Бүгд Найрамдах Йемен улсын Аль Махрах мужийн цөл дэх аварга том нүх нь тус улсын нийслэл хот Санагаас 1300 км зайд алслагдан оршдог байна. Орон нутгийн ардын аман зохиолд гардгаар үүнийг чөтгөрүүдийн шорон болгон бүтээсэн гэх яриа бий. Нутгийн оршин суугчид болон албаны хүмүүс нүхний ёроолд юу байгааг хэлж мэдэхгүй гэнэ.
Бархутын худаг хэмээх энэ газар Йемен улсын одоо хэр нь тайлагдаагүй байгаа нууцлаг сэдэв юм. Аварга том нүхний өргөнийг барагцаагаар 30-аад метр гэж тооцоолдог ч албан ёсоор хэмжиж, тогтоож байгаагүй аж.
Тус улсын Геологи Хайгуул, Ашигт Малтмалын газрын дарга Салах Бабхайр хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн хүн худгийн гүн рүү 50 метрээс доош бууж чадаагүй байгааг “Франс Пресс” агентлагт мэдээлжээ.
Мянга мянган жилийн настай энэ аварга нүхний ёроолоос гарах хийн тааламжгүй үнэр Бир Бархаутыг там руу орох хаалга гэсэн домог тарахад хүргэсэн байна.
Энэ нүхэнд дорно дахины үлгэрт гардаг хорон санаат бирд амьдардаг гэх элдэв яриа олон зууны турш хүмүүсийн амнаас ам дамжсаар өнөөг хүрсэн аж.
Йемен улс 2014 оноос хойш засгийн газар болон Хути босогчдын хооронд дэгдсэн иргэний дайнаас үүдсэн үймээнтэй байгаа юм.
НҮБ-аас Йемен улс дэлхийн хамгийн хүнд хүмүүнлэгийн хямралыг амсаж байгааг мэдэгджээ. Тус улсын бослого үймээнээс болж хэдэн арван мянган иргэн амиа алдсанаас гадна олон сая хүн эх нутгаасаа дүрвэсээр байна.