Дэлхийн дийлэнх орнуудад байшин, барилга сүндэрлүүлнэ гэдэг барилгын суурийг цутгахаас эхлээд тоосгыг нь шавардаж өрөх гэх мэт маш олон сар, жилийн хөдөлмөр зарцуулсан ажил хийдэг. Тэгвэл үүнд хятадууд овжиноор "булхайцах" арга олсон байна. Тэд эвлүүлдэг тоглоомын зарчмаар буюу ердөө хэсэг тус бүрийг нь газарт өрөөд л байшингаа шууд босгодог болжээ.
Энгийнээр бодоход байж боломгүй гэмээр дэндүү богино хугацаанд барилгачид орон сууцны жижиг хэсгүүдийг техникийн тусламжтайгаар өрж, угсрах ажлыг хийж гүйцэтгэдэг. Кран ашиглан өрж буй хэсэг тус бүр нь тээвэрлэгч усан онгоцны чингэлэгтэй тэнцэхүйц том хэмжээтэй байдаг гэнэ.
Дээр дурьдсанчлан хятад барилгачид ердөө 29 цагийн дотор 10 давхар байрыг барьж дуусгасан байна. Тус барилгын ажлыг хариуцаж авсан Broad компани 10 давхар орон сууцыг нэг жилийн хугацаанд дуусгаж хүлээлгэн өгөх гэрээтэй байсан ч 30 хүрэхгүй цагийн дотор босгож, дэлхий нийтийг гайхшруулсан юм. Ийнхүү ганцхан өдрийн дотор бүгдийг нь хийж гүйцэтгэснээр тэд асар их цаг хугацаа, ажилчдын хөлс хүчийг хэмнэж чадсан байна.
Уг орон сууц өдгөө "дэлхийн хамгийн богино хугацаанд баригдаж дууссан барилга" нэрийг аваад буй. Гэхдээ мэдээж ийм богино хугацаанд баригдсан байрыг захиалсан хүмүүс барилгын чанарт эргэлзэж байгаа аж.
Харин Broad компанийн зүгээс тус орон сууцыг дан ган төмрөөр хийсэн тул энгийн тоосгон барилгуудаас хэдэн 100 дахин бат бөх хэмээн мэдэгджээ.
Үүний дараа Broad компани яг дээрхтэй ижил аргыг илүү олон бүтээн байгуулалтад ашиглах болно гэдгээ илэрхийлсэн байна. Тэд тун удахгүй 200 давхар барилгыг ийнхүү "эвлүүлж" барихаар төлөвлөж байгаа гэнэ. Эдгээр орон сууцнууд нь үнэхээр бат бөх эсэхийг цаг хугацаа л харуулж чадна байх.