Герман улсад эрх мэдлээрээ Адольф Гитлер, Хенрих Химмлер нарын дараа суртал ухуулгын сайд, алдарт нацист доктор Йозеф Геббелс ордог байжээ.
Өөрөөр хэлбэл тэрээр улсынхаа гурав дахь хамгийн хүчирхэг хүн байсан юм. Тэрээр 1933 онд дундыг барьсан үзэлтэй Швейцар улсад болсон Үндэстнүүдийн лигийн хуралд эх орноо төлөөлөн оролцсон байна.
Үндэстнүүдийн Лигийг орчин үеийн НҮБ-ын анхны хувилбар байсан гэж хэлж болох бөгөөд үндсэн үүрэг нь улс орнууд дунд үүссэн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх байв. Тухайн үед хүчирхэгиж байсан Герман улсын удирдагч Адольф Гитлерийг тогтоон барих тал дээр Үндэстнүүдийн Лиг гол анхаарлаа хандуулж байсан цаг. Хэдхэн жилийн дараа Үндэстнүүдийн лиг задарч, Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх боловч томоохон гүрнүүдийн удирдагчид уулзалт, зөвшилцлөөр бүгдийг эвтэйхэн шийдэхийг оролдож байжээ.
Энэхүү хурал 1933 оны намар Женев хотноо зохион байгуулагдсан бөгөөд еврей гэрэл зурагчин Альфред Эйзенштедт Герман улсаас нацистуудтай хамт очжээ. Гитлерийн Үндсэрхэг Социалист нам дөнгөж засгийн эрхэнд гарсан боловч Ари үндэстний гол дайснууд болох еврейчүүдийн хавчлага Герман улсад хэдийнэ эхлээд байсан аж.
Энэ үед Еврейчүүдийг Германы төрийн албанаас аль хэдийн халж, бизнесийг нь хавчин, еврей номуудыг хүртэл шатааж байв. Гэхдээ хараахан хэлмэгдүүлэлт, хоморголон устгалт эхлээгүй байлаа.
Еврей гаралтай Германы иргэн Эйзенштедт Америкийн LIFE сэтгүүлд ажилладаг байсан бөгөөд тэрээр Геббельсийн зургийг дарах үүрэг авчээ.
Эхлээд Геббельс халуун дулаанаар хөгжилтэй инээмсэглэн хэд хэдэн удаа зургаа даруулжээ. Гэвч төд удалгүй Йозеф Геббельс өөрийнх нь зургийг еврей хүн дарж байгааг мэдсэн бөгөөд тэрээр гэрэл зурагчны нэрийг мэдмэгцээ хандлагаа илт мэдэгдэхүйц өөрчилсөн байна.
Харин гэрэл зурагчин энэ мөчийг алдалгүй Геббельсийн хормын дотор хувьссан хүйтэн харцыг гэрэл зургийн хальсанд буулгаж чадсан аж.
Геббельс болон бусад нацистууд Германы бүхий л зовлон бэрхшээлийг еврейчүүдээс үүдэлтэй гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байсан гэдэг. Гэвч Германаас өөр оронд байгаа учраас Геббельс гэрэл зурагчинг хөөж чадаагүй юм.
Сэтгүүлч мэргэжлийнхээ ачаар нацистуудтай танилцаж чадсан еврей эр Алфред Эйзенштедт Герман руу буцаж очсоныхоо дараа хэлмэгдүүлэлтээс мултарч чадсан байна. Тэрээр байдал бишгүйдсэнийг цаг алдалгүй ойлгож, 1935 онд еврейчүүдийг хорих лагерь руу илгээн хоморголон устгаж эхлэхээс өмнө Америк руу дүрвэжээ.
Харин Йозеф Геббельс 1945 онд Зөвлөлтийнхөнд олзлогдохгүй гэсэндээ Берлин дэх нэгэн бункерт гэр бүлийн хамт амиа хорлосон билээ.