Гадаадын иргэд амьдрахад хамгийн өндөр өртөгтэй 10 хотын жагсаалт:
1. Ашхабад
2. Хонг Конг
3. Бейрут
4. Токио
5. Цюрих
6. Шанхай
7. Сингапур
8. Женев
9. Бээжин
10. Берн
Жагсаалтын эхний байруудыг Азийн хотууд голчлон эзэлсэн байна. Эхний аравт багтсан орон нутгийн ихэнх нь бизнесийн төвүүд бөгөөд эдийн засгийн хурдацтай өсөлт нь амьжиргааны өртөг улам бүр өсөхөд хүргэсэн юм.
Ашхабад хэрхэн хамгийн өндөр өртөгтэй хот болсон бэ?
Ашхабад нь жагсаалтын бусад хотуудаас ялгаатай нь эдийн засгийн өсөлт бус, хямралаас болж өндөр өртөгтэй болжээ. Жилээс жилд нэмэгдэж байгаа инфляцийн нөлөөгөөр тус хот нь өнгөрсөн жил 2 дугаар байранд орсон бол 2021 онд "тэргүүн" байрыг эзэлжээ.
Байгалийн хийн асар их нөөцтэй хэдий ч дарангуйллын засаглалтай учраас Туркменистан эдийн засгийн хямралд орж хүн амын ихэнх хэсэг нь ядууралд өртөөд байгаа юм.
Тус улсын эдийн засаг ОХУ-д экспортолж буй хийнээс бараг бүрэн хамааралтай боловч байгалийн хийн үнэ огцом уналтад орсноор 2014 оноос инфляци нэмэгдэж эхэлсэн байна. Улмаар хүнсний бүтээгдэхүүн болон нэн шаардлагатай олон зүйлсийн үнэ нэмэгдсэн юм. "2016 оноос хойш хоол хүнсний хомсдол улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд хүмүүс боломжийн үнээр хоол хүнс худалдаж авахын тулд хэдэн цагаар оочерлох шаардлагатай болдог. Гэхдээ ихэнх хүмүүс гар хоосон буцдаг" гэж Human Rights Watch (HRW) байгууллагын саяхны тайланд дурдсан байв.
Цар тахлын эхэн үед улс орны эдийн засгийн асуудал улам бүр даамжирсаар байсан ч тавдугаар сард Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Ашхабад хотоо өргөжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, нийслэлээ "дэлхийн хамгийн хөгжингүй хотуудын нэг" болгоно гэж амласан байна.
Ашхабадын оршин суугчид хоол хүнс зэрэг хамгийн энгийн хэрэглээний бараагаа худалдаж авах гэж зовдог. Тус улсад хоол хүнс байнга дутагдалтай байдаг тул талх, гурилын төлөө үргэлж оочерлох хэрэг гарна.
Гэхдээ Ашхабад хот гаднаас нь харахад гантиг барилгуудаас бүрдсэн орчин үеийн нийслэл юм. Ийм төрхийг Туркменистаны эрх баригчид оршин суугчдадаа эх орноо дэлхийн хамгийн баян орны нэг гэдэгт итгүүлэхийн тулд бүрдүүлсэн аж.
Эрчим хүчний томоохон компаниуд дэлхийн хамгийн их байгалийн хийн нөөцтэй энэ улстай хамтарч ажиллахын тулд бичигдсэн, бичигдээгүй маш олон дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай. Жишээлбэл, эдгээр компанийн ажилчид асар өндөр үнээр орон сууц түрээслэхээс эхлээд хоол хүнсний дараалалд зогсохоос өөр аргагүй байдалд байгаа гэсэн үг юм.
Бейрут хотын "үсрэлт"
Бейрут өнгөрсөн жил жагсаалтын 45-р байранд байсан бол энэ жил 3-т бичигджээ. Гэхдээ үүнд баярлах зүйл бас л байхгүй.
"Mercer" компани Ливаны нийслэлийн амьжиргааны зардал ийм хэмжээнд өссөн явдлыг тус улс дахь улс төрийн эмх замбараагүй байдал болоод өргөн цар хүрээтэй, удаан хугацаагаар үргэлжилсэн эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байна.
Коронавирусын цар тахал, өнгөрсөн жил Бейрутын боомтод болсон хүчтэй дэлбэрэлт ч мөн үүнд нөлөөлж, эдийн засгийн байдлыг улам дордуулж, инфляцийн шинэ "эринийг" эхлүүлсэн юм.
Швейцар болон Хятадын хөгжил
Швейцарийн гурван хот нэг дор эхний аравт шалгарч, Швейцарьт бүх зүйл маш үнэтэй байдаг гэсэн онолыг батлав. Олон улсын бизнес эрхлэгчид тус улсын эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг ашиглан энэ цартахлын үеийг даван туулахаар шийдсэн бололтой.
Хятадын хамгийн үнэтэй хотуудын нэг Шанхай өнгөрсөн жилийнхээс нэг байраар ахижээ. Түүнчлэн Хятадын нийслэл Бээжин хот эхний аравт багтсан байна. Эндээс харвал Хятад улсын хөгжлийг өнөөгийн эдийн засгийн хямрал ч унагаж дийлэхгүй аж.
Еврогийн эсрэг долларын ханш буурч байгаагийн илрэл болж Европын хотууд нийтдээ Америкийн хотуудаас ч илүү үнэтэй болжээ. Жишээлбэл, Нью-Йорк эхний аравт багтахаа больсон бол Парис эсрэгээрээ 50-аас 33-р байр хүртэл урагшилсан байна.