1
Чанпингийн тулаан - МЭӨ 260 он
МЭӨ 200-аад он гэхэд Хятад улс 7 хуваагдаад олон зууныг үзээд байв. Тухайн үед Цинь болон Жао хэмээх улсуудын хооронд болсон дайн Хятадыг хэн нэгтгэн захирах удирдах вэ гэдгийг шийдсэн чухал дайн байсан гэж нэрлэх нь ч бий. Шийдэгдэх тулаан МЭӨ 260 оны 4-р сард болжээ. Цинь улсын цэргүүд Жаогийн Шандан хэмээх цайзыг бүслээд 3 жил болсон тул Жаогийн жанжин Жао Куо 450 мянган цэрэг хөдөлгөн тус цайзыг чөлөөлөхөөр шийдсэн байна.
Цинь улсын жанжин Бай Чи цэргийн тоогоор бага байсан тул даруй ухрав. Дайснаа нэг мөр зүйл дуусгахаар шийдсэн Жао Куо дэндүү хурдан давшсан тул өөрийн хүнсний цуваагаа хол орхижээ. Үүнийг анзаарсан Бай Чи багахан хүч явуулж хүнсний цувааг нь устгасан байна.
Ийнхүү хоол ундгүй болсон Жаогийн цэргүүд ухарч Чанпинг хэмээх газарт ирсэн ч Цинь улсын цэргүүдэд бүслүүлэв. 46 хоногийн дараа Жао Куо бүслэлтийг сэтлэх гэж байгаад амиа алджээ. Эцэст нь хоол хүнсгүй болж өлсөж туйлдсан Жаогийн цэргүүд бууж өгөв. Бай Чи харин нийт 400 мянга гаруй олзныхоныг газарт амьдаар нь булж цаазалсан аж. Үүний үр дүнд Жао улс хүч чадлаа алдан Цинь улс бүх Хятадыг нэгтгэх үүдийг нээсэн билээ.
2
Трасимене нуурын тулаан - МЭӨ 217 он
МЭӨ 217 оны 6-р сард Карфагений агуу жанжин Ганнибал Ромын эсрэг дайн эхлүүлээд байсан бөгөөд цэргээ одоогийн Италийн хойд хэсгээр Ромын газар нутаг руу оруулжээ. Ромын командлагч Гайус Фламиниус Непос Ганнибалтай шууд тулалдахын хүссэн боловч Карфагений цэргүүд түүнээс зайлсхийж чаджээ.
6-р сарын 24-ний өглөө Фламиниус Ганнибалыг Трасимене нуурын хөвөөгөөр хөөж эхлэв. Ромчууд эцэст нь Ганнибалын цэргийн сүүл хэсэгтэй мөргөлдсөн байна. Гэвч энэ нь занга байсан юм.
Фламиниус дайснаа харсан даруйдаа бүх цэргээ зэрэг давшихыг тушаав. Шигүү модтой толгод өөд морин цэргүүдийг эхэлж давшуулах нь зөв сонголт байсан ч Фламиниус тэгсэнгүй. Түүний явган цэргүүд урагш давших үедээ эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд тэр үед Ганнибал модон дунд нуугдаж байсан гол хүчээ замбараагаа олохоо байсан Ромын цэргүүд рүү дайрахыг тушаав. Ганнибал хүчээр бага байсан хэдий ч дайсан нь зохион байгуулалтаа алдсаны дээр цэргүүд нь уулын уруу дайрсан учраас Ромчуудыг бут ниргэв.
Фламиниус энэ довтолгоонд амиа алдсан бөгөөд түүний 30 мянган цэргээс ердөө 5000 нь амьд эргэж ирсэн байна. Фламиниус морин цэргээ ашиглаж чадаагүйгээс ялагдал хүлээсэн юм.
