Исланд улсын иргэд Европын бусад орны дунджаас илүү олон цагийг ажил дээрээ өнгөрөөдөг байв. Сүүлийн үед харин тус орны хүмүүс хэт их цагийг ажил дээрээ өнгөрөөснөөс болоод хөдөлмөрийн бүтээмж нь буурч байгаа хэмээн зарим мэргэжилтнүүд үзэх болжээ. Тиймээс ажлын өдрийг бууруулснаар үнэхээр бүтээмж нэмэгдэх эсэхийг туршиж үзэхээр болсон байна.
Исландын Рейкьявик хотын захиргаа энэхүү туршилтыг хариуцсан бөгөөд 2014-2019 оны хооронд өөр өөр салбарын нийтдээ 2500 гаруй ажилчдыг хамруулсан аж. Ингэхдээ долоо хоногийн ажлын 40 цагийг 36-35 болгон бууруулжээ. Мэдээж ингэх явцад цалинд ямар ч өөрчлөлт ороогүй.
Ажилчид дээрх цагаа дөрөв эсвэл тав хоногт хувааж хийх сонголттой байсан бол ихэнх нь ажлын дөрвөн хоногийг сонгосон байна. Туршилтын хоёр дахь хэсгийг Исландын засгийн газар өөрөө хариуцсан юм. Үүний дагуу нийт 17 албан байгуулгад 2017-2021 оны хооронд дээрхтэй ижил дүрмээр туршилт явуулжээ.
Дээрх хоёр хэсэг туршилт нь бараг ижил гэмээр үр дүнд хүрсэн юм. Ерөнхийдөө ажлын цагийг бууруулснаар ажилтнуудын бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Зарим иргэд ажлын цаг багассанаар илүү шавдаж хөдөлмөрлөх ёстой болно хэмээн эмээж байсан ч үнэндээ тэдний яг "төвлөрөн" ажиллаж өнгөрүүлсэн хугацаа илүү багассан нь судалгаагаар нотлогдсон юм.
Албан байгууллага бүр цагаа маш нарийн төлөвлөх болсон бөгөөд шаардлагагүй уулзалт, арга хэмжээ зэргийг цөөлснөөр хүн бүрийн бүтээмжийн хурд нэмэгдсэн байна. Цаг зарцуулалтыг илүү үр дүнтэй болгох үүднээс ээлжийн хуваарийг ч маш сайн төлөвлөжээ. Мөн илүү цагаар ажиллах нь цөөн хэдэн албан газарт л шаардлагатай болж байсан гэнэ.
Энэ мэтээр ажлын цагийг багасгаж, үр бүтээмжийг нэмэгдүүлэх туршилтыг илүү орон оронд эхлүүлэх болсон юм. Үүнээс гадна Швед улсад ажлын цагийг зургаа болгох туршилт маш өндөр амжилт олсон байна. Шинэ Зеланд, Японы хэд хэдэн байгууллагууд болон Майкрософт компани ажлын дөрвөн өдөртэй болсон нь мөн ижил эерэг үр дүнд хүрчээ.
Үүнээс гадна ажлын цаг багассанаар иргэдийн хувийн амьдралд ч мөн эерэг өөрчлөлт гарсан байна. Ганц бие эцэг эхчүүд хүүхдэдээ илүү их цаг гаргаж, ажил хийдэг гэр бүлийн гишүүд гэрийнхэндээ цагаа зарцуулж чаддаг болсон юм. Үүнээс гадна хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрүүлснээр замын түгжрэл буурч, цаашлаад агаарын бохирдол хүртэл багасах боломжтой аж.