Арюна Буриад оронд төрсөн хэдий ч энэ газарт амьдарч үзээгүй бөгөөд европ төрхтэй хүмүүсээр хүрээлүүлж өссөн учир өсвөр насандаа өөрийн ази царайнд дургүй байжээ. Бүсгүй өөртөө таалагдахын тулд байнга нүүрээ олон янзаар будаж, нүдэндээ өнгөтэй линз зүүж, шивээс хүртэл хийлгэж байсан гэнэ. Үүгээр зогсохгүй, гадаад төрхөөсөө эхлээд тэрээр өөрийн угсаа гарлыг ч мөн үгүйсгэдэг байсан аж.
Гэвч хожим байгалиас заяасан бүхнээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө байгаа чигээр нь хайрлаж эхэлснээсээ хойш төрөлх соёлоосоо урам зориг авч, үндэсний хувцастай гэрэл зураг авч эхэлсэн байна. Тэрээр эцэст нь аливаа зүйлийн үндэс угсаа гэдэг хэчнээн чухал зүйл болохыг ухаарсан гэнэ.
Тэрээр өдгөө Burberry, Farfetch, Fenty Beauty тэргүүтэй хэд хэдэн томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай. Арюна карьерийнхаа эхэнд зарим гоо сайхны брэндүүдтэй хамтарч байсан боловч артистын мэдрэмж, ур чадварт бүрэн итгэл даалгадаггүй, түүнийг өөрийнхөөрөө сэтгэх боломж олгодоггүй учир энэ төрлийн ажлын саналыг хүлээн авахаа больсон гэнэ. Чухамдаа тэрээр хэлбэр бус, агуулгыг чухалчлан ажилладаг байна.
Нэгэн үед тэрээр гадаад төрхөө бусдын нүдэнд нийцүүлэхийн тулд нүүрээ будаж, хувцасладаг байсан бол өөрийгөө хүлээн зөвшөөрч чадсанаар нүүр будаг гэгч зүйлийг хүний сэтгэл хөдлөл, уран сэтгэмжийн илэрхийлэл болгох боломжтойг олж харсан гэнэ. Гэрэл зургийн ертөнцөд анх хөл тавихдаа тэрээр ямар ч нэмэлт тоног төхөөрөмжгүйгээр өөрөө зургуудаа авч, өөрөө модель хийдэг байсан учраас голдуу царайныхаа зургийг л авч чаддаг байсан аж. Ийнхүү Арюна нүүр будалт, үс засалтыг гүнзгий сонирхож эхэлжээ.