Хөтлөгч Опра Уинфри болон Сассексийн бэйс Хунтайж Харри нарын хөтлөн явуулдаг "The Me You Can't See" цуврал нэвтрүүлэг нь Лэди Гага, жүжигчин Гленн Клауз, сагсан бөмбөгийн тоглогч ДеМар ДеРозан зэрэг олны танил эрхмүүдийг оролцуулсан таван дугаараас бүрдэнэ.
Леди Гага нэрээрээ олны танил болсон дуучин Стефани Германотта энэ нэвтрүүлгээр дамжуулан дөнгөж хөгжмийн ертөнцөд хөл тавиад байх үедээ буюу 19 насандаа бэлгийн хүчирхийллийн золиос болсноор барахгүй, хүчирхийлэгчээс жирэмсэн болж байсан тухай аймшигт мэдээгээр шүтэн бишрэгчдээ цочирдуулсан байна. Энэ явдлаас болж тэрээр удаан хугацааны турш өөрийгөө буруутгаж, үзэн ядсаар эцэстээ сэтгэлийн гүн хямралд оржээ.
Тэрээр өөрийг нь хүчирхийлсэн этгээд түүний хөгжмийн продюссер байсан гэдэг мэдээллийг задалсан ч тэрээр хэрэгтний нэр болоод хувийн мэдээллийг дурьдаагүй. Гэвч энэ нь тэр хүний гэм бурууг уучилсан хэрэг биш, эсрэгээрээ хэрэгтний царайг үлдсэн амьдралынхаа турш харахгүй байхыг хүсэж байгаа учир ийм шийдвэр гаргасан гэдгээ хуваалцсан байлаа.
Нэр нь үл мэдэгдэх продюссер дуучин болох мөрөөдөлтэй өсвөр насны охиныг студидээ сар гаруй хугацаанд хүчээр хорьж, хувцсаа тайлж хэлснийг нь биелүүлэхгүй бол бичүүлсэн бүх дууг нь шатаана гэж сүрдүүлсэн гэнэ. Үүнээс болж тэрээр гэмтлийн дараах стрессийн эмгэгээр олон жил шаналж, болсон явдлын тухай бодох бүрт бэлгийн хүчирхийлэлд өртсөн шигээ өвдөлт мэдэрдэг байсан аж.
Дуучны амьдралд хар толбо үлдээсэн уг явдал түүнийг 19 настайд тохиолдсон гэвэл хэрэг 2005-2006 онд болсон байх магадлалтай.
Харин энэ талаар хүмүүсээс нууцалж өдийг хүрсний учир нь тэрээр хүчирхийлэлд өртсөн хөөрхийлөлтэй, сул дорой охины хувиар олны танил болохыг хүсээгүйтэй холбоотой гэнэ. Үнэхээр ч Леди Гага цэвэр өөрийн авьяас чадвар, хүсэл эрмэлзлээр хөгжмийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн гэсэн байр сууриа цогцлоож чадсан уран бүтээлч билээ.
Тэрээр уг явдлаас үүдэн түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, болсон үйл явдлыг өөрийн буруу мэтээр бодож, ямарваа нэг байдлаар хүчирхийллийг өдөөсөн гэж өөрийгөө буруутгадаг байснаасаа болж байнга шаналдаг байсан төдийгүй, одоо ч тэр цаг үеийн тухай бодоход дотор нь муухайрдаг гэжээ. Леди Гага гэмт хэрэгтнийг шүүхэд дуудаж, хийсэн хэргийнх нь хариуцлагыг үүрүүлмээр байгаа ч амьдралынхаа хамгийн аймшигтай мөчийг эргэн дурсахгүйн тулд цагдаад мэдэгдэхгүй байхаар шийдсэн гэдгээ тайлбарласан юм.
Алдарт дуучны амьдралыг өвчин зовиур, шаналал түгшүүрээр дүүргэсэн энэ явдал одоогоос 16 жилийн өмнө болж өнгөрсөн ч үр дагавар нь өнөөдөр хүртэл түүнийг зовоосоор байгаа талаар нулимс дуслуулан хуваалцжээ.