Тэрээр 1950 онд Иран улсын нийслэл Тегеран хотод төрсөн бөгөөд 22 настайдаа "Кайхан" сонинд сурвалжлагчаар ажиллах болсноор гэрэл зургийн ертөнцөд татагдан орсон байна. Үүнээс хойш Кавех хэд хэдэн сонин, хэвлэлийн газарт уригдан ажилласан төдийгүй, Ираны өдөр тутмын амьдралыг харуулах гэрэл зургийн цомог хүртэл гаргажээ.
Кавех Голестан Техраны их сургуулийн танхимд "Биеэ үнэлэгч, ажилчин, сэтгэцийн өвчтэй үрс" үзэсгэлэнгээ нээсэн ч долоо хоног бололгүй хаагдсан байна. Түүний зургууд хэтэрхий хар бараан гэх шалтгаанаар эрх баригчдын сэтгэлд нийцдэггүй байсан аж.
Хожим 29 насандаа тэрээр өөрийн зургуудаа Time сэтгүүлд нийтлүүлж, дэлхий нийтийн анхаарлыг татсан ба үүгээрээ гэрэл зурагчдын дунд алдартай Роберт Капагийн алтан медаль хүртсэн байна. Гэвч Кавех Ираны засгийн газрын дарамт шахалтаас суларсныхаа дараа буюу 13 жилийн дараа л энэхүү шагналаа хүлээн авсан гэнэ.
Кавех дайны гэрэл зураг авч яваад 53 насандаа Иракийн Курдистанд амиа алджээ.
1920-иод онд бий болсон энэхүү гудамж нь сүүлдээ Шар-е Но хэмээх гадуураа ханатай бүхэл бүтэн хороолол болон өргөжсөн байна. Хотын энэ хэсэгт зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүдтэйгээ амьдарч байсан гэхэд хилсдэхгүй бөгөөд тэнд өссөн охид том болоод ихэвчлэн ээж, эмээгийнхээ замыг дагаж, биеэ үнэлэгч болдог байжээ.
1970-аад оны үед "хороолол"-д 1500 гаруй биеэ үнэлэгч эмэгтэй ажиллаж, амьдарч байв. Шар-е Ногийн төмөр хаалгаар зөвхөн эрчүүд нэвтэрч, биеийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ архи ууж, хар тамхи хэрэглэн зугаацах эрхтэй.
1979 онд Иран улсад өрнөсөн Исламын хувьсгал нь тус орны эмэгтэйчүүдийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм. Өмнө нь биеийн хэсгээ ил гаргасан, бариу хувцсыг чөлөөтэй өмсдөг байсан эмэгтэйчүүд толгойны гивлүүр, хар өнгийн нөмрөг заавал өмсөх ёстой болсноос эхлээд эрчүүдтэй дураараа харьцах, олон нийтийн арга хэмжээ үзэж сонирхох гээд маш их эрхээ хасуулсан байна.