Судлаачид тус эртний хотод Мохенжо-Даро хэмээх нэр өгсөн нь Энэтхэг-Европ хэлээр "Үхлийн толгод" гэсэн утгатай. Гэвч эндэхийн иргэд юунаас болж амиа алдсаныг бүрэн гүйцэт тодорхойлж чадаагүй хэвээр байна.
Археологчдын үзэж байгаагаар Мохенжо-Даро хот нь Хараппагийн соёл иргэншлийн засаг захиргааны төв байсан бололтой. Нийт 5 км2 хэмжээтэй тус хотын талбайг тэнцүү хэмжээтэй дөрвөлжин гудамжуудад хуваасан байдаг. Хотын төв хэсэг нь бусдаасаа илүү том хэмжээтэй. Тэнд хоёр том үр тарианы агуулах болон хурлын 2 том заал байжээ.
Ийм эртний хот нь усан хангамж, бохирын систем, тэр байтугай нийтийн бие засах газартай (дэлхийн хамгийн эртний байж магадгүй) байсанд эрдэмтэд өнөөг хүртэл гайхширсаар байгаа юм.
Бараг бүх байшин угаалгын өрөөтэй бөгөөд барилгуудад борооны ус зайлуулах хоолой хүртэл суулгажээ.
Археологчид эртний аяга таваг, жин хэмжигч, тамга, амьтан хүмүүсийг элэглэн дүрсэлсэн олон тооны баримал олжээ. Тэдгээрийн зарим дээрх эртний бичээсүүд нь одоо ч тод харагдаж байна.
Барилгуудын тоо болон хэмжээнээс харвал энд 40-50 мянган хүн амьдардаг байсан болж таарч байгаа юм. Гэвч эрдэмтэд эндээс нэг ч хүний болоод амьтны шарил олоогүй байна. Тэр бүү хэл оршуулгын газар хүртэл байгаагүй нь тун хачирхалтай байв.
Гэхдээ эндэхийн соёл иргэншил аажмаар устаж, хүмүүс нь бүгд дүрвэж явсныг батлах нотолгоо бас байсангүй. Зэр зэвсэг, олон мянган хүний овоорсон шарил зэрэг байгаагүй учраас тус хот руу гадны цэргүүд дайрсан гэдэг таамаг худлаа болжээ.
Харин хотын гадна талаас археологчид маш олон шарил олсон байна. Жишээлбэл, нэг байшинд гэр бүл бололтой хүмүүсийн шарил байсан бөгөөд тэдний бүх гоёл чимэглэлд хэн ч гар хүрээгүй байжээ. Эндээс үзвэл тэдэн рүү гадны хүмүүс халдаагүй нь илт. Гэхдээ хотын төв хэсгээс амьтны яс ч олдоогүй аж. Эндээс үзвэл хотын иргэд зүгээр л агаарт ууссан мэт алга болсон байна.
Энэ хотод 900 гаруй жилийн турш хүмүүс амьдарсан ч ийнхүү хоосорсон учрыг хэн тайлж чадаагүй. Гэхдээ хэд хэдэн таамаг гарч ирснийг та бүхэнд хүргэе.
Их үер
Археологийн судалгаагаар батлагдсан энэхүү таамаглалын дагуу тус хотын ойролцоо орших Инд мөрөн газар хөдлөлтөөс үүдэн үерт автдаг байв. Мохенжо-Дарогийн малтлагын үеэр олдсон шаварлаг давхаргууд, мөн эртний оршин суугчдын барьсан далангийн үлдэгдэл зэрэг нь хотын оршин суугчид үерийн эсрэг аль чадахаараа сайн арга хэмжээ авч байсан бөгөөд байгалийн гамшгийн дараа хотыг нэг бус удаа сэргээн босгосон болохыг харуулж байна. Гэвч эцэст нь маш хүчтэй нэг үер болоход бүх иргэд нь урсаж, эсвэл живж үхсэн байх магадлалтай юм.
Хөрсний гулгалт
Энэ хувилбар нь газар хөдлөлттэй холбоотой. Инд мөрний ус асар их хэмжээний хөрс болон элстэй холилдон ирсэн байх боломжтой. Түүнийг хотын далангууд дийлж чадалгүй эвдэрч, иргэд нь давалгаалан ирсэн элс, шаварт булагдсан байж болно. Гэхдээ ийм зүйл үнэхээр тохиолдсон бол хотын иргэдийн шарил малтлагын үед гарч ирэх ёстой.
Аянга цахилгаан
Хотын төв хэсгээс маш олон хайлсан тоосго олдсон бөгөөд тэдгээр нь дор хаяж 2000 градусын температурт шатсан байв.
1987 онд Зөвлөлтийн "Вокруг Света" сэтгүүлд химийн шинжлэх ухааны эрдэмтэн М.Дмитриевын нэгэн таамаг хэвлэгдсэн байдаг. Түүний үзсэнээр тус хотод "хар аянга" буюу хэд хэдэн удаагийн давтамжтай аянга буусан байх магадлалтай аж. Энэхүү таамгийн дагуу 2500 жилийн өмнө тектоник хавтангууд мөргөлдөж дэлхийн гадаргуу болоод агаар мандлын хооронд хүчтэй цахилгаан соронзон орон үүссэн гэнэ. Соронзон орны нөлөөгөөр аюулт аянга газрын хөрсөн дээр буусан байна.
Ийм онц ноцтой байгалийн үзэгдлийн талаар эртний Хятад, Египет, Ойрхи Дорнод, Шотландын ард түмнүүдийн эртний домог, бичээсүүд өгүүлдэг.
Цөмийн дэлбэрэлт
Д.Давенпорт, Э.Винчетти судлаачдын тайлбарласнаар 3700 орчим жилийн өмнө энэ газарт хүчтэй цөмийн дэлбэрэлт болсон байх магадлалтай гэнэ. Сүйдсэн барилгуудыг судалж үзээд тэд дэлбэрэлтийн голомт (диаметр нь 50 м орчим) хотдын төвд байгааг олж тогтоосон байна. Үүний нөлөөгөөр хотын иргэд үнсэн товорго болж, харин захад байсан хүмүүсийн шарил нь үлдсэн байх боломжтой гэнэ. Орчин үеийн цөмийн туршилтын талбайнуудаас олддог эрдэс бодис (тектит) болон бүрхүүлтэй элсний давхарга дэлбэрэлтийн голомт гэх газар дээр байсан нь уг таамгийг батлах бас нэг шалтгаан болжээ.
Сүүлт од эсвэл солир унасан
Дэлбэрэлтийн голомт байгаагаас үзвэл Мохенжо-Дарод солир унасан гэдэг хувилбар харьцангуй үнэмшилтэй санагдаж байгаа биз? Гэсэн хэдий ч тус нутаг дэвсгэр дээрээс солирын тогоо болохоор газрын тогтоц олдоогүй юм.