Хэрэв бух зааны чамархай хэсэг харласан байвал түүнээс аль болох түргэн холдох хэрэгтэй. Энэ нь тэдний үржлийн цаг болсныг илтгэх тэмдэг бөгөөд буурны шилнээс бохь ялгардгийн адил ороо нь орсон зааны чамархайн булчирхай ингэж илүүдэл даавраа гадагшлуулдаг байна.
Энэ үед зааны бие дэх тестостероны хэмжээ жирийн үеэс даруй 60 дахин их болдог тул харагдсан амьд амьтан, тэр ч байтугай мод бутанд хүртэл "уураа гаргадаг" гэнэ. Ийм заан хот тосгон руу довтлон хүмүүсийг айлгаж, тааралдсан амьтан бүрийг соёогоороо сүлбэн алахыг оролддог.
Судлаачдын үздэгээр чамархайнаас ялгарсан шингэн ам руу нь урсаж орох үед, түүнчлэн чамархайн булчирхай нь хавдаж үрэвссэнээс шалтгаалан шүд нь тэсэхийн аргагүй өвддөг тул заан ийнхүү "урдуураа улаан хөлтөн өнгөрүүлдэггүй" болдог ажээ.
Харин Энэтхэг, Зүүн өмнөд Азийн тэжээмэл заануудын хувьд орооны үе нь багагүй асуудал дагуулдаг. Жирийн цагт номхон дөлгөөн, нөхөрсөг заанууд орооны үедээ сургагчаа хөнөөсөн явдал олон гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд зааныг ганцааранг нь бөх бат хашаанд хорьж, том гадсанд уях бөгөөд ороо нь дуустал хэдэн өдрийн турш ус, хоол өгөлгүй сойх арга хэмжээ авдаг байна.
Орооны үед зааны бэлэг эрхтэн нь дангаараа бараг 50 кг жин хүрдэг бөгөөд 1.5 метр буюу түүнээс илүү урт болдог.
Хамгийн гайхалтай зүйл бол заан энэхүү эрхтнээ яг хошуу шигээ чөлөөтэй удирдаж урагш хойш, дээш доош хөдөлгөж чаддаг аж.
Заан том биетэй учраас нөхөн үржихүйн эрхтэн нь ч дагаад том байх ёстой гэж хэлэх хүмүүс бий. Гэхдээ том биетэй гэдэг шалтгаанаар бүх зүйл нь том байх албагүй гэнэ. Жишээ нь, хүнээс том биетэй горилл нь шимпанзегаас жижиг эрхтэнтэй бол шимпанзе нь хүнээс бараг 2 дахин жижиг эрхтэнтэй юм.
Зааны нэг сүрэг нь дан эмэгчингүүдээс бүрддэг бөгөөд эрэгчингүүд нь тусдаа явж байгаад ороо нь орох үед тэднийг зорьж ирдэг. Ихэнх заан 15 нас хүрэхэд бэлгийн бойжилт нь эхэлдэг бөгөөд үүнээс болж сүрэг нь "зовлонд" унадаг. Учир нь эсрэг хүйсэндээ татагдах гэдгийг анх удаа мэдэрч байгаа залуу заануудын ааш авирт хурц өөрчлөлт ордог.
Заан гэдэг амьтан угтаа тун тайван амьтан. Гэхдээ ороо нь орсон заан хүссэн эмэгчинтэйгээ нийллэгэд орохын тулд бусад эрэгчингүүдтэйгээ хайр найргүй үзэлцэх нь бий. 15-30 насны дөнгөж ороо нь орж эхэлж буй заануудтай ихэнх эмэгчингүүд нийллэгэд ордоггүй учраас тэдгээр "нөхөд" нийлж аваад хамтдаа тэнүүчилж, асуудлыг хүчээр шийдэх үе ч байдаг гэнэ.
Кени улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэсэг залуу заанууд 2 сарын дотор 32 хирсийн аминд хүрч зугаагаа гаргасан байдаг. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хөгшин заан авчирч байж тэдний аллагыг зогсоосон юм.
Эмэгчин заанууд 15-аас 50 хүртэлх насандаа үржилд ордог бөгөөд энэ хооронд дунджаар 6-7 тугал төрүүлдэг байна. Зааны хээл 22 сар үргэлжилж, дараа нь тугалаа хөхүүлж өсгөхөд жил гаруй хугацаа шаардагддаг.
Тиймээс 4-5 жилд заан нэгээс олон удаа төрөх боломжгүй. Нялх заан төрөхдөө л 100 гаруй кг жинтэй байдаг.
Үржлийн үед заанд бусад амьтад шиг таазаараа хөдлөх шаардлага байдаггүй. Өмнө нь дурдсанчлан тэд бэлэг эрхтнээ чөлөөтэй хөдөлгөж чаддаг учраас тэд нэг байрлалд орсон л бол үржлийн үед биеийн бусад хэсгээрээ огт хөдөлдөггүй байна.
Эр заан эмэгчингээсээ дунджаар 1.5 дахин том биетэй байдаг болохоор биеийнхээ бүх жингээр хамтрагчаа дарахгүйн тулд урд хөлөө нуруун дээр нь тулж, хойд хоёр хөл дээрээ тогтдог. Энэ үед эрэгчин нь эрхтнээрээ тэмтчиж зорьсон байгаа олдог байна. Хачирхалтай нь, тэдний үржлийн дундаж хугацаа нь нэг минут ч хүрдэггүй.