Ээж, хүү хоёрын 18 сарын аялал ээжийнх нь биеийн байдал дээрдэхэд маш их тусалсан хэмээн Шон дурссан юм. Ялангуяа амьдралынхаа сүүлийн саруудад Мэригийн бие эмч нарын тооцоолсноос илүү сайн байсан аж.
Ийнхүү ээж, хүү хоёр жил хагасын хугацаанд дэлхийг тойрон аялжээ. О'Салейгийн хэлснээр түүний ээж энэ аялалд гарсандаа маш сэтгэл хангалуун байсан бөгөөд биеийн байдал нь энэ үеэр эрс сайжирч, бүр эргэн хөл дээрээ босож, ярьж эхэлсэн байна. Хүүгийнхээ ачаар Мэри 2019 онд нас барахаасаа өмнө Өмнөд Африкийн элсэн дээр алхаж, Италийн уулсаар аялж, тэр бүү хэл Балба дахь будгийн наадамд оролцож амжжээ.
Мэри 2013 онд 77 настайдаа альцхеймер туссан хэмээн оношлогдсон юм. Шон тухайн үед Ромд амьдардаг байв.
"Би ээжийнхээ өвчнийг эмчлэгдэх боломжгүй л гэж бодож байлаа. Гэхдээ Балбад ирсний дараа түүний бие мэдэгдэхүйц сайжирсан. Ээж минь дахин алхаж, ярьж эхэлсэн юм. Тэр ч байтугай гадаад шинэ үг сурч эхэлсэн гээд бод доо. Альцхеймер өвчин даамжрах тусам хүн илүү аз жаргалтай болдог гэж мэдрэлийн эмч надад хэлсэн юм. Түүний зөв байсан. Миний ээж амьдралынхаа сүүлийн саруудад илүү залуужиж, илүү аз жаргалтай болсон." гэж Шон хэлжээ.
Ээжийгээ альцхеймерийн өвчтэй гэж оношлогдсоны дараа Шон Италиас Ирланд руу ээжийгээ асрахаар ирж очдог байв. Гэхдээ гэр бүлийнхэн нь хөгшин ээжийгээ 2018 онд асрамжийн газарт шилжүүлэх талаар ярилцаж эхлэхэд Шон тэс өөр арга сэдсэн байна.
Эхлээд Шон ээжийнхээ хамт Ирландын хүйтэн өвлийг орхиж, Балба руу аялахаар шийджээ. Тухайн үед аялал нь ердөө 2 сар үргэлжлэх ёстой байв.
Балба улс ээж, хүү хоёрт үнэхээр их таалагдсан гэнэ. "Бид нуурын эргээр алхаж, хүүхдүүдийн тоглохыг харах дуртай байсан юм. Тэд бидэнтэй хамт кафед сууж, ээжтэй минь халуун яриа өрнүүлнэ. Бас болоогүй, миний байнга биедээ авч явдаг самаар хүүхдүүд ээжийн минь үсийг нь самнаж өгнө. Хүүхдүүд ээжийг эмээ гэж дууддаг байсан бөгөөд хариуд нь ээж үргэлж "намастэ" гэж хэлдэг байлаа." гэж Шон хуваалцсан юм.
Балбын дараа 2018 оны 4-р сард Шон Мэриг Ром дахь байрандаа авч иржээ. Шон энэ талаар "Би ээжийгээ Итали дахь гэртээ олон удаа дагуулж ирсэн болохоор тэр Ромд ирж байгаагаа шууд л мэдсэн. Ялангуяа дуртай ресторан, сүм хийдээ сайн санаж байсан шүү." хэмээв. Долдугаар сард Ромд хэт халуун болоход ээж, хүү хоёр Итали дарь Умбрийн нуруудыг зорьсон байна. Энэ үеэр Мэри Италид тааралдсан хүн бүхэнтэй ярилцаж байсан гэнэ. Харин таван сарын дараа тэд Өмнөд Африкийн Кейп Тауныг зорьжээ.
Мэри 2019 оны 5-р сарын 24-нд Өмнөд Африкт уушгины халдварын улмаас нас барсан байна. "Сүүлдээ ээж минь намайг аав гэж дууддаг болсон. Би ээжийг нас барахад нээрээ л бяцхан охиноо алдаж буй мэт санагдсан юм. Би түүнийг асрахын тулд амьдралаа түр хойш тавих хэрэгтэй байсан ч эцэст нь тэр цаг хугацаа надад маш их зүйлийг өгсөн."
"Хүмүүс түүнийг надад дарамт болно гэж бодож байсан хэдий ч миний хувьд бүх зүйл эсрэгээрээ байсан. Би түүнд өнгөрсөн амьдралыг нь сануулах гэж хичээгээгүй, харин ч түүнийг шинэ ертөнцтэй танилцуулахыг хүссэн. Би ээжтэйгээ хамтдаа тоглож, ярилцаж олон цагийг өнгөрөөсөн." гэж Шон ээжтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа хуваалцжээ.