Ослын өмнөх шигээ энгийн амьдралаар амьдрах аргагүй болсон Марк дахин хөл дээрээ гишгэхийн тулд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах л цорын ганц сонголт байв. Гэвч үүний тулд тэрээр ажлаасаа гарах шаардлагатай болсон ч ингэснээр орлогын эх үүсвэрээ алджээ. Энэ бүхний хажуугаар Марк өөрт нь гай зовлон авчирсан өнөөх машины жолоочийг үзэн ядсаар байв.
Гэхдээ осол гаргасан машины жолооч Люк Хачинс гэгч тухайн үед жолоо барьж байх үедээ таталт өгсөний улмаас ийнхүү осол гаргасан нь тодорхой болсон байна. Урьд нь түүнд ийм зүйл огт тохиолдож байгаагүй аж.
Люкийг ослын газраас нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна. Түүний хөл, хавирга, өвдөг, эгэмний яс хугарсан бөгөөд нүүрний яс нь ноцтой гэмтсэн учраас эрүүнд нь төмөр хавтан хүртэл суулгажээ.
Нэмж дурдахад, үзлэг хийсний дараа эмч нар Люкийн тархинд цус хуралт үүссэн гэдгийг тогтоосон байна. Үүнээс болж тэрээр дахин таталт өгөх, улмаар цус харвах эрсдэлд орж, цаашид машин жолоодох нь бүү хэл, хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ тэвэрч ч чадахгүй болов.
Маркийн бие арайхийн тэнхэрч, хөл дээрээ босоод удаагүй байтал эцэг нь нас баржээ. Мэдээж энэ нь түүнд маш хүнд цохилт болсон учир тэрээр Гэгээн Жэймсийн зам хэмээх Франц болон Испанийн газар нутгаар дайрдаг газраар явган аялал хийхээр шийдэв. Ингэж байж Марк өнөөх жолоочид уурласан уур, бэртлээс үүссэн стресс, аавыгаа алдсан гунигаа дарж чадна гэдэгт итгэсэн гэнэ.
2016 оны 11-р сард 27 өдрийн аяллаа дуусгаад гэртээ ирэхдээ Марк осол гаргасан жолооч Люктэй уулзахаар шийджээ. Марк олон хоног эргэцүүлсний эцэст Люкт өс санахаа больж, бүхий л гомдлоосоо ангижирч чадсан учир ийнхүү түүнтэй уулзах цаг товложээ.
Яг энэ үед Люк амьдралынхаа хамгийн хэцүү мөчийг ганцаар туулж байсан гэнэ. Тэрээр ослоос хойш ажлаа алдаж, эхнэртээ хүртэл хаягдаж хоцорсон учраас сэтгэл гутралд орсон байв.
Люк хожим нь "Би Марктай уулзахаас өмнө маш их айж байсан. Түүнийг над руу шууд дайрч, хашхичиж эхэлнэ гэж бодсон." гэж дурссан байлаа.
Гэхдээ Марк түүнтэй маргалдах гэж биш, зүгээр л сэтгэлээ уудалж ярилцахаар ирсэн байжээ. Марк Люкийн туулсан бүгдийг сонсоод харин ч түүнд туслахаар шийдсэн байна. Ингэхийн тулд Мак Люкийг Гэгээн Жэймсийн замаар цуг явахыг хүссэн аж.
"Болсон явдалд бид хоёрын хэн нь ч буруугүй. Хэн хэн маань үхэж болох байсан. Тиймээс би нэг тусгай зүйл хийхээр төлөвлөсөн юм. Бид цугтаа ахан дүүс шиг аялж, амьдралын сайн сайхныг мэдэрч, ирээдүйдээ итгэх итгэлтэй болох ёстой байсан. Хэн хэн маань сэтгэл санааны хямралд орсон байгаа учраас зориг шаардсан зүйл хийж муу зүйлсээс салах хэрэгтэй. Үүний тулд Люк надтай аялах ёстой байсан" гэж Марк хэлжээ.
Люк өмнө нь Гэгээн Жэймсийн зам гэж дуулах нь битгий хэл, улсынхаа хилийг ч давж үзээгүй байжээ. Марк бүх зүйлийг тооцоолон бэлдэж эхэлсэн бөгөөд Люкийн зардлыг даахын тулд хандивын аялал эхлүүлж, түүний эрүүл мэндийн байдлыг хянах талаар хүртэл судалсан байна. Эцэст нь тэд 2017 оны 10-р сард Франц улсад очсон бөгөөд тэр үед Марк 49, Люк 33 настай байжээ.
Аялалд гарахдаа Марк, Люк хоёр тус бүр 18 кг ачаа авч явсан аж. Люкийн бие сул тул амархан ядарч байсан учраас Марк түүнд тусалж, ачааг нь үүрч байв. Гэхдээ эхний уулаа даваад Люкийн бие эрс сайжирсан төдийгүй, тэрээр тамхи татахаа больж, илчлэг өндөртэй шөл идэж, илүү их шингэн ууж хэрэглэсэн байна.
Ийнхүү илүү хол аялах тусам Люк өөртөө илүү итгэлтэй болж иржээ... Аажимдаа тэрээр бусдаас илүү хурдан уул давж, бусдад тусалж чадахуйц болж эхлэв. Гэхдээ бүх зүйл амар байсангүй. Тэрээр гэр бүлээ санаж байсны дээр, хэзээ бие нь таталт өгөх бол гэж замын турш болгоомжилж явсан байна. Мөн эргэн тойронд нь англиар ярьдаг цөөхөн хүн байсан учраас хүмүүстэй ч олигтой харьцаж чадаагүй аж. Тиймээс Марк, Люк хоёр хоорондоо л маш их ярьж, нэг нэгнээ маш сайн мэдэж авчээ.
Тэд нийтдээ 40 өдрийн дотор 720 км зам туулсан байна. Энэ хооронд Люк нэг удаа л таталт өгсөн аж. Эцэст нь Люк, Марк хоёрын аль аль нь бүх зүйлтэй эвлэрч чадсан бөгөөд өмнө нь нэг нэгнээсээ эмээж байсан хоёр сүүлдээ сайн найзууд болсон гэнэ. Люк ч Маркийн ачаар амьдрах хүсэл эрмэлзлээ эргүүлэн авч чадсан юм.