Хоёр дайнд тулалдсан Оросын домогт жүжигчин Юрий Никулиний амьдралын түүх

Юрий Никулин бол Зөвлөлтийн хамгийн алдартай жүжигчдийн нэг билээ. Тэрээр "Кавказад болсон явдал", "Мануухай", "Тэд эх орныхоо төлөө тэмцсэн", "Ы ажиллагаа" тэргүүтэй тайз дэлгэцийн олон дүрээрээ сая сая үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж чадсан чадварлаг уран бүтээлч юм. Ингээд та бүгдээрээ хамтдаа энэхүү агуу жүжигчний ажил амьдралын замналаар аялцгаая!

Хоёр дайнд тулалдсан Оросын домогт жүжигчин Юрий Никулиний амьдралын түүх

Юрий Никулин 1921 оны 12-р сарын 18-нд Демидов хотод төрсөн. Түүний гэр бүл театр, урлагтай холбоотой хүмүүс байв. Юрийгийн аав Владимир Андреевич "Теревюм" хэмээх хувьсгалт хошин явуулын театрыг зохион байгуулж, хэд хэдэн сонины сурвалжлагчаар ажиллаж, театр, циркийн шүүмж бичиж, өөрөө ч үзүүлбэрт оролцдог байжээ. Тэрээр маш идэвхтэй хүн байсан бөгөөд зорилгынхоо төлөө тууштай явдаг байв. Үүнээс гадна Владимир Андреевич төрөлх хотынхоо анхны хөлбөмбөгийн багийг бүрдүүлж, тоглогчдыг бие даан дасгалжуулсан аж.

1925 онд Юрийгийн гэр бүл нь Демидовоос Москва руу нүүжээ. Юрий Никулин ийнхүү Москвад сургуульд сурч, амьдралдаа анх удаа асар олон хүний бүрэлдэхүүнтэй цирк үзсэн бөгөөд тэрхүү дурсамжаа үлдсэн амьдралынхаа турш нандигнасан байдаг. Сургуульд сурч байхдаа тэрээр төрөл бүрийн инээдмийн үзэгдлүүдийг аавынхаа өгсөн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэж, бичих авьяасаа хөгжүүлсэн юм.

Бага байхаасаа л Юрий Чарли Чаплины кинонд дуртай байв. Тэрээр өөрөө ч мөн адил боломж гарах болгонд эргэн тойрныхоо хүмүүсийг хөгжөөхийг хичээдэг байсан бөгөөд багш, ангийнхаа хүүхдүүдийг нөхөрсгөөр элэглэдэг байжээ. Нэгэн удаа түүхийн хичээл дээр Никулин Догшин Иван хааны тухай хариулахаар самбарт гарч ирсэн байна. Энэ үед гэнэт тэрээр өөрийн зохиосон үлгэрүүдээр Иваны түүхийг "баяжуулж" эхэлсэн аж. Багш нь гайхаж, Юрийгээс тэр бүхнийг хаанаас мэдсэн юм бэ гэж асуухад нь "Би нэг номноос уншсан юм" хэмээн хариулсан гэдэг. 

1939 оны 11-р сарын 18-нд Юрий Никулин Улаан армид татагдав. Энд тэрээр мөн цуг байгаа цэргүүдээ бага ч болов инээлгэхийн тулд төрөл бүрийн онигоо ярьж гайхшруулсан байна. Нэг удаа Никулинаас найз нь унтахын өмнө онигоо ярьж өгөхийг гуйсан тул тэрээр үүр цайтал онигоо ярьж байсан аж. Хамгийн гайхалтай нь Никулин нэг онигоогоо огт давтаагүй гэнэ. Үүний хариуд найз нь түүнд арван хайрцаг тамхи өгчээ. 

Хоёр долоо хоноогүй байхад Зөвлөлт-Финландын дайн эхлэв. Юрий Владимировичийг Сестрорецкийн ойролцоо байрладаг зенитийн анги руу илгээсэн бөгөөд тус анги Ленинградыг хамгаалах үүрэгтэй байжээ. Тэрээр мөн Аугаа их эх орны дайнд оролцсон бөгөөд 1943 онд шархдаж, тархи нь доргисон юм. Эдгэрснийхээ дараа Никулин фронтод эргэн ирж Балтийн орнуудыг чөлөөлөх тулаанд оролцов.

