Ерөнхийдөө тэдний гарал үүсэл одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа. Энэ үндэстний тухай түүхэн судар, баримт бичигт Христийн шашин Византийн эзэнт гүрэнд дөнгөж тархаж байхад буюу МЭ 200-аад оны үед л хамгийн анх дурдагдсан байдаг. Ихэнх судлаачид цыгануудыг Энэтхэгээс гараад Ойрхи Дорнод руу, дараа нь Европт хүрсэн цагаачид гэж үздэг.
Европт цыгануудыг Энэтхэгээс дүрвэсэн Христийн шашинтнуудад тооцож, нутагтаа оруулсан байдаг. Тэр үед исламын шашинтан болоод загалмайтнууд хоорондын мөргөлдөөн ид үедээ өрнөж байсан учраас ийм шийдвэр гарсан гэдэг. Европчууд цыгануудад эхэндээ орон байр, хоол хүнсээр тусалж сайхан сэтгэл гаргаж байсан ч тэр нь удаан үргэлжлээгүй.
Удалгүй цыгануудыг Баруун Европчууд ялгаварлан гадуурхах болсон бөгөөд эхэндээ элдэв янзаар гадуурхаж байснаа сүүлдээ таарсан газраа хядаж эхэлжээ. Цыгануудын нүүдэлчин амьдралын хэв маяг тухайн үеийн Европ хүмүүст ойлгомжгүй, бараг орон гэргүй тэнэмэл мэт ойлгогдож эхэлсэн нь ингэж гадуурхах үндэс болсон гэнэ.
Үнэн хэрэгтээ сүүлд цыганууд өөрсдөө Европ соёлд уусах хүсэлгүй байсан болж таарчээ. Тэд ч гэсэн Европ соёл, амьдралын хэв маягийг ойлгодоггүй байсан аж. Гэхдээ цыганууд гуйлга гуйх, мэргэ төлгө хийх, илбэ үзүүлэх зэргээр амьдралаа залгуулж эхэлсэн байна.
Эндээс христийн шашинтай европчууд цыгануудыг далдын хүчтэй гэж итгэх үзэл тарсан тул цыгануудын энэ амьдралын хэв маяг Европын энгийн иргэдийн дунд төөрөгдөл үүсгэсэн юм. Эцэст нь дундад зууны үед Баруун Европын бараг бүх оронд цыгануудын эсрэг хэд хэдэн хууль гарч байжээ.
Англид бүх эрэгтэй цыгануудыг цыган үндэстэн болж төрсөн гэх шалтгаанаар цаазаар авах ял оноох тухай хууль батлагджээ. Хожим нь хуулийг бүр чангаруулж цыгануудтай холбоо тогтоосон Британичууд өөрсдөө үхлийн ял сонсох болов.
Мөн Ариун Ромын эзэнт гүрэнд (Герман) "цыганыг хороосон хүнийг хүн амины хэрэгт буруутгахгүй." гэж зарлаж байв. Энэхүү аймшигт хуулийн гайгаар өнөөгийн Германы газар нутагт амьдарч байсан цыганууд бараг бүгдээрээ амиа алдсан байна. Үүнээс эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл мултарч чадаагүй юм.
Францад XIV Луи хаан цыгануудыг өөрийн улсын нутаг дэвсгэрт суурьшихыг хориглож, албадан гаргах, цаазаар авах гэх мэтээр хавчсан байна. Шведэд 1637 онд эрэгтэй цыгануудыг дүүжлэх тухай хууль батлагдсан бол бараг зуун жилийн дараа Прусси хотод арван найман нас хүрсэн бүх цыгануудыг цаазлах тушаал гаргасан байдаг. Хэрвээ энэ мэт цыгануудын эсрэг хууль тогтоомжийг жагсаавал уртаас урт дараалал үүсэх болно.
Ийнхүү Баруун Европ нь цыган хүмүүсийг байж болох бүх аргаар устгахыг оролдож байв. Азаар Польш, Орос, Османы эзэнт гүрнүүдэд цыгануудыг хүн ёсоор үздэг байсан бөгөөд эдгээр орны иргэд тэдэнд баруун европын орнуудаас хэд дахин илүү сайн ханддаг байжээ.
XVIII-XIX зууны үед цыгануудын эсрэг олон хуулийг хүчингүй болгосон боловч тэдний оронд өөр асуудлууд гарч ирсэн байна. Европчууд цыгануудыг гадуурхсан хэвээр байсан учир тэдэнтэй хүнээс дор харьцсаар байв.
Нэмж дурдахад дэлхий нийт XIX зууны сүүлээр технологийн үсрэнгүй хөгжилд хүрч бусад үндэстнүүд шинэ ирээдүйтэйгээ дасан зохицож чадсан бол цыганууд хэт хуучинсаг үзлээсээ болоод хөгжиж чадаагүй аж. Жишээлбэл, тэдний уламжлалт ёсны дагуу цыганууд үйлдвэр, үйлчилгээнд ажиллах хориотой байсан учраас бусдаас хоцрогдож эхэлсэн байна.
XX зууны үед бол цыганууд дахин хүнд сорилттой тулсан юм. Адольф Гитлерын удирдлага дор Нацист Герман цыгануудуудыг еврейчүүдийн нэгэн адил дорд үндэстэн хэмээн үзэж, яг ижил харьцсан юм. 1935 оны үед Нацистын нутаг дэвсгэрт амьдарч байсан цыгануудыг ямар ч эрхгүй болгож хавчин гадуурхаж эхэлсэн бол Дэлхийн 2-р дайн эхэлсний дараахан цыгануудыг бөөнөөр нь барьж, хорих лагерьт устгаж эхэлжээ.
Энэхүү хоморголон устгалаас болж 200,000-1,500,000 цыган амь үрэгдсэн байна. Хамгийн харамсмаар нь орчин үед ч цыганууд хамгийн их ялгаварлан гадуурхагддаг үндэстний нэг хэвээр байгаа юм. Жишээ дурдвал, 2010 онд Францын Ерөнхийлөгч Никола Саркози цыгануудыг гэмт хэргийн үүр уурхай гэж үзсэнээр улсынхаа нутаг дэвсгэрээс албадан гаргасан байдаг.