"Дуслыг хураавал..." - Дэлхийн томоохон гол мөрнүүдийн эх ямар харагддаг вэ?

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн "Алсыг зорьсон алтан загас" тууж дээр Туул голын нэгэн загас орчлон ертөнцийг танин мэдэхээр шийдээд, алс холын аялалд гарч байгаа тухай өгүүлдэг. Тэрхүү загас эхлээд Туул голоос гараад Орхон голд, дараа нь Сэлэнгэ мөрөнд, улмаар Байгаль нуур, Ангар мөрөн, Енисей мөрөн, эцэст нь Хойд мөсөн далайд хүрдэг билээ. Үүнтэй адил нутгийн тань уулын бяцхан горхи, эсвэл жижигхэн булгийн ус яван явсаар агуу том мөрөн болж, далайд очих нь бий. Ингээд дэлхийн томоохон гол мөрнүүдийн эх ямар харагддагийг танилцуулж байна.

"Дуслыг хураавал..." - Дэлхийн томоохон гол мөрнүүдийн эх ямар харагддаг вэ?

1 Миссисиппи мөрөн

Канадын 2 муж, АНУ-ын 31 мужаар дайрч 3,730 километр урсаад Мексикийн буланд цутгадаг Миссисиппи нь Хойд Америк тивийн хамгийн том гол билээ. 

Миссисиппигийн эхийг Миннесота мужийн Клируотер гүнлигийн нутагт, далайн түвшнээс дээш 450 метр өндөрт орших Итаска нуур гэж үздэг. Хэдийгээр энэхүү жижигхэн нуурт олон горхи цутгадаг ч орчин үеийн ус зүйн ухаанаар мөрний жинхэнэ эх мөн гэдгийг баталжээ. Тиймдээ ч "Итаска" гэдэг нэр нь латинаар "Жинхэнэ эх" гэх утгатай үгсийн товчлол аж.

Миссисиппи мөрөн

Итаска нуур

Миссисиппи мөрөн

2 Нил мөрөн

Африкийн 11 улсын нутаг дэвсгэрээр дайрч 6853 км урсдаг Нил мөрөн нь дэлхийн хамгийн урт гол билээ. Гэхдээ мөрний жинхэнэ эх хаана байдаг эсэх нь өдийг хүртэл маргаантай байсаар байна. Гол цутгал нь болох Цагаан Нил голоор хөөж үзвэл эх нь алдарт Виктория нуур болж таарна. Гэхдээ "National Geographic" тэргүүтэй газар зүйн төвүүд Виктория нуурт цутгадаг хамгийн урт гол Кагера нь Нил мөрний эх байх ёстой гэж үздэг. Тийм байлаа гэхэд Кагера гол өөрөө олон цутгалтай, олон газраас эх авдаг тул мөн л төвөгтэй асуудал.

Ямартаа ч тэдгээр цутгалуудын хамгийн холоос "ирдэг" Руанда улсын нутагт орших Рукарара хэмээх голын эх булаг дээр Нил мөрний эх гэсэн самбар босгожээ.

Нил мөрөн

3 Ганга мөрөн

Хиндү шашинтнуудын ариун мөрөн Ганга нь Хималайн баруун сугаас эх авч Энэтхэг, Бангладешийн тал нутгаар урсаад Бенгалын буланд цутгана. 

Энэтхэгийн Уттараханд мужийн нутаг, Хималайн нурууны 3892 метрийн өндөрт, мөсөн голын адагт орших "Үхрийн ам" гэх газраас түргэн урсгалтай, цагаан устай Бхагирати хэмээх гол эх авч урсдаг нь Ганга мөрний эх юм. Бхагирати гол нь Девпраяг тосгоны дэргэд Алакнанда голтой нийлэх бөгөөд түүнээс цааш "Ганга" нэртэй болдог байна.

Ганга мөрөн

4 Темз мөрөн

Лондон хотын нэрийн хуудас болсон Темз мөрний эх нь Английн Глостершир мужийн Кембл тосгоны дэргэдэх Темз Хид нэртэй бяцхан булаг юм. Голын эх дээр яшил мод тарьж, чулуун хөшөө босгон тэмдэг тавьжээ.

Хэрвээ танд аз дайрвал ойролцоох довоос булаг ундарч, ус нь урссаар тэрхүү хөшөөний доор цөөрөм үүсгэснийг харж болно. Гэвч жилийн ихэнх үед энэ газар ус байгааг илэрхийлэх ямар ч ул мөр байдаггүй аж. 

