1
Өмнөх Далай ламын түүх
17-р зууны үед Төвдийн шашны урсгалуудын хооронд засаглалын төлөөх тэмцэл ид өрнөж байсан бөгөөд түүнд нь Монгол, Ойрад Монгол, Манжууд голлон оролцож байв.
Монголын Лигдэн хаан улааны урсгалыг дэмжиж, шарын урсгалыг устгасан авч удалгүй өөд болж Халхын Цогт хунтайж түүний үйл хэргийг үргэлжлүүлж эхэлсэн байна. Улмаар тэрээр Хөх нуурт очиж Амдог эзлэн Үй, Цан мужууд руу цэрэг оруулсан гэдэг. V Далай лам Лувсанжамц Хошуудын Төрбайх тайж буюу Гүүш хаанаас тусламж эрсний дагуу Гүүш хаан шарын урсгалыг хамгаалж, 1637 онд Цогтын цэргийг Улаан хошуунд бут цохисон байна. Үүнээс таван жилийн дараа 1642 онд Төвдийг эзэлж, V Далай ламыг Төвдийн шашны ба улс төрийн тэргүүн болоход нь тусалснаар өрсөлдөгч урсгалуудыг даржээ. Ийнхүү V Далай лам Лувсанжамц шарын урсгалыг Төвдийн гол шашин болгож, төр шашин хоёрыг хослон барьсан анхны Далай лам болсон юм.
V Далай лам Лхаст Будала хийдийн суурийг тавьж тус хотыг улсын нийслэл болгосон бөгөөд 1652 онд Бээжинд очиж Манжийн хаанаас тамга олгосныг хүлээн авчээ. Тэрээр 1682 онд өөд болсон ч Төвдүүд улс төрийн шалтгаанаар түүний үхлийг 15 жил хав дарсан байдаг. Ингэснээр улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж чадсан бөгөөд эцэст нь 1697 онд Цанъянжамцыг VI Далай ламаар өргөмжилсөн юм. Түүнийг нас бие гүйцээгүй байхад нь Дэсрид Санжаажамц гэгч хүн төрийн хэргийг барьж байсан аж.
2
Тогтворгүй үед тодорсон нь
Цанъянжамц нь 1683 онд өнөөгийн Энэтхэгийн Аруначел Прадеш мужид, Бутаны хилтэй ойролцоо орших Мон Таванг хэмээх газар төржээ. Эцэг нь тэндхийн Үржээлин хийдийн лам Дашданзан бол ээж нь язгууртан гаралтай Цэвээнлхам гэдэг хүн байжээ. Ээж нь түүнийг хэвлийдээ тээж байх үед олон гайхамшигт үзэгдэл тохиолдсон домогтой. Жишээлбэл нэг удаа Цэвээнлхам будаа тээрэмдэж байтал тээрэм дотроос нь ус ундарч эхэлсэн, мөн нэг удаа ойролцоох худгаас ус уух гэтэл усны оронд сүү хутгагдан гарч ирсэн гэх мэт ам дамжсан яриа бий.
Далай ламын хойд дүрийг тодруулах ажлыг нууцаар явуулсан бөгөөд Цанъянжамц үнэхээр дээрхийн гэгээний хойд дүр болохыг батлахын тулд хүүг Лхас хотод хүргэж, харин эцэг эхийг нь тэндээс 100 км-ийн зайд орших нэгэн газарт аваачсан байдаг. Үүнээс хойш VI Далай Ламын гэр бүл 12 жилийг тэндээ тусгаарлагдан өнгөрөөжээ.
6-р Далай ламын төрсөн гэр
1697 онд V далай лам нас барсныг албан ёсоор зарлаж, 14 настай Дээрхийн Гэгээнтэн "Хамгийг айлдагч" VI Далай Лам хэмээн өргөмжилжээ. Тэрээр шинэ амьдралаа эхлүүлэхдээ дөнгөж баригдаж дууссан Будала ордонд суухаар болсон байна.
3
Ёс журмыг үл тоосон нь
Тэрээр Будала ордонд ирээд эхэндээ шашны ухааныг шимтэн судалсан боловч жил ирэх тусам сонирхол нь буурч эхлэв. Идэр залуу лам нар ихэвчлэн гэлэнгийн сахил хүртдэг боловч тэрээр 18-тайдаа дөнгөж гэцэлийн сахил хүртэж байжээ.
Гэлүгпагийн урсгалын дэг жаягийг дураараа зөрчих болсон Цанъянжамц шөнийн цагаар уушийн газруудаар сэлгүүцэж эхэлсэн бөгөөд удалгүй олон нийтийн газарт согтуу үзэгдэх нь олширч, сүүлдээ ордондоо эмс хүүхнүүд цуглуулдаг болов.