3
Каррахын тулалдаан - МЭӨ 53 он
МЭӨ 53 онд Ромын жанжин Маркус Лициниус Красс 35000-45000 явган, 4000 морин цэрэг болон 12000 орчим холбоотны армийн хамт Парфяны эзэнт гүрэн рүү (Одоогийн Иран) довтолжээ. Красс чадварлаг улс төрч, Ромын хамгийн баян хүн гэдгээрээ алдартай байсан ч хараахан цэргийн гавъяа байгуулж чадаагүй байсан юм. Тиймээс энэ дайнаар өөрийн нэрийг түүхэнд үлдээхийг хүссэн байна.
Парфяны гол цэргийн хүч Армен руу дайрч байгааг мэдээд Красс дайсныхаа хамгийн их баялагтай хотуудыг эзлэхээр цэргээ цөлөөр явуулжээ.
Каррах хот дээр ирээд Красс Парфяны жанжин Суренас 10 мянган орчим морин цэргийн хүчээр түүний замыг хааж байрласан болохыг олж мэдэв. Красс цэргүүддээ буудаллаж амрахын оронд шууд довтлохыг тушаасан аж. Мөн тэрээр дайсандаа ойр байхыг хүссэн учраас хаяанд нь байсан голоос хол цэргээ байрлуулжээ. Харамсалтай нь Ромын цэргүүд ядарч, цангаж, өлсөж туйлдсан тул сайн тулалдаж чадалгүй дайсны талд бүслүүлжээ.
Суренас эхэндээ хэлэлцээр хийхийг санал болгосон юм. Гэвч Красс түүнтэй уулзахаар очоод амиа алджээ. Ромын арми цөл рүү ухарсан бөгөөд тэндээ тэн хагас нь дайсны гарт алагдаж 10 мянга гаруй нь баригдаж боол болсон байна. Цэргүүдээ амраагаагүй, усаа нөөцөлж аваагүйн улмаас Красс амиа алдсан юм.
4
Ярмукын тулаан - МЭ 636 он
МЭ 636 онд Халид ибн аль-Валид тэргүүтэй 40 мянган лалын шашинтай арабчуудын цэрэг Византийн эзэнт гүрний өмнөд мужууд руу довтлов. Византичууд довтолгоог сөрөхийн тулд Вахан жанжины удирдлаган дор 100 мянган цэргээ илгээв. 8-р сарын 15-нд Вахан Ярмук голын дэргэд арабчууд буудалласан байгааг олж мэдээд довтлохоор шийджээ. Гэсэн хэдий ч Ваханы дор зүтгэж байсан жанжин Тритриус өөрөө бүх цэргийн удирдагч болохыг хүссэн байна. Тиймээс хоёр жанжин нэг нэгэндээ итгэлгүй цэргээ хуваан тусдаа дайралт хийсэн байна.
Тав хоногийн турш бүтэлгүй довтолгоонууд хийж хүнд хохирол амссаны дараа Византчууд Арабын хариу довтолгоонд өртөв. Византийн хоёр жанжин нэг нэгэндээ итгэхгүй хэвээр байсан тул хүчээ нэгтгэлгүй хүйс тэмтрүүлжээ. Византчууд нэг нэгэндээ итгээгүй тул дайнд ялагдав.
5
Хаттины тулаан - 1187 он
1187 онд Лалын ертөнцийг нэгтгэж чадсан Султан Саладин Христийн шашинт Иерусалимын хаант улсын харъяанд байсан Тибер цайзыг бүсэлжээ. Тиймээс Иерусалимын эзэн хаан Ги де Лузиньян Акр хотод байсан загалмайтны их цэргийг хөдөлгөн Тиберыг чөлөөлөхөөр шийдэв. Зөвлөхүүд нь хаандаа Ла Сафори хэмээх цайзад байрлаж тэндээсээ Саладины хангамжийн цувааг цохих санал тавьсан байна. Гэвч Ги ингэх нь хулчгар хэрэг болно гэж үзсэн тул шууд Саладинтай тулахаар шийджээ.
