Тасмани нь Австралиас өмнө зүгт 240 км зайд оршдог арал бөгөөд эх газраас Бассын хоолой (Bass Strait)-оор тусгаарлагдсан байдаг. Тус газар одоогоос 10 мянга орчим жилийн өмнө, сүүлийн мөстлөгийн эриний төгсгөлд Австралиас салж, тусдаа арал болсон байна. Австрали, Тасманийн уугуул иргэд хоорондоо генетикийн хувьд төстэй байсан нь ийм учиртай аж. Ийнхүү гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан Тасманичууд олон мянган жилийн турш хүй нэгдлийн үедээ гацсан байна.
Арлыг 1642 онд Нидерланд далайчин Абел Тасман нээсэн бөгөөд тэрээр тус нутгийг Нидерландын Зүүн Энэтхэгийн колонийн генерал, амбан захирагч Ван Диемены нэрээр нэрлэжээ. Харин 1855 оноос арлыг Тасманийн нэрээр нэрлэжээ.
Харамсалтай нь Тасмани арал дээр байнгын суурьшлын бүсүүд байгуулагдсанаар нутгийн иргэдтэй харилцах харилцаа хурцдаж, Тасманичуудыг боолчилсон байна. Харин эсэргүүцэл үзүүлсэн нэгнийг нутгаас нь хөөх, эсвэл бүр газар дээр нь устгах хүртэл арга хэмжээ авч эхэлсэн юм.
1820-оод онд Тасманийн нутгийн иргэд эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг дайн эхлүүлжээ. Тасманчууд Британийн хар дарьтай галт зэвсгийн өмнө хүчин мөхөсдөж, бүрэн ялагдал хүлээсэн тул хүн төрөлхтний түүхэнд "Хар дайн" гэх нэрээр тэмдэглэгдэн үлдсэн байна.
Мөн шинээр суурьшсан хүмүүсийн тээж ирсэн халдварт өвчнүүд уугуулчуудыг мөхөхөд том нөлөө үзүүлсэн юм. Үүнд төрөл бүрийн вирусын гаралтай өвчин, дотор бэлгийн замын халдварт өвчин голчилсон юм. Тасманичуудад тэдгээр өвчний эсрэг дархлаа байхгүйн улмаас олноороо өвдөж, улмаар нас баржээ.
Дээрх бүгдийн үр дүнд 1833 он гэхэд арал дээр гурван зуу хүрэхгүй Тасмани хүн үлдсэн бөгөөд тэднийг бүгдийг нь Австралийн зүүн хойд хэсэгт орших Флиндерс арал руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Сүүлчийн цэвэр цуст Тасмани хүн 1876 онд нас барсан юм. Түүнийг нутгийн удирдагчийн охин Тругани гэдэг байсан бөгөөд Европчууд түүнд Лалла Рук хэмээх нэр өгсөн байна. Өдгөө тус арал дээр цэвэр Тасмани цустай хүн байхгүйгээр барахгүй, хуучин цагийн уугуул иргэдээс гаралтай хүмүүс өнөөгийн нийт иргэдийн ердөө нэг хувийг л эзэлдэг.
Жинхэнэ Тасманийн соёлыг судлахын тулд XIX зууны үед европ аялагчдын бичиж үлдээсэн цөөн хэдэн тэмдэглэл, археологийн олдвор дээр тулгуурладаг учир энэ талаарх мэдээлэл тун хомс бий.
Тасманичууд чулууг хурцалж жад болгон ан хийх, мах огтлох, үс хусахад ашигладаг байжээ. Тэд энэхүү олон үйлдэлтэй хурц багажаа "tronutta" гэсэн ганц үгээр нэрлэсэн байна.
Сонирхолтой нь, Тасманичууд яагаад ч юм загас иддэггүй байсан гэнэ. Гэвч тэд хясаа түүж, далайн хөхтөн амьтдыг агнадаг байсан нь түүхийн баримт болсон тэмдэглэлүүдэд дурдагдсан байдаг. Нутгийн уугуул иргэд хагас суурин амьдралын хэв маягийг баримталдаг байжээ. Тэд улирлын онцлогоос хамааран арлын зүүнээс баруун хэсэгт нүүдэллэн нутагладаг байсан аж. Тасманийн өмнөд хэсэгт хүйтний улиралд цас ордог ч нутгийн уугуул иргэд үүнийг тоолгүй, бүтэн жилийн турш "нүцгэн" явдаг байсан бөгөөд зөвхөн ахмад настнууд л имжний арьсаар хийсэн малгай өмсөж дулаацдаг байв.
Тасмани хэл, түүний дотор янз бүрийн овгийн аялгуу нь эртний Австралийн хэлний бүлэгт багтдаг. Одоогийн байдлаар Тасманийн хэлний хэд хэдэн толь бичгийг эмхэтгэсэн бөгөөд цэвэр энэ хэлээр ярьдаг хамгийн сүүлчийн хүн 1905 онд нас барсан байна.
Колоничлолын сүүдэр энэ арлын зөвхөн хүмүүсийг биш, байгаль орчин, амьтны аймгийг дайрчээ. Тасманийн нэрийн хуудас тилацин хэмээх уутат махчин амьтан Европчуудыг ирэх үед 5000 гаруй тоо толгой байжээ. Бодлогогүй агнуур, амьдрах нутгийн хомсдол, халдварт өвчин, зэрлэгшсэн нохдын уршгаар тэдний тоо толгой хурдацтай цөөрч, 1936 онд амьтны хүрээлэнд байсан сүүлчийн тилацин үхснээр албан ёсоор мөхсөн амьтдын жагсаалтад оржээ.
Тасманичууд үгүй болсон нь хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэн дэх хамгийн таагүй явдлын нэгд тооцогддог. Саяхныг болтол тэд оршин тогтнож байсан хэдий ч аж үйлдвэржсэн нийгэм дэх хүн төрөлхтний шуналаас болж устсан нь мартаж болшгүй асар том сургамж юм.