Тэрээр найзуудын хамт Лхасын гудамжаар хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу явдаг байсан нь түүхэн баримтуудад бичигджээ. Мөн ламын орхимжноос татгалзаж, чинээлэг ард шиг торгон хувцас байнга өмсөхийн зэрэгцээ морь, сүйх тэргэнд суулгүй явган алхах дуртай байжээ.
Охид бүсгүйчүүдтэй зай л гарвал уулзаж, Лхас хотын уушийн газар, цэцэрлэгүүд дотор шөнөжингөө дарс хүртэж, дуу дуулах бөгөөд тэр ч байтугай Будалын ордны дэргэд бариулсан майхандаа охид авчран хонодог байсан аж. Сүүлдээ тэрхүү майхан нь түүний бараг гэр нь болсон байна.
Гэхдээ үүний хажуугаар Цанъянжамц шүлэгч, номын мэргэн хүн байсан бөгөөд уянгын, тэр дундаа хайр дурлал, янаг амрагийн сэдвээр олон шүлэг бичсэн байдаг. Түүний бүтээлүүд өнөө үед Төвдийн төдийгүй, Азийн уран зохиолын дээжист тооцогддог болжээ.
Ийнхүү олон жилийг өнгөрүүлсний эцэст тэрээр Шигаце хотод суудаг 5-р Панчен ламд бараалхаж, нүглээ наминчлаад гэцэлийн сахилаасаа татгалзжээ. 1702 оноос эхлэн Цанъянжамц хөнгөмсөг амьдралдаа цэг тавьж, Лхас дахь Дарамжихан ордноо бариулж дуусгахаар шамджээ.
4
Эмгэнэлт төгсгөл
Тухайн үед Манжийг Энх-Амгалан хаан захирч байв. Төвд, Монгол хоёр улс ойр дотно харилцаатай байгаад Энх-Амгалан туйлын эмзэглэж байсан гэдэг. Хоёр улс зорилго нэгдэн хүч хавсарвал Манжид халтай гэж үзсэн тэрээр Монголын хаад ноёдод "Төвдийн хэргийг Санжаажамц дангаар атгах болсон", мөн удахгүй "Дээрхийн гэгээнийг түлхэж унагаад өөрөө хаан суух санаатай байгаа" хэмээн итгүүлжээ. Үнэхээр ч Санжаажамц эрх мэдэлд дуртай нэгэн байсан бөгөөд Далай Ламыг сархад хүртэн, эмс хүүхэн эргүүлж, шүлэг зохиол тэрлэж байхад Төвдийн бүхий л хэргийг өөрийн дураар явуулж байсан юм.
Тиймээс V далай ламын хамгийн гол Монгол холбоотон Гүүш хааны ач хүү Хошуудын Лхавзан хан Төвдийн төрийг шинэчлэхээр Лхас хотыг эзлэн Санжаажамцыг 1701 онд хороосон байна. Лхавзан хаан дараа нь Цанъянжамцыг төр барихад тохирохгүй гэж үзсэн ч Төвдийн ард түмний шашин болоод төрийн тэргүүнд шууд халдаж чадаагүй аж.
Санжаажамц алагдсаны дараа Энх-Амгалан хаан Далай ламыг барьж, Бээжин хотод авчирсан байна. 1706 онд Лхавзан хан 21 настай Наваан-Ишжамцыг Цанъянжамцын оронд тавьж, "жинхэнэ 6-р Далай лам" хэмээн зарлажээ. Ингээд Цанъянжамцыг албан ёсоор буулган авч Лхасын гадна хорьсон байсан ч лам нар нэгдэн түүнийг чөлөөлж Бэрээвэн хийдэд авчирчээ.
Цанъянжамцын амьдралаас сэдэвчилсэн жүжгийн хэсгээс
Лхавзан хан үүнийг мэдээд хийд рүү үхэр буугаар буудаж, дараа нь цэргүүд явуулж эзлүүлжээ. Цанъянжамц эцэст нь бууж өгөхөөр шийдсэн бөгөөд тэр үед түүнийг хамгийн дотны найзууд нь дагалдаж явсан аж. Лхавзан тэднийг бүгдийг нь барьж хороосон боловч Далай лам өөрөө Хөх нуурын орчимд маш нууцлаг байдлаар алга болжээ.
Түүнийг Халх руу зугтаж очоод тэндээ тайван амьдарсан, эсвэл Амдо (Андуу) нутгийн Кагью хийдэд нуугдан суух болсон гэх мэт таамаглалууд бий. Ямартаа ч 6-р Далай ламд зориулсан бунхан Будала ордонд байдаггүй нь үнэн билээ.