АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэг нь Олон Улсын Гидрографийн Байгууллага (IHO)-ээс гаргасан газрын зураг дээрх тэмдэг нэршлийн дүрэм, журмыг өнөөг хүртэл мөрдөж ирсэн. 1937 онд тус байгууллага Өмнөд далайг албан ёсоор хүлээн зөвшөөрөх гэж байсан боловч 1953 онд санал зөрөлдсөний улмаас энэхүү хүсэлтийг цуцалжээ.
1999 оноос хойш Антарктидыг тойрсон далайн усыг албан бусаар Өмнөд далай хэмээн нэрлэж ирсэн байна. Албан бус учраас түүний хил хязгаарыг тогтоогоогүй бөгөөд энэ талаар олон улсын түвшинд удаан хугацааны турш маргаантай байсаар өнөөг хүрсэн юм. Гэвч эцэст нь өмнөд далайг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөв.
Одоо манай дэлхий албан ёсоор тав дахь далайтай болсон бөгөөд 2021 оны 6-р сараас газрын зураг дээр тэмдэглэж эхэлжээ. "Өмнөд далайг эрдэмтэд эрт үеэс хүлээн зөвшөөрч ирсэн. Гэхдээ энэ талаар олон улсын гэрээ хэлцэл хийгдээгүй тул бид ч мөн албан ёсоор зөвшөөрөх боломжгүй байв." гэж АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн газар зүйч Алекс Тейт мэдэгдсэн байна. Түүний хэлсэнчлэн, Өмнөд далайг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр олон зүйл өөрчлөгдөх гэнэ.
2021 оны 6-р сарын 8-наас АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэг нь Өмнөд далайг бүх албан ёсны газрын зураг дээр тэмдэглэж эхлээд байгаа аж. Тав дахь далайн хил хязгаарыг Антарктидыг тойрон баруунаас зүүн тийш чиглэдэг Антарктидын циркумполяр урсгалаар (эсвэл Баруун салхины урсгал) тодорхойлох гэнэ. Өөрөөр хэлбэл, Дрейкийн хоолой, Скотиагийн тэнгисийг оруулахгүйгээр өмнөд өргөргийн 60 хэмийн шугам хүртэлх далайг Өмнөд далай хэмээн нэрийдэх болсон ажээ.