"Гаансыг нь хугартал цохисон нь..." - Сталинаас айгаагүй гурван эрийн түүх

2021-07-02, 14:36
22,173

Өнгөрсөн зууны хамгийн их айдас дагуулсан дарангуйлагчдын нэг бол 1924-1952 оны хооронд хойд хөршийн төрийг барьсан Иосиф Виссарионович Сталин юм. Асар их үнээр улс орноо гадны эзэрхийллээс хамгаалж, улмаар дэлхийн супер хүчит гүрнийг бий болгосон гавьяатай ч өөрийн эрх мэдэл, байр сууриа бас хамгаалахын тулд цуст хядлага, хэлмэгдүүлэлт үйлдэж, ард иргэдийнхээ зүрхэнд айдас хуруулсан нь үнэн юм. Гэвч цөс ихтэй эрс түүнийг эсэргүүцэж, тэр ч байтугай биед нь халдаж байсан ч тохиолдлууд бий. Ингээд Сталинаас айгаагүй тэрхүү хүмүүсийн хувь заяа хэрхэн эргэснийг хүргэж байна.

"Гаансыг нь хугартал цохисон нь..." - Сталинаас айгаагүй гурван эрийн түүх

1 Олны өмнө Сталиныг цохисон сонсогч

1927 оны 11-р сарын 7-ны өдөр Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдагчид Октябрын хувьсгалын 10 жилийн ойг тохиолдуулан Улаан талбайд Лениний бунханд хүндэтгэл үзүүлж байжээ. Гэтэл тухайн үед бунхны харуулд гаргахаар илгээгдсэн Москвагийн цэргийн академийн сонсогчид албанаасаа хоцорсон тул тусгай албаныхан тэднийг дотогш нь оруулаагүй аж. Уурссан сонсогчид үүд рүү дайрч, улмаар албаныхан, бие хамгаалагч нартай зодолдож эхэлжээ. Бунхан дотор галт зэвсэг хатуу хориотой байдаг тул хамгаалагчид нударгаараа бүхнийг шийдэх хэрэгтэй болсон аж.

Намын томчууд бунхны индэр дээр, цугласан олны өмнө үг хэлж байсан тул доор нь юу болж байгааг анзаараагүй байна. Гэнэт сонсогчдын нэг нь хамгаалагчдаас мултарч, индэр рүү дайран Сталины дагз руу буулгаад авчээ. Удирдагч тэр үед санамсаргүй байснаас тэнцвэр алдан унасан байна. Харин түүний хувийн бие хамгаалагчдын ахлах Иван Юсис хутгаа сугалан халдагч руу дайрч, шархдуулж чаджээ. 

Олны өмнө Сталиныг цохисон сонсогч

Үймээн гаргагч этгээдүүдийг баривчилсны дараа Сталиныг цохисон сонсогч нь 30 настай Яков Охотников гэгч байсныг тогтоожээ. Хэдий өнгөцхөн харахад энэ явдал нь залуусын танхайрал мэт боловч цаанаа улс төрийн шинжтэй байжээ. Охотников нь Сталиныг тахин шүтэх үзлийг тууштай эсэргүүцэгч Лев Троцкийн талыг баримталдаг нэгэн байв. Ердөө сар гаруйхны өмнө Троцкийг Коминтерний албан тушаалаас нь буулгаж, түүний 600 дэмжигчийг намаас хөөгөөд байсныг дурдах хэрэгтэй.

Гэхдээ энэхүү халдлагыг Троцкийг бүр мөсөн зайлуулах томоохон "хөзөр" болгон ашиглаж болохыг Сталин мэджээ. Ийнхүү бүх бурууг троцкистуудад тохож, харин Охотников болон түүний нөхдийг сургуулийн удирдлагад нь тушааж, сануулга өгөөд шийтгэлгүй өнгөрөөсөн байна. Ингээд сонсогчийн хувьд бүх зүйл сайхан өнгөрсөн мэт боловч коммунист төр тийм ч амархан мартдаггүй байлаа. 

Охотников сургуулиа амжилттай төгсөж, тэр ч байтугай цэргийн бүтээн байгуулалтын "Гипроавиапром" нэгдлийн томоохон албан тушаалыг хаших болжээ. Гэтэл 1932 онд түүнийг хувьсгалын эсрэг үзэлтэн хэмээн баривчилж, Магадан руу цөлсөн байна. Улмаар 1936 онд тэрээр Сталины амь насанд халдахыг оролдсон хэрэгт буруутгагдаж, Москвад хүргэгджээ. Жилийн дараа Охотников болон түүнийг өмгөөлж, шийтгэлгүй үлдээж байсан сургуулийнх нь захирал, офицеруудыг бүгдийг нь буудан хороосон байна.

2 Гаансыг нь хугалсан эр

Монгол улсын ес дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн улс төрийн амьдралд хөл тавьснаасаа хойш яг 10 дахь жилийнхээ нүүрэн дээр И.Сталинтай уулзаж, алсдаа улс орныхоо хувь заяанд туйлын чухал нөлөө үзүүлэх яриа өрнүүлжээ. Боловсрол нимгэн ч хар ухаан сайтай, үг яриа хурц, омголон цочмог зантай тэрээр Сталинд халамцуухан байхдаа чанга үг хэлж, биед нь хүртэл халдсан гэх яриа байдаг. 

