Ихэвчлэн 60-аас дээш насны хүмүүс "Кодокүши" болдог. Эдгээр хүмүүс найз нөхөдгүй, гэр бүлтэйгээ харьцахаа больсон аль эсвэл огт гэр бүлгүй байх нь элбэг.
Хуучин цагт Япончууд нэг гэрт олуулаа амьдардаг байсан учир аль эртнээс л биеэ дааж тусдаа гарахыг хүсдэг байсан гэнэ.
Үүний хажуугаар ихэнх хүмүүсийн хувьд зөвхөн хамтран ажиллагсадтайгаа л харьцдаг байгаад тэтгэвэрт гарсны дараа гадаад ертөнцөөс холбоо тасрах нь элбэг байдаг.
Мөн орчин үеийн нийгэмд гэр бүлээсээ хол ажиллах тохиолдол их болсон. Ийнхүү гэр бүлээсээ хол удаан амьдарсны нөлөөгөөр салах, нэг нэгнээ мартах нь түгээмэл үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Олон жилийн турш эхнэр, нөхөр, аав, ээжээсээ хол байсан хүүхдүүд нь мөн тэднийг санагалзахаа больдог.
Тэтгэврийн насны хүмүүс хүүхдүүдтэйгээ бараг харьцахаа больдгийн дээр огт гэр бүл зохиох төлөвлөгөөгүй иргэдийн тоо мөн нэмэгдсээр байгаа учраас хөрш юм уу байрны эзэн нь оршуулах ёслолд нь оролцдог байна.
Жишээлбэл, хэдэн жилийн өмнө 85 настай эрэгтэй гэртээ нас баржээ. Банк түүний байрны түрээс зэрэг урсгал зардлын төлбөрийг тэтгэврээс нь бодож төлдөг байсны дээр хамаатан садан нь түүнтэй холбоо тогтоох гэж оролдоогүй учраас нас барсан гэдгийг нь хэн ч мэдээгүй аж. Эцэст нь хөрш нь хөөрхий эрийн гэрээс эвгүй үнэр гарч байгааг сэжиглээд цагдаад мэдэгдсэн байна.
Мөн Сайтама мужид хамт амьдардаг гурван хөгшин эр бараг зэрэг шахуу нас барсан гэнэ. Олон сарын турш хэн ч тэднийг үгүйлээгүй бөгөөд байрны мөнгөө төлөөгүй удсан учраас л цагдаа гэрт нь ирэхдээ цогцсыг олжээ.
Ингэж нас барсан хүмүүсийн гэрийг цэвэрлэдэг тусгай үйлчилгээний байгууллага бий. Тэднийг ирэхээс өмнө цагдаа нар талийгаачийн цогцсыг авч явдаг.
Удаан хугацааны дараа гэр орон нь хорхой шавж, тоос шороонд "баригдсан" байх нь мэдээж. Хамгийн гол нь муудсан цогцосны үнэр хаа сайгүй тархдаг тул талийгаачдын байрыг цэвэрлэх хамгийн хэцүү байдаг гэнэ. Мөн японы орон сууцнууд жижиг хэмжээтэй байдаг учраас бүх зүйл шамбааралдсан байх нь бүр ч хэцүү.
Цагдаа нар гэрээслэл байгаа эсэхийг шалгаж үзээд өндөр үнэ хүрэх зүйлсийг нь ойрын хамаатнууд руу нь явуулдаг. Дараа нь гэрт байгаа бүх зүйлийг шууд хаяна. Эцэст нь тухайн орон сууцыг шинэ болтол нь угааж цэвэрлэдэг гэнэ.
Хэрвээ хамаатан эсвэл ойр дотны хүмүүс байхгүй бол оршуулах ёслолыг орон нутгийн захиргаа хариуцдаг. Мөн цэвэрлэгээний ажилчид болоод орон сууцны эзэд нь хойдохыг нь уншдаг.
Кодокүши байдлаар өөд болсон хүмүүсийн цогцос задрахад үлдсэн ул мөр хамгийн том хүндрэл гаргадаг байна. Ялангуяа модон шалан дээр талийгаачийн хэвтэж байсан хэлбэрээр айдас хүргэм толбо үлдэх нь түгээмэл бөгөөд хүчтэй химийн бодис ашиглаад ч арилгаж чаддаггүй аж.
Цогцос удсан байх тусам задралын явцад ялгарсан биеийн шингэн, өөх тос гэх мэтийн органик үлдэгдлүүд шал, хивсэнд гүн нэвчиж солихоос нааш арилахгүй болдог.
"Үхлийн толбо" гэгддэг энэхүү ул мөр үлдсэн байшингийн үнэ мэдээж асар буурдаг ч худалдаж авах хүн бараг олдохгүй.
Кодокүши болсон хүмүүс энэ хорвоод оршин байсан гэх ул мөр айдас хүргэм толбоноос өөр үлддэггүй нь харамсалтай.