Зарим үед энэ хоёр урсгал мөргөлддөг байсан ч 1000-аад жилийн хугацаанд хоорондоо эв найрамдалтай амьдарч иржээ. Гэтэл XX зуунаас эхлэн ойрхи дорнодод энэ хоёр урсгалын хэн нь ноёлох вэ гэсэн өрсөлдөөн улам ширүүсэж эхэлсэн юм.
Сунни болон Шиа урсгал хуваагдах үндэс МЭ 632 онд Мухаммед нас барсны дараахан буюу 7-р зуунаас эхлэлтэй. Мухаммедын ихэнх дагалдагчид Исламын шашны дараагийн удирдагчийг нөлөө бүхий хүмүүсийн саналаар сонгох ёстой гэж үзсэн байна. Харин илүү цөөн тооны хүмүүс Мухаммедын гэр бүлээс залгамжлагчийг нь сонгох ёстой гэж мэдэгдэж, байр сууриндаа хатуу зогсжээ. Үүний дагуу Мухаммедын үеэл, хүргэн Али сонгогдсон байна. Тиймээс Алиг дэмжигчдийг Араб хэлээр "Алигийн дагалдагчид" буюу "Шиат Али" хэмээн нэрлэсэн юм. Хожим нь энэхүү нэршлийг богиносгож зүгээр л Шиа болгожээ.
Мухаммед нуган үргүйгээр нас барсан бөгөөд залгамжлагчаа тодруулаагүй нь энэ бүхний эхлэл болсон юм. Тэрээр нас барах үедээ Арабын бүх овог аймгуудыг нэгтгэж, Исламын шашнаар дамжуулан нэг үндэстэн болгоод байсан ч хэн түүнийг залгамжлах вэ гэдэг маш тодорхойгүй байсны нөлөөгөөр "хагаралдаж" эхэлсэн байна.
Эцэст нь суннитууд (сунна буюу уламжлалаа дагагч гэсэн утгатай) олонх болсноороо ялж, Мухаммедын дотны найз Абу Бакрыг Исламын анхны халиф буюу удирдагч болов. Али эцэст нь дөрөв дэх халиф болсон юм. Мэдээж дөрөв дэх гэхээр түүний өмнөх гурван Халиф амиа алдсаны дараа л Али сонгогдсон хэрэг.
Али өөрөө 661 онд суннитүүд болон шиитүүдийн хоорондох дайнаас үүдэн амиа алджээ. Халиф болсон хүн бараг хаанаас илүү эрх мэдэл, эд баялгийн эзэн болох учраас үүний төлөөх тэмцэл өнөөг хүртэл үргэлжилж байгаа гэж болно. Мөн Мухаммед нас барснаас хойш нэг зууны дотор түүний дагалдагчид Төв Азиас Испани хүртэл үргэлжилсэн эзэнт гүрэн байгуулсан билээ.
681 онд Алигийн хүү Хуссейн 72 дагалдагч, гэр бүлийн гишүүдийн хамт их цэрэг хөлөглөн Карбала (одоогийн Ирак) дахь Уммаядын угсааны халиф Язидтай тулалдсан юм. Суннитын асар том арми тэднийг хүлээж байсан бөгөөд 10 хоногийн турш янз бүрийн жижиг тэмцэл хийсний эцэст Хуссейн амиа алдсан. Түүний толгойг нь суннит халиф Язидад хүргэж өгчээ.
Уммаядчууд буюу Сунни урсгалын дагалдагчид Мухаммедын удмыг ийнхүү тасалж тэдний Халиф болох мэдээллийг үүгээр эцэслэхийг хүссэн юм. Гэхдээ харамсалтай нь ийм зүйл болоогүй. Үүний оронд Хуссейн Карбалад амиа алдсан нь шийтүүдийн хувьд бараг хамгийн чухал үйл явдал болсон юм. Хуссейны нас барсан өдрийг Шиа хуанли дээр Ашура хэмээн тэмдэглэдэг.
XX зууны эцэс гэхэд суннит-шиа нарын харилцаа хурцдах гурван үйл явдал болсон юм. Анх XVI зуунд Сафави гүрэн гарч ирснээр Иран улс суннитуудын Ойрхи Дорнод дахь төв болж хувирсан байна. Харин XX зууны эхэн үед ялалт байгуулсан холбоотнууд Дэлхийн I дайны дараа хуучин Османы эзэнт гүрний эзэмшилд байсан газар нутгийг хуваасан юм. Гэвч тэд үүний явцад олон зууны турш өөр хоорондоо хамааралтай байсан шашин, угсаатны бүлгүүдийг тасалсан юм. Эцэст нь 1979 онд Иран дахь Исламын хувьсгалын нөлөөгөөр шиа урсгалынхан төрийн эрхэнд гарсан бөгөөд тэд Саудын Араб зэрэг сунни голлосон орнуудын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж эхэлсэн байна.
Исламын ертөнцөд тэр цагаас хойш улс төрийн хурц асуудлууд улам бүр нэмэгдэж, шашны хэт даварсан үзэлтнүүд илүү хүчирхэг болж байгаа нь XXI зууны эхэн үед, ялангуяа Персийн булангийн хоёр дайнаас үүдэлтэй үймээн самуун, АНУ-ын дэмжлэгтэйгээр Саддам Хуссейнийг түлхэн унагасан зэрэг эмх замбараагүй байдалтай шууд холбоотой.
Суннит-шиа нарын хуваагдал нь Сирид удаан үргэлжилсэн иргэний дайн, Ливан, Иран, Ирак, Йемен зэрэг орнууд дахь тэмцлийн эх сурвалж юм. Эдгээр мөргөлдөөний ихэнх хэсэг нь газрын тосоор баялаг Сунни Саудын Араб, Шиа Ираны хооронд үргэлжилж буй хүйтэн дайн гэж ойлгож болно. Тэд дээрх орнууд дахь дайтаж буй талуудыг санхүүжүүлж ойрхи дорнодод нөлөөгөө тогтоохыг хүсч байгаа юм.
XX зуунаас өмнө Сунни, Шиа гэсэн хоёр урсгал олон зууны турш харьцангуй тайван замаар зэрэгцэн оршиж байсан нь тэдний орчин үеийн тэмцэл нь шашин шүтлэг гэхээсээ илүүтэй эд баялаг, эрх мэдэлтэй холбоотой болохыг харуулж байна.