нь азаар энэ талаар санаж байсан бөгөөд ийнхүү Тайрел, Жоана хоёрын хооронд холбоо тогтож эхэлсэн байна.
Харьцаж эхэлснээсээ хойш жилийн дараа гэхэд хангалттай мөнгө цуглуулж чадсан Тайрел шинэ найз дээрээ очихоор шийджээ. Тэрээр анхандаа санаа зовж байсан ч Жоанатай уулзаад сэтгэл нь амарсан аж. Тайрел охины гэрт 10 хоногийг өнгөрөөсөн бөгөөд үнэхээр тарчиг амьдардгийг нь хараад санаа нь их зовсон гэнэ. Тэрээр нутаг буцахдаа заавал эргэж ирнэ хэмээн амлажээ.
Үүнээс сар орчмын дараа Тайрел эргэж Жоана дээр ирсэн бөгөөд энэ удаад эцэг эхээс нь Жоанатай гэрлэх зөвшөөрөл хүссэн байна. Тэд ч зөвшөөрч хосууд АНУ-д хуримаа хийсэн байна.
Хувь тавилангийн ивээлээр холбогдсон залуу хос маань саяхан анхны хүүхдээ өлгийдөн авч, хамтдаа аз жаргал дүүрэн амьдарч байгаа гэнэ.