Темз мөрөн

5 Дунай мөрөн

Герман, Швейцарийн хилийн ойролцоох Донауэшинген хотоос холгүйхэн Брег, Бригах хэмээх хоёр жижигхэн гол нийлснээр Европт уртаараа хоёрт орох Дунай мөрөн эхэлдэг. Гэхдээ албан ёсоор бол Донауэшингений цайзын дэргэдэх карстын гаралтай булаг нь тус мөрний жинхэнэ эх гэж тооцогдоно. Тэрхүү булгаас эх авсан горхи газар доогуур урссаар "Дунайн сүм" гэдэг дурсгалт газар гарч ирээд  Бригах гол болон урсдаг байна.

Дунай мөрөн

Дунайн сүм

Дунай мөрөн

6 Амазон мөрөн

Ай сав, усны хэмжээ, эзэлхүүн гээд олон зүйлээр дэлхийн хамгийн томд тооцогдох Амазон мөрний хамгийн алс орших эх нь Перу улсын нутаг, Андын нурууны 5597 метр өндөр Невадо Мисми хэмээх уулын мөнх цаснаас урсдаг жижигхэн горхи аж. Энэхүү газар Амазон мөрний эх болохыг тэмдэглэж, модон загалмай хатгасан байдаг. 

Невадо Мисмигийн горхинууд нийлж Апачета голд, Апачета гол нь Рио Апуримак голд, Рио Апуримак нь Укаяали голд цутгах бөгөөд Укаяали гол нь Мараньон голтой нийлж Амазон мөрөн болдог байна. 

Амазон мөрөн

7 Рейн мөрөн

Түүхт Рейн мөрөн нь Швейцарийн Альпийн нуруунаас эх авч Герман, Нидерландын нутгийг дамжаад Хойд тэнгист цутгадаг. Мөрний эхийг уулсын дунд орших цэнгэг устай Тома нуур гэж үздэг. Хэрэв тэрхүү нуурт цутгадаг гол горхийг авч үзвэл мөрний жинхэнэ эх нь хэдэн километрээр цаашилна. Тодруулбал нуураас өмнө зүгт 7.5 км-т байдаг Рено ди Медел нэртэй горхийн эх авдаг газар нь Рейн мөрний жинхэнэ эх болдог байна.

Рейн мөрөн

8 Ижил мөрөн

Хойд хөршийн "үндэсний" гол, Европ тивд уртаараа нэгт орох Ижил буюу Волга мөрөн нь үржил шимтэй тал нутгаар урсаж Каспийн тэнгист цутгана. 

Мөрний эх нь Москвагаас хойшоо, Санкт-Петербург хотоос зүүн өмнө зүгт 320 км-т орших Волговерховье тосгоны ойролцоо, далайн түвшнээс 225 метр өргөгдсөн Валдайн толгодын дунд байдаг. Тэрхүү газар 20-р зууны эхэн үед жижигхэн модон сүм босгожээ.

Ижил мөрөн

Ижил мөрний эх болсон булгийн ус аливаа өвчнийг анагааж, сэтгэлийг ариусгадаг гэлцдэг тул эрт цагаас өдгөөг хүртэл энэ газрыг зорин очигсдын тоо тасрахгүй байна.

9 Шар мөрөн

"Хятадын иргэншлийн өлгий" гэгддэг Шар мөрөн нь 5464 км урттайгаараа Ази тивд гуравдугаарт ордог. БНХАУ-ын судалгаа, нээлтийн хүрээлэнгийн тогтоосноор мөрний эх нь Хөх нуур мужийн Юшу Төвдийн өөртөө засах хошууны нутаг, Баян хар ууланд байдаг аж. 

Шар мөрөн

10 Енисей мөрөн

Сибирийн гурван том мөрний нэг Енисей нь 3487 км урсаад Хойд мөсөн далайн Карын тэнгист цутгадаг. Хэдий мөрний усны гол эх үүсвэрийг Тагнын нуруунаас эх авдаг Их Енисей, Байгаль нуураас эх авдаг Ангар мөрөн өгдөг боловч Хөвсгөл аймгийн нутаг дахь Дархадын хотгорын Мунгарагийн гол нь Енисейн жинхэнэ эх мөн гэдэгтэй олон улсын судлаачид санал нийлдэг. 

Эртний мөсөн голын үлдэц нуураас эхтэй Мунгарагийн гол Шишгэд голд цутгаж, Оросын нутагт ороод Бага Енисей болох бөгөөд улмаар Их Енисейтэй нийлдэг байна.

Енисей мөрөн

Шишгэд гол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()