Ингээд тэрээр загалмайтны их цэргийг зам товчлох үүднээс халуун цөлөөр давшихийг тушаав. Саладин энэ боломжийг алдалгүй дайсныхаа ойролцоох бүх худгийг хяналтандаа авч морьдод нь тэжээл болох ургамал ногоог шатаасан юм. Үүний зэрэгцээ тэрээр хөнгөн морин цэргүүдээ илгээж загалмайтнуудад гэнэтийн цохилт өгөнгүүт ухрах зэргээр давшилтыг нь саруулсан байна. Эцэст нь цэргүүд нь усгүй, морьд нь идэшгүй болсны дээр байнгын дайралтаас болж туйлдсан Ерусалимын их цэрэг бараг эсэргүүлцэл үзүүлэлгүй Лалын цэргүүдэд дийлдсэн юм. Энэхүү ялагдлаас болж Ерусалимын хаант улс үгүй болсон аж. Ги де Лузиньян өөрийн их зангаас болж улсаа алдсан нь энэ.
6
Түмүгийн хэрэг
Их Юань гүрэн мөхөж, нутаг буцсан монголчууд баруун, зүүнээрээ хуваагдан тэмцэж байх үед Ойрадын Тогоон тайш болон түүний хүү Эсэн тайш нар Монголын төрд тодрон гарсан байна. Тайсун хааны үед монголын цэргийн хэргийг эрхлэх болсон Эсэн Хятадын Мин улсыг баруун, зүүн Монголыг хагалан бутаргах ажиллагаа явуулж, худалдаа арилжаа хийхэд элдэв саад тотгор учруулж, заль булхай гаргах болсон хэмээн үзэж, дайтахаар шийджээ.
1449 оны 2-р сард Ойрадын Эсэн тайш 50 мянга гаруй цэргээ 4 хэсэгт хуваан Мин улсын хил рүү довтлон орсон бол нөгөө талаас эзэн хаан Ин Цзү өөрийн биеэр 220 мянган цэрэг, 100 гаруй цэргийн жанждаа удирдан гарчээ. 1449 оны 7-р сарын 19-нд Мин улсын арми Датунд ойртоход тэднийг цагаан хэрэм зүг дагуулж авчрахын тулд Монголчууд ухралт хийж эхэлсэн байна. Мин улсын жанжид Эсэнгийн төлөвлөгөөг тааварлаж байсан ч хаан нь итгээгүй тул монголчуудыг элдэж очоод, армийн түрүүч хэсгээ бут цохиулжээ. Нэн даруй ухарсан Мин улсын цэрэг замаа өөрчлөн Сужоу орчмоор буцахдаа их ядарсан тул Монголчууд довтлоход бүр амархан болов.
Ингээд Цагаан Хэрэмийн ойролцоох Сюаньфу өртөөнд тэд Монголчуудын дайралтад өртөн 30,000 морьт цэргээ алдсан байна. Улмаар 8-р сарын 13-нд Мин улсын цэргүүд өнөөгийн Жанчхүүд байрлах Түмүгийн бэхлэлт рүү зугтжээ.
Тэднийг Түмү-д ирсний 2 дахь өдөр нь буюу 8-р сарын 15-ны өдөр Монголчууд цайзыг бүсэлж ундны усны эх үүсвэрийг хаав. Эсэн тайш Мин улсын цэргийг гаргаж ирж, занганд оруулах зорилгоор дайныг зогсоох хүсэлт элчээр явуулжээ. Үүнд нь Ин Цзүн хууртан, хүсэлтийг нь даруй хүлээн авсан байна. Ингээд цэргүүд цэвэр ус авахаар цайзаас гарснаар тэднийг отож байсан Монголчуудын дайралтад өртжээ.
Түмү цайзын тулаанд Мин улсын цэргийн тал нь хүнд шархдаж, гуравны нэг нь алагджээ. Ихэнх цэргийн жанжнууд нь алагдаж, эзэн хаан өөрөө олзлогдов.
Энэхүү тулааны дараагаар Монголчууд эзэн хаан Ин Цзүнийг буцааж өгөх шалтгаар Бээжин рүү ойртож эхэлжээ. Гэхдээ энэ удаад Мин улсын цэргүүд илүү бэлтгэлтэй, зохион байгуулалттай байсан, түүнчлэн Бээжингийн бэхлэлт саад болсон тул Монголчуудын төлөвлөгөө бүтэлгүйтэж Ин Цзүнийг аван хойд зүг рүү буцжээ.
