Ээжийгээ алдсан ядуу энэтхэг эр хувиараа түргэн тусламжинд явж, мянга мянган хүний амийг аварчээ

Энэтхэгийн Баруун Бенгал мужийн иргэн Каримул Хак (Karimul Haque) хэмээх эрэгтэй түргэн тусламжийн тэрэг сайн дураараа ажиллуулдаг аж. Түүнийг энэ ажлаа анх эхлүүлж байх үед засаж янзалсан түргэний мотоциклийг нь хараад түүний хөршүүд дооглон тохуурхаж байв. Гэхдээ түүний сайхан сэтгэлийн ачаар амь аврагдсан хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр хийж буй зүйлийнх талаарх ойлголт өөрчлөгдөж, улс даяар нэр хүнд нь тарж эхлэв.  

Ээжийгээ алдсан ядуу энэтхэг эр хувиараа түргэн тусламжинд явж, мянга мянган хүний амийг аварчээ

Энэ эгэл жирийн Бенгал эрийн түргэн тусламжийн машин олон мянган өвчтөнд шаардлагатай тусламжийг нь үзүүлж чадсан гэнэ. Учир нь түүний амьдардаг тосгоны ойролцоо эмнэлэг байдаггүй бөгөөд хамгийн ойрхон нь 45 километрийн зайд байрладаг. Каримул Хак энэхүү сайн үйлийнхээ төлөө Энэтхэгийн энгийн иргэдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох Падма Шри одонгоор шагнуулжээ.

Каримул 1998 онд ээжийгээ алдсаны дараа хүмүүст тусалж эхэлсэн юм. Хөөрхий эмэгтэй зүрхний шигдээс болсон бөгөөд харамсалтай нь эмнэлэг хол байсан учраас амжиж тусламж авч чадаагүй байна. Тэрээр гэртээ, хүүгийнхээ нүдэн дээр нас баржээ.

Энэ явдлаас хойш Каримул "Ийм эмгэнэлт зүйлийг надаас өөр хэн ч туулах ёсгүй." гэж өөртөө амласан байдаг. Үүнээс төд удалгүй талбайд ажиллаж байхад нь үл таних нэгэн хүн түүний дэргэд ухаан алдан унажээ. Каримул харин эргэлзэх зүйлгүйгээр түүнийг цаг алдалгүй мотоциклдоо суулгаад хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн байна. 

Хүний амийг аварсан явдал нь Каримулд хэмжээлшгүй их урам зориг өгсөн байна. Тэрээр ийнхүү яаралтай тусламж авах шаардлагатай хүмүүсийг мотоциклоороо тээвэрлэж эмнэлэгт хүргэдэг болжээ. Тэр цагаас хойш Каримул Бенгалийн Жалпайгури дүүргийн ойролцоох 20 тосгоны 6000 орчим оршин суугчийг эмнэлэгт хүргэсэн аж.

"Би мотоциклийг мини автобус, түргэний машинаас илүү үр дүнтэй болохыг ойлгосон юм. Хөдөөний зам овор хэмжээ ихтэй машинд зориулагдаагүй учир гол мөрөн үерлэх үед бүр ч манай нутгаар явж чаддаггүй. Ийм нөхцөлд мотоцикл дээр хүн тээвэрлэх нь хамгийн хялбар байдаг." хэмээн Каримул ярьжээ. 

Эхэндээ ойр хавийн хүмүүс нь түүний энэ үйлдлийг тохуурхан тоглоом шоглоом хийж байжээ.  Гэвч удалгүй хамгийн том шүүмжлэгчид нь хүртэл ямар чухал ажил хийж байгааг нь ойлгосон байна. Нутгийн иргэд түүнийг өдгөө "Каримул өвөө" гэж өхөөрдөн дууддаг болсон бөгөөд түүнийг мотоциклтой явж байхад нь "Түргэн тусламжийн Дада" (Бенгал хэлнээс орчуулбал "Дада" нь "ах" гэсэн утгатай) гэх болсон аж.

