Түүний хочийг Сабек (새벽 буюу "үүр цайх" гэж орчуулагддаг) гэдэг бөгөөд Жун Жү энэ нэрээрээ блог хөтөлдөг. Тэрээр бусад хүмүүс унтаж байхад өглөөний цэвэр агаарт алхах дуртай. Үүр цайхыг харах дуртай учраас өөртөө ийм нэр өгөхөөр шийдсэн гэнэ.
7 жилийн өмнө Жун Жү Youtube сувгаа нээн хөтөлж эхэлсэн байна. Тэрээр богино хугацаанд гоо сайхны видеогоороо дэлхийн сая сая хүмүүсийн анхаарлыг татаж чадсан юм. Ийм том амжилтын эзэн болсон тэрээр чадах чинээгээрээ хичээж, хамгийн сайн гэсэн контентуудыг бүтээдэг байв. Гэтэл түүний төрх аажим аажмаар өөрчлөгдөж байгааг үзэгчид нь анзаарсан аж.
Хорт хавдраа эдгээхийн тулд тэрээр химийн эмчилгээ хийлгэж эхэлсэн учраас арьсны өнгө нь өөрчлөгдөж, өтгөн үс нь өдөр ирэх тусам ихээр унаж эхэлсэн нь энэ байжээ. Гэхдээ Жун Жү видеогоо гаргасаар байсан бөгөөд тэрээр өвчин зовлонд дарагдаж, дуртай зүйлээ орхихыг хүссэнгүй.
Харин эсрэгээрээ Жун Жү хорт хавдрын эсрэг хэрхэн тэмцэж байгаагаа харуулж, хүнд байдалд орсон хүмүүст амьдралынхаа төлөө үргэлжлүүлэн тэмцэхэд урам зориг өгөхөөр шийджээ. Химийн эмчилгээний үр нөлөөг харуулсан түүний бичлэгүүдийн нэгийг 6 сая гаруй хүн үзсэн байна. Түүний бичлэгийг гадаадын хэвлэлүүд онцлон бүсгүйн эрч хүчийг сайшаасан байдаг.
Гэвч 2021 оны 3-р сард түүний амьд явах хугацаа дуусаж байгаа талаарх дахин аймшигт мэдээ дуулжээ. Жун Жү үүнийг сонсоод мэдээж сэтгэлээр унасан ч биеэ барьж чадсан бөгөөд одоо амьд байгаа юм чинь цаашид ч мөн амьд үлдэнэ гэж өөртөө амалсан аж.
Энэхүү видеоны дор хүмүүс түүнийг дэмжиж, сэтгэлийн тэнхээгээр нь бахархаж байна гэх зэргээр хэдэн арван мянган сэтгэгдэл үлдээжээ. Харамсалтай нь түүний өвчин эдгэрэх болоогүй учраас Жун Жү өнөөдрийг хүртэл амьдралынхаа төлөө тэмцэж байна. Жун Жугийн хэлснээр, тэрээр хайртай хүмүүсээсээ хамгийн их урам зориг авдаг гэсэн байна.
Хүн бүр зовлон бэрхшээлтэй тулгардаг, түүнээсээ болж сэтгэлээр унадаг. Гэхдээ эр зоригийн хүчээр тэрхүү мэдрэмжинд бууж өгөлгүй амьдралын төлөө тэмцэх чадвар хүн бүрт бий гэдийг Жун Жү өөрийн жишээгээр харуулсаар байгаа юм.