2018 оны 8-р сарын 10-ы өдөр Ричард Рассел 76 хүний суудалтай зорчигч тээврийн Bombardier Q400 онгоцыг хулгайлж агаарт хөөрсөн юм. Тэрээр нисгэгчийн үнэмлэх эзэмших нь битгий хэл, энэ насандаа онгоц жолоодож үзээгүй нэгэн байжээ. Гэвч гайхмаар нь тэрээр онгоц хулгайлсныхаа дараа бараг мэргэжлийн хүнээс дутахааргүй нисэж байв. Тэр ч байтугай Ричард агаарт бүтэн эргэлдэх, нам өндөрт, хэвтээ чиглэлд нисэх гэх мэт маневруудыг гүйцэтгэн, "зугаацаж" байжээ.
Зөвшөөрөлгүй агаарт хөөрсөн онгоцны хойноос АНУ-ын агаарын хүчний хоёр F-15 онгоц хөөрсөн юм. Тэд Ричардыг газарт буухыг шаардсан боловч тэрээр зөрүүдлэн цааш ниссээр байв. Бүтэн цаг гаруй хугацаа өнгөрсний дараа Ричард нисэх буудлаас 40 км-ийн зайтай хүн бараг байдаггүй Кетрон Арал хэмээх газарт онгоцтойгоо сүйрч нас барсан юм.
Сөнөөгч онгоцнууд Ричард руу гал нээгээгүйн дээр ослоос болж өөр хэн нэгэн бэртээгүй хэмээн Холбооны мөрдөх товчооноос олон нийтэд мэдээлсэн байна. Энэ явдлыг 2001 оны 9-р сарын 11-ий халдлагатай адил хэрэг байж болзошгүй хэмээн тус товчооноос мөрдлөг явуулсан боловч үүнийг амиа золиослох бус, амиа хорлосон үйлдэл хэмээн үзжээ.
Сэтгэцийн хувьд асуудалтай зарим хүмүүс ийм аргаар өөртөө болон өрөөл бусдад хор хүргэхийг завддаг байна. Харин Ричард тийм зорилготой байгаагүй нь тодорхой байв. Ричард Рассел хэрэг гарах үед 28 настай байжээ. Тэрээр эхнэр Ханнатайгаа 2012 танилцсан бөгөөд хамтдаа даруулсан зураг бүр дээрээ жаргалтай харагдаж байв. Тухайн үед Ричард нисэх онгоцны буудалд ажиллангаа оройн цагаар сургуульд сурдаг байсан гэнэ. Тэрээр хэдийгээр дуу цөөтэй хүн байсан ч эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа сайтай байсан гэж Ричардын ойр дотны хүмүүс баталсан байдаг.
Нисэх буудлын удирдлагын төвөөс Ричардтай онгоцоор нисэж байхад нь холбогдож удтал ярьсан байдаг. Тэрхүү бичлэгээс сонсоход Ричард огтхон ч гунигласан шинжгүй, инээж бүр онигоо ярьж байсан аж. Тэрээр мөн өөрийнх нь үйлдлээс болж гэр бүлийнхэн нь болоод ажлын хүмүүс нь асуудалд орно гэдэгт харамсаж байгаагаа илэрхийлсэн байлаа.
Ойролцоо байдаг цэргийн нисэх хүчний баазад газардахыг төвөөс хүсэхэд Ричард "Тэндхийн залуус намайг газардахыг оролдвол буудчихаж магадгүй шүү дээ" хэмээн татгалзжээ. Эцэст нь төвийнхөн аргаа барж, хэрвээ газардвал түүнийг үнэхээр нисгэгч болгоё хэмээн гуйжээ. "Үгүй дээ, би цагаан арьстан юм чинь намайг болгохгүй" гэж тэрээр хариулсан аж.
Үүний зэрэгцээ тэрээр өөрийгөө "зүгээр л шархалсан хүн" гэж дурдсан бөгөөд өөрийнх нь тэнэглэлээс болж гэмгүй хүмүүс битгий хохироосой гэж хүссэн байна. Энэ мөч хүртэл гэр бүлийнхэн нь Ричардыг сэтгэцийн хямралд орсон гэдгийг огт таамаглаагүй байсан аж.
Ярианы явцад Ричард өмнө нь огт онгоц нисгэх сургалтанд сууж байгаагүй, харин цахим тоглоомын тусламжтай ингэж сурсан хэмээсэн байна. Үнэхээр жинхэнэ онгоц шиг удирдлагатай цахим тоглоомууд байдаг хэдий ч ийм хэмжээнд хүртэл хүнийг бэлдэх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.
Ричардын дураараа нисэж, үзүүлбэр үзүүлж буй бичлэгүүдээс гадна нислэгийн удирдлагатай ярьж байгаа бичлэг нь цахим орчинд тарсан бөгөөд санаанд оромгүй байдлаар амиа хорлосон ч эцсийн мөч хүртлээ цоглог байсан эрийн түүх хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Тиймээс цахим хэрэглэгчид түүнд "Тэнгэрийн Хаан" (Sky King) хэмээх хоч өгсөн байв.
Мөн хайртай хүн чинь гаднаа хичнээн хэвийн харагдавч дотроо юу ч үзэж туулж байж магадгүй тул санаа тавих хэрэгтэйг Ричардын түүх хүмүүст сануулсан юм.