Дуулианаар дүүрэн тэрхүү оройн зоог болохын өмнө Сталин Японы санаархлаас хамгаалах үнэнч, найдвартай засгийг Монголд тогтоох төлөвлөгөөтэй байсан бол Гэндэнгийн хувьд Монгол улс аль болох түргэн мандаж л байвал геополитик, дэлхийн том гүрнүүдийн сонирхол хамаа ч үгүй байлаа. 

Москва явахаасаа өмнө Гэндэн "Сэлмэн хамарт гүржтэй Монголынхоо төлөө үзэлцэнэ дээ хөө"  хэмээн даналзаж байсныг эх сурвалжуудад дурдсан нь бий.

Гаансыг нь хугалсан эр

Тэрхүү оройн зоогийн үеэр Сталин Монголд дуулгавартай засгийн газрыг байгуулж, лам нарыг хэлмэгдүүлж, улс төрд цэвэрлэгээ хийхийг далд утгаар ятгаж байсан ч Гэндэн эрс эсэргүүцэж байлаа. Сүүлдээ тэр хоёрын уулзалт хатуу ундааны дараа эрс ширүүссэн байна. Сталин түүнийг "Чингисийн гөлөг" хэмээн хараасан бол Гэндэн хариуд нь "Муу гүрж Оросын хаан болсон байхад би Монголын хаан болоход яадаг юм" гэжээ. Тэр ч байтугай Гэндэн Сталиныг ширээ тойруулан хөөж, нүүр рүү нь алгадан, амнаасаа салгадаггүй гаансыг нь унагаж хугалсан гэж тэмдэглэгдэн үлдсэн нь бий.

1936 онд Сталин Монголын Засгийн газраас асуулгүйгээр өөрийн цэргийг Монголд оруулж байршуулсан ба Гэндэнг албан тушаалаас нь буулгаж, Орост дуудаж авчран гэрийн хорионд оруулжээ. Харин түүний орыг тухайн үед дотоод хэргийн сайд байсан Чойбалсангаар залгамжлуулсан байна. П.Гэндэнд японы хараат феодалын улс байгуулах зорилго бүхий байгууллагыг БНМАУ-д байгуулж, тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан гэсэн хэрэг тулгасан бөгөөд 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд Москвад буудан хороосон юм.

3 Зөвлөлт засгийг хуурсан эр

1940-өөд оны үед амьдарч байсан Вениамин Вайсман хэмээх эр нь Сталин төдийгүй Коммунист Намын Төв Хорооны гишүүдийг ч хялбархан мэхэлж чадсан, цуутай залилагч юм. Хүүхэд байхын л "урт гартай", дээр нь колони, шоронгоос яаж ийж байгаад оргож чаддаг элдэвтэй нэгэн байжээ. Хамгийн сүүлд 1944 онд Печорийн хорих ангиас оргох үедээ өвлийн хүйтэнд хөлдөж үхэх шахан хоёр хөлийн тавхай, зүүн гарын хэдэн хуруугаа хөлдөөн тайруулжээ. 

Ийнхүү Вайсман нь тахир дутуу болсноо ашиглан бүхий л том байгууллагын үүдээр орж, залилан хийхээр шийджээ. 1946 онд Москвад очин ЗХУ-ын хошой баатрын дэвтэр олж авснаар Эх орны дайны үед танкчин явсан, ширүүн тулалдааны үеэр гар хөлөө алдсан, 7 одон, 3 медальтай эрийн дүрд тоглох болсон байна. Үүнээс хойш тэрээр ЗХУ-ын 20 гаруй яамны ажилтнуудыг залилж, 1000 гаруй рублийн тусламж хэд хэдэн удаа авсан төдийгүй тэр үеийн ховор бараа бүтээгдэхүүнийг дураараа хэрэглэх болжээ.

Зөвлөлт засгийг хуурсан эр

Түүний хийсэн хамгийн том залилан нь 1947 онд Коммунист Намын удирдах зөвлөлийн хэлтсийн дарга дээр орж өөртөө Киев хотод байр гаргуулж, яамны тусламжаар 2500 рубль, Америкийн ховор бүтээгдэхүүнийг бэлэг болгон авсан явдал байжээ. Гэвч ханаж чаддаггүй шуналынхаа гайгаар дахин сайд дээр очиж уулзахдаа сэжиг авахуулж, сэргийлэхэд баригджээ.

Мөрдөн байцаалтын явцад залилагчийн хийсэн маш олон гэмт хэрэг ил болж түүнд нь томоохон албан тушаалтнууд холбогдсон учир хаалттай шүүх ажиллагаа явуулж, хэргийн материалыг олон жилийн турш нууц байлгахаар шийдсэн байна. Гайхалтай нь Вайсманд буудан хороох ялын оронд чанга дэглэмтэй хорих ангид 10 жил суух ял авсан аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()