Кирамулын ар гэрийнхэн нь энэ ажилд нь мөн тусадаг бөгөөд нас бие гүйцсэн 2 хүү нь өвчтөнд анхны тусламж үзүүлэх сургалтанд хамрагджээ. Бусад хамаатан садан нь ч мөн төсөлд нэгдэж нийтдээ 35 хүний ​​бүрэлдэхүүнтэй баг хүртэл бий болсон байна. Каримул сүүлийн хэдэн жилийн турш өвчтөн тээвэрлэхэд тохиромжтой мотоцикль ашиглаж ирсэн байна. 

Одоо тэрээр тосгондоо эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулдаг болжээ. Түүний амьдардаг тосгоны иргэд орлого багатай учраас эмнэлэгт үзүүлэх санхүүгийн бололцоогүй гэнэ. Түүний явуулдаг сургалтын тусламжтайгаар иргэдийн өвчин, зовиурыг бага дээр нь дарж чаддаг болжээ. 

Түүгээр ч барахгүй Каримул саяхан байшингийнхаа нэг хэсгийг эмнэлэг шиг болгож тохижуулжээ. Тэрээр одоо цартахлын үед цахимаар эмч нартай холбогдон нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудал дээр зөвлөгөө авч байгаа гэнэ. Цусан дахь сахрын хэмжээг тогтоох, цусны даралт үзэх гэх мэт үндсэн шинжилгээг тэрээр гэртээ хийдэг бөгөөд яаралтай тохиолдолд анхан шатны тусламж үзүүлдэг аж.

"Би Дадагийн түргэн тусламжийн машиныг 2013 оноос хойш мэддэг болсон. Энэ хүн ажилдаа үнэнчээс гадна бусдад туслахын тулд чадах бүхнээ хийж чадах хүн. Би биечлэн түүнд анхны тусламж үзүүлэх олон арга техникийг зааж, интернетээр холбогдож бусад өвчтөнтэй хэрхэн харьцах талаар зөвлөгөө өгдөг болсон." гэж Жалпайгуригийн ерөнхий мэс засалч, доктор Сүмэн Мондал ярьсан байв. 

Коронавирусын аюулын улмаас орон нутгийн ихэнх хүмүүс гэртээ тусгаарлагдаад байгаа үед Каримул болон түүний хөвгүүд үргэлжлүүлэн ажлаа хийсээр байна. 

Тэд өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэхээс гадна хүмүүст хоол хүнс хүргэж байгаа аж. Гэртээ удаан хугацаанд байснаас болоод хүмүүс орлогогүй болж хүнсээ ч авч дийлэхгүй байгаа учраас шаардлагатай хүмүүст нь тэд гурил, будаагаар тусалж байгаа юм. 

Каримулын ууган хүү Ражу Дадагийн түргэн тусламжийн машиныг мэддэг хүмүүс хандив өгч байгаа хэмээн хэвлэлийнхэнд хуваалцжээ. Тэрээр "Бид эдгээр сайхан сэтгэлтэй хүмүүсээс авсан мөнгөө тусламж хэрэгтэй байгаа тосгоны иргэдийг хоол хүнсээр хангахад зарцуулсан" гэж тайлбарлав.

Каримул Хакийн өнөр өтгөн гэр бүл удам дамжиж ирсэн ургамлын дэлгүүр, мөн Ражаданга тосгонд гэр бүлээрээ ажиллуулдаг гар утас засварын газрынхаа орлогоор өөрсдийгөө тэжээдэг байна. Гэсэн хэдий ч энэхүү энгийн бизнесээс олсон орлогын ихэнх хэсэг нь ядууст зориулсан мотоциклийн түлш, эм худалдан авахад зориулагддаг.

56 насандаа Каримул есөн хүүхдийн "өвөө" болжээ. Тэрээр өөрийгөө "Би хөгширсөн байж болно гэхдээ оюун санаа, бие махбодийн хувьд бол гучин наснаас хэтрээгүй л юм шиг санагддаг. Миний амьдралын хамгийн гол зорилго бол хүмүүст туслах учраас ямар ч чадалгүй болтлоо үүнийгээ хийсээр байх болно." гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()