"Чулуу" хочит Дуэйн Жонсоны солонгос хувилбар гэж болохоор Ма Тун Сог нь 1971 онд төрсөн бөгөөд өдгөө 50 хүрч байна. Жүжигчин болохоосоо өмнө тэрээр Америкт холимог тулааны тамирчдын хувийн дасгалжуулагч, бэлтгэл хангагч хийдэг байжээ. Тиймдээ ч Ма өдгөө фитнесст олон цагийг өнгөрүүлдэг хэвээр бөгөөд булчинлаг, сүрдэм төрхөө алдаагүй байгаа юм.
Сонирхуулахад тэрээр Солонгос, Америкийн давхар иргэншилтэй, гадаадад Don Lee гэдэг нэрээр явдаг аж.
"Бусан хүрэх галт тэрэг"-т тоглох хүртлээ тэрээр зөвхөн туслах дүрүүдэд тоглож, Солонгостоо нэлээд нэр хүндтэй болоод байв. Харин дэлхийд алдартай болсныхоо дараа "Derailed", "The Bros", "The Outlaws" зэрэг амжилттай кинонуудад гол дүрийг бүтээжээ. Хамгийн сүүлд Marvel-ийн зөгнөлт ертөнцийн нэг хэсэг болох "Eternals" кинонд Гилгамеш хэмээх баатрын дүрд тоглосон байна.
Түүний хувийн амьдрал их нууцлаг байдагт нь охид бүсгүйчүүд таатай хандаж, одоо хүртэл найз бүсгүй, эхнэргүй байх хэмээн "найдлага тээдэг" байв. Үнэндээ Ма Тун Сог нэгэн бүсгүйтэй 4 жилийн турш үерхэж байгаа бөгөөд энэ онд түүнтэйгээ гэрлэхээр шийдсэн аж.
Түүний сүйт бүсгүй Е Жон Хва нь загвар өмсөгч, фитнесийн багшаас гадна Азийн сошиал ертөнцөд маш алдартай. Нөхөр болох хүнтэйгээ адил халуухан бие галбиртай түүнийг заримдаа "Солонгосын хамгийн сайхан биетэй бүсгүй" ч гэж нэрлэдэг аж.
Тэрээр Ма Тун Согоос 17 насаар дүү болохоор үүнийг нь хүмүүс их онцолж, заримдаа шүүмжилдэг байна. Хэдий насны зөрүү их ч хоорондоо ижил төстэй зүйл маш олонтой бөгөөд хамт байхдаа өсвөр насны хосууд шиг л хөгжилтэй, "өхөөрдөм" байдгаа хос хоёр хуваалцсан юм.
Хайртай хүнтэйгээ 2020 онд гэрлэхээр төлөвлөсөн болохоо Ма Тун Сог 2019 оны Каннын кино наадмын үеэр хэлж байсан ч цар тахал, ажлын шахуу хуваарийн улмаас хойшлогдож, энэ жил хуримаа хийхээр болсон аж. Е Жон Хвагийн найз нь ярилцлага өгөхдөө дээрх шалтгааныг дурдаад, энэ оны есдүгээр сард тэр хоёрын хурим болохыг хэлсэн байна.
Ингээд Ма Тун Согийн сүйт бүсгүй Е Жон Хвагийн зарим зургуудаас хүргэж байна.