Монголчууд олзонд байгаа Ин Цзүн хааныг цаашид хэрэг болно гэж бодон амьд байлгасан боловч Бээжинд түүний дүүг нь хаан ширээнд суулгасан байв. Ингээд Ин Цзүнийг Монголд үргэлжлүүлэн байлгах нэгэнт утгагүй болсон тул 1450 онд Эсэн тайш түүнийг суллан буцаасан байна.
7
Агинкортын тулаан - 1415 он
1415 онд Эзэн хаан V Генрихийн удирдсан Английн цэрэг Францын хойд нутгыг эзэлж яваад жанжин Шарль д’Албретийн удирдлаган доорх Францын гол хүчтэй тулгарав.
Францчууд тоогоор илүү байсны дээр англичууд хүнс багатай, намрын хүйтэнд осгох дөхөж байжээ. Шарль д’Албрет ердөө Английн эзэмшлийн нутаг дэвсгэр рүү явах замыг хааснаар нэг ч цэргээ алдалгүй дайснаа өлсөглөн болон хүйтэн цаг агаарын тусламжтай буулгаж авах байв.
Гэвч Генрих далбаагаа мандуулж, цэргүүд нь өөрсдийн магтаалыг дуулж эхлэх үед д’Албрет үүнийг доромжлол хэмээн үзэж цэргээ довтлохыг тушаав. Тэрбээр хүнд хуягтай цэргүүдээ аадар борооны улмаас намаг болж хувирсан газраар давшуулжээ. Мэдээж хэрэг үүнээс болж тэдний давшилт маш удаан болсон бөгөөд Английн харваачид бараг л хөдөлгөөнгүй бай харваж буй мэт хуйгаар нь шудсан байна. Францчууд эцэст нь нэг юм дайсандаа тулж ирсэн ч ядарч, эмх замбараагүй болсон байв. Энэхүү тулааны эцэст хэдэн мянган францчууд (үүнд Шарль д’Албрет өөрөө орно) алагдаж, олон мянга нь олзлогдсон бол англичууд 100 хүрэхгүй хүнээ алдсан юм (яг тоо нь тодорхойгүй). Довтлох үе, газраа буруу сонгосноор д’Албрет бут цохиулав.
8
Наполеоны ухралт - 1812 он
1812 онд Францын эзэн хаан Наполеон Орос руу довтлохоор Франц болон түүний холбоотнуудаас татагдсан 680 мянган цэрэг хөдөлгөсөн юм. Оросууд шууд тулалдвал ялагдана гэдгээ ойлгож байсан учраас хохирол амсахгүйн тулд цэргээ ухраасан байна. Ингэх зуур тэд дайсны цэргийн замд байсан бүх худгийг нураах, тариан талбайг шатаах зэргээр Францчуудыг хүнсгүй болгох арга сэджээ. Гурван сарын турш давшсаар эцэст нь Наполеон Москваг эзэлсэн боловч Оросууд түүхэн хотоо шатаан бууж өгөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Наполеоны цэрэг хангамжгүй болох шахсан учраас ухрахаас өөр сонголт үлдсэнгүй. Тэрээр ирсэн замаараа буцахаар шийдсэн боловч замд байсан бүх хоол хүнс, орогнох газрыг оросууд устгасан байв. Мөн 1812 онд сүүлийн 50 жилд байгаагүй хүйтэн өвөл болсон учраас асар олон цэрэг осгож, оросууд ч дайснаа эцэстээ хүртэл туйлдсаныг ойлгоод тал талаас нь дайрч эхлэв.
Наполеон Оросын нутгийг орхих үед 380 мянган цэрэг нь амиа алдаж, 100 мянга нь олзлогдож, 50 мянга гаруй нь тахир дутуу болсон байжээ. Хэт хол давшиж, ухрах буруу замыг сонгосноор Наполеон ялагдсан юм.
