Эйнштейнийг нас барсны дараа түүний тархинд юу тохиолдсон бэ?

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу эрдэмтдийн нэг Альберт Эйнштейн (Albert Einstein) 1955 оны 4-р сарын 18-нд АНУ-ын Нью-Жерси мужийн Принстонд таалал төгссөн юм. Тэрээр гэрээслэлдээ өөрийнхөө биеийг олон нийтэд мэдэгдэлгүйгээр даруухан оршуулах ёслол хийхийг хүссэний дагуу шарилыг нь чандарлаж, ердөө 12 хүн оролцсон оршуулгын үеэр түүний үнсийг салхинд хийсгэн цацсан байдаг. Гэхдээ түүнийг биеийн хамгийн чухал хэсэг буюу тархийг нь судлах зорилгоор формальдегидтай саванд хийж хадгалж үлдсэн юм. 

Эйнштейнийг нас барсны дараа түүний тархинд юу тохиолдсон бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Принстоны их сургуулийн эмгэг судлаач Томас Харви түүний цогцост задлан шинжилгээ хийсэн байна. Тэрбээр суут эрдэмтний тархийг нарийвчлан шинжлэхээр гавлаас нь салгажээ. Үүний дараа Харви Эйнштейний тархийг формальдегидтай саванд хадгалахаар шийдсэн байна.

Тэрээр тархины зургийг байж болох бүх өнцгөөс нь авсаныхаа дараа 240 хэсэгт хуваан хадгалсан аж. 

Хачирхалтай нь хожим тэрээр их эрдэмтний тархийг хулгайлсан болж таарчээ. Эйнштейний гэр бүл тархийг нь буцааж өгөхийг шаардсан ч Томас татгалзсан хариу өгч тас гүрийсэн байна. Үүний дараа түүний амьдралд маш олон төвөгтэй асуудал үүсэж, эхнэр нь салах өргөдлөө өгсөний дээр Томас ажлаа хүртэл алджээ. Эцэст нь тэрээр үлдсэн амьдралынхаа туршид үйлдвэрийн ажилчин хийсэн байдаг. Тэрээр сүүлд маргаантай хэргийн талаар нэгэн баримтат кинонд ам нээн ярьсан юм. Тус кинонд Томас Харви эцгийнх нь тархийг судлах зөвшөөрлийг эрдэмтний хүү Ханс Альбертаас авсан гэж тайлбарласан ч үүнийг Эйнштейний гэр бүл үгүйсгэдэг. 

Энэ явдлаас олон жилийн дараа Калифорнийн их сургуулийн Мариан Даймонд гэх эрдэмтэн Харвигаас их эрдэмтний тархинаас зүсэж авсан дөрвөн өөр дээж хүссэн байна. Үүний дагуу Харви түүнд дээжийг нь өгсөн аж. 

Ийнхүү Эйнштейний тархийг анх удаа 1984 онд буюу нас барснаас нь 29 жилийн дараа албан ёсоор судалж эхэлсэн юм. Марианы удирдсан баг өөрсдийн судалгаагаа Experimental Neurology хэмээх сэтгүүлд хэвлүүлсэн байна. 

Тус эрдэмтдийн багийн хийсэн дүгнэлтээр Эйнштейний мэдрэлийн эсийн тоо энгийн хүнтэй харьцуулахад хамаагүй өндөр гарчээ. 

Гэхдээ тус судалгааг маш олон хүмүүс эсэргүүцэж байсан юм. Учир нь тархины харьцуулалт хийсэн хүмүүсийн тоо дэндүү бага буюу ердөө 11 байсны дээр тэд Эйнштейнийг нас барах үеийнхээс хамаагүй залуу байсан гэнэ.

Мариан Даймонд дээрх шүүмжлэлийг хүлээж авсан бөгөөд 15 жилийн дараа илүү нарийвчлалтай үр дүнд хүрэх үүднээс дахин өөр судалгаа явуулжээ. Тэрээр гарсан үр дүнг нь "The Lancet" шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна. 

Шинэ туршилтад дунджаар 57 орчим насны хүмүүсийг хамруулсан аж. Судлаачид уг туршилтын дагуу энгийн хүмүүсийн математикийн чадварыг хариуцдаг тархины хэсгүүдийг Эйнштейнийхтэй харьцуулсан байна. Их эрдэмтний тархи энэ тал дээр дундаж хүмүүсийнхээс 15 хувиар том байжээ. 

Үүний зэрэгцээ 1996 онд өөр нэг харьцуулалт хийсэн байна. Энгийн хүний тархи 1400 гр жинтэй байдаг бол Эйнштейний тархи ердөө 1250 гр  жинтэй байжээ. Гэхдээ Эйнштейний тархины нягтрал дундаж хүнийхээс 2 дахин илүү байсан гэнэ. Үүний үр дүнд мэдрэлийн судлууд илүү сайн холбогдож, сэтгэн бодох чадвар хэд дахин сайжирсан аж. 

Харви нас барах хүртлээ Эйнштейний гэрэл зургууд болон тархийг өөртөө хадгалж байжээ. Тэрээр 2007 онд таалал төгссөн бөгөөд үүний дараа гэр бүлийнхэн нь дээрх бүгдийг нь Силвер Спрингс дэх Эрүүл мэнд, Анагаах ухааны үндэсний музейд хандивлажээ. Харви Эйнштейний тархийг судлах чиглэлээр бусад эрдэмтэдтэй хамтарч ажилласан гэдэг байсан ч үүнийг батлах бичиг баримтууд олдоогүй юм. 

Хожим нь 2012 онд антропологич Дин Фальк Эйнштейний тархины гэрэл зургуудыг судалсан юм. Тэрээр их эрдэмтэний тархи солгой хөгжимчин шиг хөгжсөн байгааг тогтоосон байна. Үнэхээр ч Эйнштейн солгой гараараа хийл тоглодог байсан билээ. 

Тэрээр мөн Эйнштейний тархины урд хэсэг нь маш том байгааг тогтоожээ. Энэ хэсэг нь ой тогтоолт болоод төлөвлөх чадварыг хариуцдаг аж. Үүний нөлөөгөөр эрдэмтний зүүн баруун тархины хэсгүүд мэдээллээ илүү солилцдог байсан байж ч болох юм. 

Харин Нью Йоркийн их сургуулийн сэтгэл судлаач Теренс Хайнс энэ бүх судалгааг дэмий цаг үрсэн зүйл гэж үздэг. Түүнийхээр бол хүн бүрийн тархи өөр өөр бүтэцтэй байдаг тул агуу эрдэмтэнтэй яг ижил өгөгдөлтэй өөр хүн олсон ч гэсэн Эйнштейн шиг суут ухаантан болох боломжтой гэсэн үг биш аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()