Дайны жилүүдэд ч Юрийд инээдтэй явдал олон тохиожээ. Түүний батальоны командлагч Ларин хором ч унталгүй байлдсан цэргүүдийг өрөвдөж амраахаар болсон бөгөөд бусад нь амарч байхад Никулиныг харуулд гарахыг хүссэн байна. Гэвч тэр мөчид төвөөс шалгалт ирэв. Фронтын цэргүүд хариуцлага алдаж унтаж байсан хэмээн асар том шуугиан дэгдсэн бөгөөд Юрий бүх бурууг өөртөө авсан аж. Сонор сэрэмж алдсаныхаа төлөө түүний цолыг түрүүчээс байлдагч хүртэл бууруулсан ч тун удалгүй цолыг нь дахин олгов. Ийнхүү Никулин хоёр удаа түрүүч болсон түүхтэй.

 

Тэрээр 1946 онд цэргийн албанаас чөлөөлөгдөж, "Эр зоригийн одон", "Ленинградыг хамгаалав", "Германыг ялав" гэсэн гурван одон хүртжээ. Дайны үеийн хатуу ширүүн нөхцөл байдлыг өөрийн биеэр туулсан тэр бүгдийг үл харгалзан Никулин сэтгэлээр уналгүй, баяр хөөр түгээхийг хүссэн хэвээр байлаа.

Дайны дараа Юрий Никулин Герасимовын нэрэмжит Кино урлагийн дээд сургууль "ВГИК"-т орохоор шийдсэн боловч харамсалтай нь элсэж чадаагүй юм. Яг ижил түүх Оросын тайзны урлагийн дээд сургууль ГИТИС-т давтагдав. Багш нар нь яагаад ч юм Юрийгийн жүжиглэх авьяасыг олж хараагүй аж. Аз болоход Юрийгийн эцсийн найдвар Москвагийн циркийн сургууль түүнийг хүлээж авсан байна.

Цирк бол Никулины хоёр дахь гэр гэхэд болно. Энд тэр урлагийн гараагаа эхлүүлсэн бөгөөд насан туршдаа энэ тайзан дээр аз жаргалтай ажилласан юм. Карьерийнхаа эхэн үед Юрий алдартай алиалагч Карандаш (Михаил Румянцев)-ын туслах байсан ба 1950 оноос хойш Шуйдинтай хамтарч болж байжээ. Заримдаа Никулиний эхнэр Татьяна Николаевна гурав дахь хамтрагчаар оролцож байв. Ихэвчлэн Никулин (тайзны нэрийг нь "Юрик" гэдэг байв) азгүй хүний дүрийг бүтээдэг байсан бол Шуйдин танхай эрд тоглодог байжээ. 

Цветной циркт Юрий бараг тавин жил буюу 1981 он хүртэл ажилласан бөгөөд жүжигчнээс эхлээд циркийн ерөнхий найруулагч, эцэст нь захирал хүртэл дэвшжээ. Тэрээр тэтгэвэрт гарахдаа өөр хүссэн зүйлээ хийнэ гэж боддог байсан ч циркээс салж чадахгүй байв. Никулин мөн захирал болохдоо олон том санаачилга гаргасан байдаг. Түүний удирдлага дор Цветнон барилгыг бүрэн сэргээн засварлаж, шинэчилсэн бөгөөд Юрий ажлын явцыг биечлэн удирдсан юм.

Никулиний кино карьер нэлээд хожуу буюу 36 насанд нь эхэлсэн байна. Түүний анхны дүр нь "Гитар барьсан охин" киноны туслах дүр байсан байжээ. Гэхдээ түүнийг алдар нэрийн оргилд гарах үндсийг Леонид Гайдайгийн найруулсан "Кавказад болсон явдал", "Ы ажиллагаа" тавьсан билээ.

Энэ үед л өдгөө домог болсон Витсин, Никулин, Моргунов нарын гурвал хамтарч эхэлсэн байна. Тэд хоорондоо бараг ярихгүй ч үйл хөдлөл болоод нүүрний хувиралаараа үзэгчдийг төвөггүй инээлгэдэг гэдгээрээ нэрд гарсан билээ. Ийнхүү кино ертөнцөд ардалтай болсон Юрийг харах гэсэн хүмүүс циркт нь овоорч эхэлсэн байна. Никулин үүнээс гадна "Эрдэнэ нуусан гар" инээдмийн киноны Семен Семеновичийн дүрээрээ амжилт олжээ.

