Үзэгчийн сэтгэл зүйд гүнзгий нөлөөлдөг, хүнд сэдэвт шилдэг 12 кино

Үзэгчдийн дийлэнх нь сайн кино гэхээр дахин дахин үзмээр гэгээлэг, сайхан бүтээл байх ёстой гэж ойлгодог. Мэдээж ихэнх нь тийм байдаг ч үзэгчид болоод шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авсан зарим нэг кинонууд дахиж үзэх хүсэл төрүүлэхээргүй хүнд агуулгатай байх нь бий. Эвгүй сэдвийг хөндсөн ч хүний сэтгэлд ямар нэг зүйл үлдээж чадсан киног муу бүтээл гэж нэрлэх нь бараг л боломжгүй. Бидний сонгон авсан дараах кинонуудыг та аль хэдийн үзчихсэн бол дараа нь дахин үзэх хүсэл төрөх нь юу л бол. 

Үзэгчийн сэтгэл зүйд гүнзгий нөлөөлдөг, хүнд сэдэвт шилдэг 12 кино

1 The grave of the fireflies (1988)

Хүмүүс Studio Ghibli гэхээр алдарт найруулагч Хаяао Миазакиг санадаг. Гэхдээ тус студийн өөр нэг чадварлаг уран бүтээлч Исао Такахато энэхүү анимэг найруулжээ. 

Киноны агуулгын хувьд Дэлхийн 2-р дайны төгсгөлийн үе дэх эгэл жирийн Япон гэр бүлийн тухай өгүүлнэ. Энэ киногоор тухайн үед энгийн иргэд ямар их зовж байсныг харуулахаар зорьсон бөгөөд хүмүүс нэг л үзэхэд хангалттай, маш сайн бүтээл болсон гэдэг.

The grave of the fireflies (1988)

2 Requiem for a Dream (2000)

Туйлын этгээд, хүнд сэдвээр кино хийдгээрээ алдартай найруулагч Даррен Ареновскигийн хамгийн сайн бүтээл гэгддэг Requiem for a Dream нь эхэндээ аз жаргалын араас хөөсөн хүмүүсийг харуулсан хөнгөн агуулгатай уран бүтээл мэт сэтгэгдэл төрүүлж болох юм. Гэхдээ Даррен энэхүү бүтээлээрээ донтолт гэдэг ямар аюултай зүйл болохыг харуулж чадсаны зэрэгцээ хүнд нэгийг бодогдуулах, бараг зүүдэнд орохоор үзэгдлүүд олонтой.

Requiem for a Dream (2000)

3 Irreversible (2002)

Франц найруулагч Гаспар Ноэ мөн этгээд, хүнд сэдвээр кино хийдгээрээ зартай уран бүтээлч юм. Гэхдээ тэрээр өөртэйгөө адил бусад найруулагч нараас ялгаатай нь ямар ч илүү, дутуу зүйлгүйгээр аллага, хүчин мэтийн аймшигт үзэгдлүүдийг тэр чигээр нь харуулдаг. Харин энэхүү кино нь найруулагчийн бүтээлүүд дундаас хамгийн хэрцгий нь гэдгээрээ алдартай. Гэхдээ Irreversible нь ганцхан аймшигт үзэгдлүүд бус, хүн гэдэг ямар атгаг санаатай амьтан байж чаддагийг харуулснаараа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. 

Irreversible (2002)

4 Oldboy (2003)

Найруулагч Пак Чан Вукийн Oldboy нь магадгүй Өмнөд Солонгосын хамгийн нэрд гарсан кино байх. Энэ нь ч цаанаа учиртай. Тус киноны үзэгдлүүд тодорхой хэмжээний хүчирхийлэл агуулдаг ч нүд халтирам үзэгдэл цөөн. Хамгийн гол нь дүрүүдийн цаад түүх болоод үйлдлүүд нь үзэгчдийн зүрхийг зүсч чадсан учраас олон улсын хэмжээнд өнөөг хүртэл өндөр үнэлгээтэй байгаа аж. 

Oldboy (2003)

5 Dead Man's Shoes (2004)

Төдийлөн олон хүнд танигдаагүй "Dead Man's Shoes" кино нь сүүлийн жилүүдэд гарсан Их Британийн шилдэг кинонуудын нэгт тооцогддог. Киноны үйл явдал нь цэргээс халагдсан ах, дүү хоёр өс санан төрөлх хотдоо ирж буйгаар өрнөнө. Английн хөдөө тосгоны амьдрал ямар хүнд болохыг энэ бүтээл ил тод харуулж чаджээ.

