Энэ үйл явдал 1990-ээд оны эхэн үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд тохиосон хамгийн их хохирол дагуулсан үймээн болж байгаа юм.
Цугларсан олон замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэж барилга байгууламж, албан газар болоод дэлгүүрүүдийг тонож, бусдын эд хөрөнгөд хохирол учруулж эхэлсэн байна.
Хүмүүс ихэвчлэн хүнсний дэлгүүр, гэр ахуйн барааны дэлгүүрүүдийг зориудаар эвдэн сүйтгэж, тонон дээрэмдэж байгаа тул хууль сахиулагчид эдгээр газруудыг хамгаалалтад авчээ.
Дийлэнх бизнес эрхлэгчид үймээнээс болж их хэмжээний хохирол амсаж байгаа тул өөрсдийн эд хөрөнгөө хамгаалахаар галт зэвсэг худалдан авч эхэлсэн гэнэ.
Үүнээс гадна бослого жагсаалаас үүдсэн дээрэм тонуулын уршгаар хүнсний хомсдол үүсэх эрсдэл үүссэн байна. Хамгийн харамсалтай нь, хөл толгой нь мэдэгдэхгүй үймээнээс болж 200 гаруй хүний амь хохирчээ.
Үймээн үүсгэж буй этгээдүүд замдаа тааралдсан бүхнээ сүйдэлж, өөрсдөдөө "хэрэг" болох зүйлсийг дээрэмдэж байсан боловч номын дэлгүүрүүдэд огтхон ч гар хүрээгүй байсан нь хачирхалтай.
Тодруулбал, Дурбан хотын босогчид нэгэн томоохон худалдааны төвийн бүх павильоныг "хуурайлсан" ч зөвхөн "Bargain Books" номын дэлгүүрийг хэвээр нь үлдээсэн байжээ.
Иймэрхүү худалдааны төвүүд хулгайд алдах боломжтой бүх бараагаа тонуулсан бол дээрэмчдэд номын дэлгүүрээс "тоож" авах зүйл олдоогүй юм болов уу?
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт л гэхэд цагдаагийн байгууллагад 200 гаруй дээрэм, тонуулын хэрэг бүртгэгдээд байгаа бөгөөд таван мянга орчим цэргийг хууль сахиулагчаар дайчилсан аж.