Гэсэн хэдий ч Юрий алдар нэрийн хойноос хөөцөлдөөгүй юм. Тэрээр маш энгийн хүн байсан бөгөөд нэг удаа “Хүмүүсийг инээлгэхдээ би үргэлж баярладаг байсан. Хэн бусдыг инээлгэнэ, тэр бусдыг сайхан мэдрэмжээр цэнэглэдэг. Ийм инээдийн дараа уур амьсгал ч өөр болж бид амьдралын олон бэрхшээл, таагүй байдлыг мартдаг. " гэж хэлсэн байна.

Үүний хажуугаар Никулин зураг авалтын явцад идэвхтэй оролцдог байсан нь сонирхолтой юм. Жишээлбэл, тэрээр "Кавказад болсон явдал" кино зохиолын анхны хувилбарыг "Инээх юм юу ч байхгүй байна." хэмээн шүүмжилж байжээ. Түүний шүүмжлэлтэй санал нийлсэн найруулагч Гайдай киноны багийнхан дунд уралдаан зарласан бөгөөд хамгийн инээдтэй үзэгдлийн санаа олсон хүнд оргилуун дарс бэлэглэнэ хэмээсэн аж. Мэдээж үүнд Юрий ялсан гэнэ.

Гэхдээ Юрий жүжигчний авъяас чадвараа ганцхан инээдмийн төрөлд харуулсангүй. Юрий Никулин хамгийн агуу жүжигчдийн мөрөөдөж чадах нэг зүйлийг хийсэн юм. Тэр нь Зөвлөлтийн хамгийн "хэцүү" хэмээх хоёр найруулагч Андрей Тарковский, Алексей Герман нарын аль альны кинонд тоглосон явдал байв. Тарковскийн "Андрей Рублев" кинонд Никулин Бат Хааны довтолгооны үеэр баригддаг лам Патрикейгийн дүрийг бүтээжээ. Дараа нь Юрий найруулагч Алексей Германы "Дайнгүй хорин өдөр" кинонд Сталинградаас Ташкент руу гурван долоо хоногийн амралтаар ирсэн сэтгүүлчийн дүрийг бүтээсэн байна. Дээрх хоср дүр ямар ч хошигнол байхгүйн дээр бүтээхэд маш хэцүү байсан гэдгийг энд дурдах хэрэгтэй. 1975 онд Никулин найруулагч С.Ф. Бондарчукийн "Тэд эх орныхоо төлөө тэмцсэн" хэмээх дайны сэдэвтэй кинонд мөн тоглосон байна. Найруулагч нь гайхалтай жүжигчилсэн чуулга олж чаджээ. Юрий өөрөө дайн үзсэн хүн учраас цэрэг эсвэл дайнтай холбоотой кинонд маш сайн таардаг байв. 

Найман жилийн дараа түүний тоглосон хамгийн сүүлчийн кино "Мануухай" Зөвлөлтийн дэлгэцээр гарч үзэгчдийг цочирдуулж байсан юм. Юрий тус бүтээлд гол дүр Ленагийн өвөө болж гарсан байна. Тус кино Лена охин ангийнхандаа дээрэлхүүлж буй тухай өгүүлдэг. Зөвлөлтийн хүүхдүүд ийм харгис биш хэмээн эцэг эхчүүд эгдүүцэж уг бүтээлийг театруудад гаргахгүй байхыг хүртэл шаардаж байжээ.

Юрий Никулин 1997 онд далан таван насандаа таалал төгссөн байна. Авьяаслаг кино жүжигчин, циркийн уран бүтээлч тэрээр Зөвлөлт, Оросын үзэгчдийн чин сэтгэлээсээ хайрласан хүмүүсийн нэг болж чадсан төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд өнөөдөр түүний нэрийг Оксфордын нэвтэрхий толь бичигт хүртэл дурдсан байдаг. 

Юрий мөн жинхэнэ тэнгэрийн од болж чадсан юм. Манай нарны аймгийн жижиг гаригийг 1981 онд Зөвлөлт одон орон судлаач Людмила Журавлева нээсэн бөгөөд түүнийг Никулины нэрээр нэрлэсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()