Dead Man's Shoes (2004)

6 The Boy in the Striped Pajamas (2008)

Дэлхийн 2-р дайны үеийн еврейчүүдийн зовлонг харуулсан олон кино байдаг. Гэхдээ The Boy in the Striped Pajamas кино нь бүгдийг хүүхдийн өнцгөөс харуулж чадсанаараа тун онцлог болсон билээ. 

Тус киноны хоёр гол дүрийн нэг нь бөөнөөр хорих лагерийн хоригдол хүү, нөгөөх нь нацист офицерийн хүү юм. Тэд хорвоог гэгээлгээр хардаг учир нэг нэгнээ дайсан биш, найз нөхрийн хувиар бодно. Харамсалтай нь томчуудын сөргөлдөөнөөс болж хоёр хүүгийн хувь тавилан эмгэнэлтэйгээр дуусдаг. 

The Boy in the Striped Pajamas (2008)

7 Orphan (2009)

Orphan кино нь аймшгийн киноны гол дайсныг 9 настай хүүхэд болгосноороо бусдаас онцлог юм. 

Нэгэн гэр бүлийн хос төрөлтийн хүндрэлээс болж бага хүүхдээ алдсаны дараахан есөн настай охиныг өргөж авна. Харин өргөмөл охин тэднийд ирсэнээс хойш энэ гэр бүлийн амьдрал там болж хувирдаг. 

Orphan (2009)

8 Blue Valentine (2010)

Ихэнх романтик кинонууд хосуудын анх танилцаж дотносох үеэс авхуулаад үерхэх, гэрлэх цаг хугацааны мөчлөгийг харуулдаг. Тэгвэл энэ кино эсрэгээрээ хосуудын салалтын үйл явцыг харуулдгаараа онцгой. 

Тус кино нь үзэгчдэд хосуудын хоорондох зөрчилдөөн, хайр сэтгэл хэрхэн үзэн ядалт болж байгааг тун чадварлагаар харуулсан юм. Blue Valentine амраг хосын салалтаас үүдсэн зовлон шаналлыг дэндүү бодитоор харуулсан тул дахиж үзэхийг хүсдэггүй хүмүүс олон байдаг. 

Blue Valentine (2010)

9 We Need to Talk About Kevin (2011)

We Need to Talk About Kevin нь эцэг эхийн хандлага хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг, хувь хүний зан чанар төлөвшил хэрхэн өөрчлөгддөг зэрэг маш олон зүйлийг харуулснаараа нэг удаа үзэхэд бараг бүрэн ойлгогдохооргүй "баялаг" бүтээл болсон юм. Гэхдээ кинон дээр гардаг үзэгдлүүд нь зарим мэдрэг хүмүүсийн хувьд хэтэрхий хүнд тусдаг гэдгийг дурдах нь зүйтэй. 

We Need to Talk About Kevin (2011)

10 The Tree of Life (2011)

Энэ кино нь жагсаалт дээр байгаа бусад бүтээлүүдээс ялгаатай нь элдэв хүчирхийлэл, нүд хальтрам үзэгдэл агуулаагүй юм. Эсрэгээрээ найруулагч Теренс Малик үнэхээр нүд бүлтрэм тусгай эффектүүд ашиглан амьдралын утга учир болоод хорвоо ертөнцийн үүслийг эргэцүүлсэн кино бүтээж чадсан юм. Мэдээж хэрэг ийм киног хэд дахин үзэж байж ойлгох боловч зохиол болон үзэгдлүүд нь хэт толгой эргэм учраас үзэгчдийн зүгээс тийм ч өндөр үнэлгээ аваагүй байна. 

The Tree of Life (2011)

11 127 Hours (2010)

Хадны завсар гацсан уулчны бодит түүхийг өгүүлэх 127 Hours кино нь үнэхээр сайн бүтээл болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Киноны бүхий л үзэгдлийг жүжигчин Жэймс Франко өөрийн жүжиглэлтээр авч гардаг тул оскарын шагналд хүртэл нэр дэвшиж байжээ. Гэхдээ киноны төгсгөлийн хэсгийг нь цөөн хүн л харцаа буруулахгүйгээр үзэж дуусгасан болов уу.

127 Hours (2010)

12 12 Years a Slave (2013)

Америкийн хар арьстай боолуудын амьдралыг илүү, дутуу зүйлгүйгээр харуулна гэдэг тийм ч амар хэрэг биш. Харин 12 Years a Slave киноны найруулагч Стив Маккүин үнэхээр тэрхүү хүнд хэцүү амьдралыг бодитоор харуулж чадсан юм. 

12 Years a Slave (2013)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()