Бусдын шүүмжлэл, дургүйцлийг үл тоосон дуучин Селин Дионы хайрын түүх

Бүх цаг үеийн хамгийн амжилттай дуучдын нэг Селин Дионыг мэдэхгүй хүн бараг үгүй. Селин Дионы жинхэнэ нэрийг Селин Мари Клодет (Céline Marie Claudette) гэдэг. Тэрбээр Канад улсын Шарлемань хэмээх жижигхэн хотхонд хөгжимчин ээж аавын 14 хүүхдийн хамгийн бага нь болж төржээ. Түүний амьдрал баян чинээлэг байгаагүй ч гэр бүлийнхэн нь бүгд бие биедээ хайртай бас урлагт дуртай хүмүүс байв. Селин Дионы үсрэнгүй амжилтыг түүний продюссер Рене Анжелилтай холбодог боловч тэдний хайрын түүхийг тийм ч олон хүн мэддэггүй юм. 

Бусдын шүүмжлэл, дургүйцлийг үл тоосон дуучин Селин Дионы хайрын түүх

Дуучин эмэгтэйг дөнгөж 12 настай байхад түүний ах Мишель Дондалинг сайхан хоолойг нь анзаарчээ. Тиймээс ах нь хөгжмийн продюсер Рене Анжелилд хандаж дүүгийнхээ анхны дууг бичүүлэхээр шийдсэн байна.

38 настай продюсер өмнө нь авьяастай, авьяасгүй олон мянган дуучдын бичлэгийг сонсож байсан бөгөөд олон хүнийг хэдийнээ од болгоод амжсан уран бүтээлч байв. Харин бяцхан Селин Дионий хоолой шууд л түүний анхаарлыг татсан байна. Рене Анжелил авьяаслаг охиныг тэр даруй Кебект сонгон шалгаруулалтад урьсан аж. Селин амьдаар дуулж үзүүлэх үед Анжелил хэлэх үгээ олж ядан гайхширч байсан гэдэг. Селин Дион тухайн үед продюсерын нүдэнд нулимс цийлэгнэхийг хараад өөрийгөө сайн дуулдаг юм байна гэж бодож байсан тухайгаа хожим хэвлэлийнхэнд хуваалцаж байсан юм.

Анжелил үнэхээр "эрдэнэ" олсон гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй аж. Харамсалтай нь 1981 онд Дионы анхны цомог болох La Voix du Bon Dieu-г гаргах нэг ч дуу бичлэгийн студи олдоогүй гэнэ. Учир нь тухайн үед олонд танигдаагүй шинэ уран бүтээлчийг дэмжих хандлага буураад байжээ.

Гэвч Анжелил шантарсангүй. Тэрээр залуу дуучны ирээдүйд үнэхээр итгэлтэй байжээ. Түүнд цомог бие дааж гаргах хөрөнгө байгаагүй учраас үл хөдлөхөө барьцаалсан байна. Ийнхүү мөнгөтэй болсон тэрээр Дионы цомгийг гаргаад зогсохгүй Канад, Европ, Японд аялан тоглолт хийжээ. Тухайн үед насанд хүрээгүй байсан тул ээж нь Дионыг дагалдаж явсан аж. Анжелилын хувьд өөрийн олсон эрдэнээ жинхэнэ од болгохын тулд чадах бүхнээ хийсэн юм. 

Селин 17 нас хүрээд Анжелилыг өөр нүдээр харж эхэлжээ. Эхэндээ Дион эцэг эхээсээ айж байсан ч цагийн эрхээр үнэхээр Анжелилд дурласан гэдгээ бүрэн дүүрэн ойлгосон бөгөөд 19 настайдаа түүнтэй үерхэж эхэлсэн байна. 

Эхэндээ 26 насны зөрүүтэй жаахан охинтой учир ургуулахаас эмээж байсан Анжелил харилцаагаа олон нийтээс нуухаар шийджээ. Эцэст нь бүх зүйлийг ил болгох шийдвэрийг Селин Дион гаргасан аж. 

Мэдээж хэрэг охины ар гэрийнхэн, тэр дундаа ээж нь энэ харилцааг дэмжээгүй юм. Эхлээд тэрээр охиноо Анжелилаас салгахын тулд чадах бүхнээ хийжээ. Харин Селин тэр бүгдийг тоолгүйгээр өөрийн хайртай хүнээс салаагүй үлдэж чадсан юм. Энэ зуур гэр бүлийн бусад гишүүд нь Анжелилыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эцэст нь ээж нь хүртэл шинэ хүргэнээ хүлээж авав. Хожим хосууд 1994 оны 12-р сарын 17-нд Монреалийн Notre Dame Basilica цогчин дуганд тансаг хурим хийжээ. 

Селин Дион олон жилийн дараа энэ харилцаагаа хэн хэн нь нэгнээ хүндэлдэг, нэг зорилготой байсан учраас үнэхээр аз жаргалтай амьдарч чадсан хэмээн дурссан байдаг. 

4 жилийн дараа хосууд анхны том сорилттойгоо тулав. Анжелил улаан хоолойны хорт хавдартай болох нь тогтоогджээ. Тиймээс Селин карьераа түр хойш тавьж, эр нөхрөө асрахаар шийдсэн байна. Маш хүнд хэцүү цаг хугацааг өнгөрөөсний дараа 2000 онд Анжелил эдгэрсэн аж. 

Үүнээс гадна Селин олон жилийн турш хичээсэн ч хүүхэдтэй болж чадаагүй учраас хосуудын харилцаа хөндийрөөд байсан юм. Гэвч эцэст нь тэрээр 2001 онд Рене-Чарльзаа, 9 жилийн дараа 2 ихэр Нельсон ба Эдди нараа төрүүлжээ. 

Гэвч бага хүүхдүүд нь дөнгөж 3 настай байхад нь Анжелил дахин хорт хавдартай хэмээн оношлогдов. Селин дахин өөрийн бүх хүч чадлаа нөхрөө асрахад зориулахаар шийдсэн байна. 2 жилийн дараа буюу 2015 онд тэрээр дахин урлагийн ертөнцөд эргэн эрсэн боловч нөхрөө үүнийхээ хажуугаар асарсаар л байсан гэнэ. 

Анжелил удаан амьдрахгүй гэдгээ ойлгосон бөгөөд эхнэрээсээ эцсийн мөч хүртэл нь хамтдаа байхыг гуйжээ. Селин 2016 оны 1-р сард хайртай нөхрөө нас барахад хамт байж, түүнийг сүүлчийн амьсгалаа хураахад толгойг нь түшиж, Анжелилыг эцсийн замд нь үдсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()