9
Хөнгөн морин цэргийн давшилт - 1854 он
1854 онд Англи-Франц-Туркийн нийлсэн хүч Оросын Крым дэх Севастополь боомтыг бүслэсэн юм. 10-р сарын 25-нд Оросын томоохон цэргийн хүч Балаклава дахь холбоотнуудын хангамжийн бааз руу дайрав. Туркийн цэргүүд үүнээс болж ойролцоох Каузевийн өндөрлөг дээрх их буунуудаа орхиж зугтсан бөгөөд тэдгээр нь мэдээж Оросуудын мэдэлд шилжжээ.
Их Британийн ерөнхий командлагч Лорд Раглан хөнгөн морин цэргийн командлагч Лорд Кардиганд Оросуудын "их буугаа галлах боломжийг үгүй хийх" үүрэг өгчээ. Кардиган хөнгөн морин цэргийн хурдаар даруй Каузевийн өндөрлөгийг эзлэхээр шийдэн бүх хурдаараа давшсан байна. Харамсалтай нь тэдний ирж байгааг Оросууд холоос харсан учраас буунуудаа чиглүүлэн галлажээ. Хөнгөн бригадын 670 цэргээс 270 нь алагдах юмуу шархадсан бөгөөд бараг бүх морь нь тулаанд орох чадваргүй болжээ. Тодорхойгүй тушаал өгснөөр Раглан хөнгөн морин цэргүүдээ алдсан юм.
10
Бяцхан Бигхорны тулаан - 1876 он
1876 онд Бяцхан Бигхорн гол дээр Сиу, Шейенн зэрэг уугуул Америкчуудын овог аймгууд нэгдэн буудалласан байна. Тэд АНУ-ын Засгийн газрыг эсэргүүцэхээр ийнхүү нэгдээд байсан бөгөөд дэд хурандаа Жорж Кастер тус эвслийг буулгаж авахаар 7-р морьт хорооны 647 цэргийг удирдан хөдөлсөн юм. Кастер дайснаа гэнэтийн дайралтаар буулгаж авахын тулд цэргээ хуваан хэд хэдэн талаас нь зэрэг довтлохоор шийджээ. Гэхдээ уугуулчууд Кастер ойртож байгааг мэдсэн бөгөөд хариу цохилт өгөхөөр хүлээж байв.
Кастер цэргээ үд дунд дайрах тушаал өгсөн боловч гол хүч болох 210 цэрэг нь эсрэгээрээ угуулчуудад бүслэгдэн бут цохиулсан байна (тэнд Кастер өөрөө байсан). Хошууч Рено, ахмад Бентин нараар удирдуулсан өөр хэсэг цэрэг нийлж хамгаалалтын байрлал эзэлсэн боловч нэмэлт хүч иртэл 24 цагийн турш зогсолтгүй тулалджээ. Хүчээ хувааснаар Кастер амь насаа алдсан юм.
11
Сталинград - 1943 он
1942 оны зун Нацист Германчууд Зөвлөлт Холбоот Улс руу довтолж, Кавказын газрын тосны ордууд болон Дон, Волга мөрөн орчмын байгалийн түүхий эдээр баялаг нутгийг булаан авахыг зорьжээ. Энэ давшилтын зүүн жигүүрийг бататгахын тулд тэд Сталинград хотыг эзлэхээр зорьж байв.
Сталинградыг амархан эзэлнэ гэж бодсон учраас Адольф Гитлер 4-р Панзер танкын дивизийг 6-р армиас салгаж Сталинградын ойр орчмын газар нутгийг эзлэн авах тушаал өгчээ. Гэвч 4-р Панзерын дивизгүйгээр Сталинградыг эзлэх тулаан удааширч эхлэв. Зөвлөлтийн цэргүүд бүх чадлаараа эсэргүүцсээр 1943 он гарсан байна. Эцэст нь Зөвлөлтийн нэмэлт хүч ирж 6-р армийг бүслэсэн учраас бууж өгөхөөс өөр аргагүй болсон юм.
Өөр зүйлд хэт анхаарсан Гитлер үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй бөгөөд үүнээс болж 330 мянган цэргээ алдсан байна.