Казахстанчууд 2026 он хүртэл өдөр бүр нэг сая мод тарих нүсэр төслийг эхлүүлжээ

Далайн хог хаягдал, хөрсний доройтол, ундны усны хомсдол гээд хүн төрөлхтний буруутай олон үйл ажиллагаанаас болж манай гараг сөрөг ирээдүй рүү "уруудсаар" байгаа тул дэлхийн улс орнууд чадах чинээгээрээ байгалиа хайрлаж эхэлсэн байна. Үүний нэгэн жишээ нь Казахстан улс 2026 он гэхэд хоёр тэрбум мод тарих төлөвлөгөө гаргажээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд тэд таван жилийн турш өдөр бүр нэг сая мод тарих шаардлагатай болно. Ингэхэд тэдэнд энэ нүсэр төслийг хэрэгжүүлэх боломж үнэхээр бий болов уу?

Казахстанчууд 2026 он хүртэл өдөр бүр нэг сая мод тарих нүсэр төслийг эхлүүлжээ

Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев 2020 оны 9-р сард Казахстаны засгийн газар улсаа "ногооруулж" эхлэх хэрэгтэйг мэдэгдсэн. Үүний тулд төрийн тэргүүн 2025 оны эцэс гэхэд хоёр тэрбум мод тарихыг зарлигджээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг тус улсын Байгаль орчны яам болон бүс нутгийн засаг захиргаанд даалгасан юм. 

Төслийн хүрээнд нийтдээ хоёр тэрбум мод тарих бөгөөд зөвхөн хавар, намрын улиралд мод суулгахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр ажилчдын ачааллыг ихээхэн нэмэгдүүлж байгаа юм. Өвөл зуны саруудыг хассанаар ажлын өдөрт нэг сая биш, харин хоёр сая гаруй мод тарих шаардлагатай болно

Ажлын эхний хэсгийг энэ хавар эхлүүлж, 81.5 сая модыг 90 орчим хоногийн дотор суулгасан байна. Харин ирэх намар Казахстан улс дахин 48.2 сая мод тарихаар төлөвлөж байгаа гэнэ.

"Жил бүр өмнөхөөсөө илүү олон мод тарих болно. Бид ирэх жил 244 сая мод тарихаар төлөвлөж байна. Харин 2023 онд 411 сая, 2024 онд 573 сая, 2025 онд 643 сая мод тарих болно" гэж Байгаль орчны дэд сайд Алия Шалабекова ярьсан байна. 

Төслийн санхүүжилт болгож таван жилийн хугацаанд суурин газруудад 22 тэрбум тенге буюу 51.5 сая доллар, 60 тэрбум тенге буюу 150 сая долларыг орон нутагт зориулан төсөвлөжээ. Энэ хөрөнгийг трактор, мод тарих машин, бордогч төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж.

Байгаль орчны яамны мэдээлж байгаагаар ихэнх суулгац (30 орчим хувь) нь заг байх болно гэжээ. Тус ургамал нь хөрсөн дэх усыг бусад модноос илүү сайн татдаг учир үүгээр дамжуулан ширгэсэн Арал тэнгисийг сэргээх зорилготой.

Ерөнхийдөө дараах тооны моддыг тариалахаар төлөвлөжээ.

  • Заг - ойролцоогоор 610 сая ширхэг;
  • Нарс - 555 сая гаруй ширхэг;
  • Агч - 193 сая гаруй ширхэг;
  • Хайлаас - 132 сая гаруй ширхэг;
  • Хус - 100 гаруй сая ширхэг;
  • Сибирийн гацуур - 25 сая ширхэг;
  • Шинэс - 16 сая ширхэг;
  • Гацуур - ойролцоогоор 8 сая ширхэг;
  • Шренк гацуур (Тянь Шань гацуур) - 2 сая гаруй ширхэг;
  • Бусад зүйл (улиас, алимны мод, үхрийн нүд, чацаргана болон бусад бут сөөг) - 359 сая гаруй.

Казахстан одоогоор ой мод багатай улсын тоонд ордог. Ойн сан бүхий газрын (бүх ой мод болон ойжуулалтад зориулагдсан газрын нийлбэр) нийт талбай нь 30 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11 хувийг л эзэлдэг.

Улсын хэмжээнд ердөө 13 сая га талбай ой модоор бүрхэгдсэн бөгөөд энэ нь нийт газар нутгийн 4.8 хувь юм. Үүнийг энэ жилдээ багтаан 5 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.

Өмнө нь хэлсэнчлэн суулгацын ихэнх хэсгийг заг эзэлнэ. Хэрэв Казахстаны нийт ойн сангийн нутаг дэвсгэрийг буюу 13 сая орчим га газрыг авч үзвэл тэдгээрийн тал хувь нь (6 сая га) заган ойтой. 

Загийн үндэс 15 метрийн гүнээс ус татах чадалтай бөгөөд үүний ачаар эргэн тойрны дөрвөн тонн элсийг шим тэжээлтэй хөрс болгодог. Арал тэнгисийн бүс нутгийн оршин суугчид элсэн шуурганд байнга өртдөг тул заг модны тусламжтай цөлжилтийн эсрэг тэмцэж чадах аж. 

Манай улсын тухайд 2017 оны Монгол орны байгаль, орчны төлөв байдлын тайланд улсын ойн сан бүхий газар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 %-ийг эзэлж байгааг харуулжээ. Үүнээс элсийг шим тэжээлтэй хөрс болгон хувиргах чадалтай заг мод 2 сая орчим га газрыг эзэлдэг байна. Заг нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой, хур тунадас оролгүй удсан ч хөрснөөс чийг хайн үндсээ сунган ургадаг учир говь газарт тарихад хамгийн тохиромжтой байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()