Жаахан байхаасаа тэрээр сарьсан бавгаахай шиг цуурай барих аргыг зөнгөөрөө сурчээ. Тодруулбал, тагнайгаа юм уу алгаа ташихад дуу авианы долгион эргэн тойрны бүх зүйлээс ойж, буцаж ирэхийг мэдэрч сурчээ. Тийнхүү Дэниэл өөрийнх нь эргэн тойронд байгаа зүйлсийн хэмжээ, хэлбэр ямар болохыг мэддэг байж.
Киш яваандаа хөл хөдөлгөөн ихтэй гудамжуудаар сургуульдаа явж, өөрөө хоолоо хийж сурсан байна. Тэр ч байтугай арван нас хүрэхдээ унадаг дугуй унаж сурчээ.
Түүнийг хөршүүд нь, эсвэл цагдаа нар гэрт нь нэг бус удаа хүргэж ирэхдээ "хүүхэддээ санаа тавихгүй байна" хэмээн эхийг нь зэмлэдэг байж. Нэг удаа Дэниэл шон мөргөсний улмаас дугуйгаа эвдэлж, нэг шүдээ булгалжээ. Гэтэл ээж нь түүнд тэр даруй дахин шинэ унадаг дугуй авч өгсөн байна.
Киш олон жил өөрийгөө байнга шахаж ажилладаг байжээ. Тэр морь унаж сурч, хаданд авирах хоббитой болсны зэрэгцээ их сургуулийн сэтгэл судлаачийн ангид орсон байна. Тэдгээрт нь элдэв саад тотгор учирч, бусад хүмүүс байнга хориглож байсан хэдий ч Дэниэл багшлах зөвшөөрөл авчээ.
Хожим тэрээр телевизийн нэвтрүүлэгт оролцох болж, өөрийн чадварыг үзүүлэн, хэдий бусдаас эрхтэн дутуу ч гэсэн бүрэн сайхан аж төрөх боломж бий гэдгийг хараагүй хүүхдүүдийн эцэг, эхэд харуулахыг хүсдэг байжээ.
Цуурайг таних гэдэг бол байнгын бэлтгэл сургуулилтаар тогтдог дадал. Ямар ч хүнийг сургаж болно, харин аль болох эрт эхлэх хэрэгтэй гэж тэрээр зөвлөдөг.
Өнгөрсөн он жилүүдэд Дэниэл өөртэйгээ адил хүмүүсийн хамт дэлхийд 2500 орчим хүнийг ингэж "харж" чаддаг болгосон байна. Хүний тархи дуу чимээний юмуу гэрлийн долгионоос төсөөллийн дүрсийг үүсгэж чаддаг.
Хараагүй хүмүүсийн тархины бор гадаргын үлэмжхэн хэсэг нь хар өнгөтэй болсон байдаг аж. Гэтэл Кишийн шавь нар болон түүний өөрийнх нь бор гадар гэрэлтэн, гялалзаж харагддаг нь МРТ-гийн шинжилгээнээс харагддаг байна. Тэгэхээр эдгээрх хүмүүс үнэхээр харж чаддаг нь үнэн. Тэдний тархинд буудаг зураг бага зэрэг бүүдгэр, хар цагаан өнгөтэй байдаг ч гурван хэмжээстэй гэнэ.
Дэлхийд 35 сая хараагүй хүн байдаг бөгөөд тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг. Харин Киш хараагүйн бэрхшээлээс айх хэрэггүй гэдгийг өөрийн туршлага, амьдралаар нотложээ. Харин сэтгэл зүй, оюуны харалган байдал үүнээс илүү аймшигтай. Өөрийн гэсэн замыг сонгож, харанхуйгаас гэрэлд гарахын тулд ингэхийг хүсч байгаа хүн бүрт туслах нь Дэниэлийн зорилго ажээ.