Онцгой байдлын алба онгоцыг агаарт дэлбэлсэн хүмүүсийг амархан олсон юм. Хэрэгтнүүд нь Багдадаас суугаад Абу Дабид буусан ази төрхтэй эрэгтэй, эмэгтэй хоёр зорчигч байв. Тэд дараа нь Абу Дабигаас Бахрейн руу ниссэн бөгөөд шууд нисэх онгоцны буудал дээр газардах үедээ баривчлагджээ. Цагдаагийнхан тэднийг бизнес аялалд явж байгаа Японы иргэн аав, охин хоёрын дүрд хувирсан гэж мэдээлсэн аж.
Террористууд зугтах газаргүй байв. Учир нь тэд Японы иргэд гэсэн хуурамч паспорт дээрээ Майүми хэмээх овгоо өөрсдийн нэр хэсэгт бичсэн байжээ. Эндээс харвал дэлбэрэлтийг зохион байгуулагчид тэднийг эргүүлж авах гэж нэг их хичээгээгүй нь тодорхой байсан ч тэдэнд хор өгөхөө мартаагүй. Үүнээс болж хөгшин эр баривчлагдсаныхаа дараа цианидтай капсул залгиж амиа хорложээ.
Харин өнөөх эрийн "охин"-ыг БНСУ-ын нийслэл Сөүлд эсэн мэнд хүргэжээ. Энэ нь жинхэнэ цаг үеэ олсон явдал байсан гэж хэлж болно. Учир нь тухайн үед Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байсан учраас иймэрхүү томоохон явдлыг ашиглан нэр дэвшигчид өрсөлдөгчөө буулгаж авах боломж гарч ирсэн юм.
Баривчлагдсан "охин" хэсэг хугацаанд Япон, дараа нь Хятадад амьдардаг Солонгос хүн болж жүжиглэж байсан боловч эцэст нь түүний нэрийг Ким Хён Хи гэдэг, Хойд Солонгосын иргэн болохоо хүлээн зөвшөөрчээ. Үүний дараа БНАСАУ-аас алан хядагчид илгээж олон зуун хүний аминд хүрсэн гэх мэдээлэл дэлхий даяар тарж гарч эхлэв.
Ким Хён Хи онгоцыг дэлбэлэх даалгаврыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирээс биечлэн авсан бөгөөд террорист үйл ажиллагаанд бүрэн бэлтгэгдсэн жинхэнэ элит цэрэг гэх мэт тагнуултай кинонд гардаг шиг түүх ярьсан сэтгүүлчдийн хэтрүүлэг олны тархийг угаасан юм.
Харин Ким Хён Хигийн хэлснээр уг халдлага нь дотоодын терроризм мэт харагдах ёстой байсан бөгөөд социалист лагерийн иргэдэд капиталист орнуудын аюулгүй байдал маш хангалтгүй тул тэдгээр рүү аялж болохгүй гэх сэтгэгдэл төрүүлэх гэсэн аж. Өөр нэг чухал зорилго бол Ерөнхийлөгчийн сонгууль, 1988 оны Сөүлийн Олимпийн өмнөхөн Өмнөд Солонгосын дотоод байдлыг тогтворгүйжүүлэх байжээ.
Террорист бүсгүй өөрийгөө Хойд Солонгосын дипломатчийн гэр бүлд төрж өссөн гэж хэлсэн байна. Ким Хён Хи эцгийнхээ ачаар англи, япон хэл сурч, тагнуулд ажилд орсон аж. Тэрээр мөн БНАСАУ-ын тусгай албаныханд барьцаалагдсан япон эмэгтэйн тусламжтай япон хэлийг төгс эзэмшсэн байна. Тагнуул, байлдааны бэлтгэлд үзүүлсэн амжилт нь түүнийг бие даан гүйцэтгэх аюултай даалгаварт хөтөлсөн гэнэ.
Гэхдээ Ким Хён Хи коммунист үзэл сурталд автсан хүний дүр эсгээгүй юм. Тэрээр хийсэн зүйлдээ чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Өмнөд Солонгос бол эрх чөлөөгүй ард түмэнтэй ядууралд нэрвэгдсэн улс биш, харин орчин үеийн чинээлэг орон болохыг ойлгосноо дахин дахин хэлж байв. Мөрдөн байцаалтын явцад Ким Хён Хи бүр протестант шашинтай болсон байна. 1988 оны 3-р сард түүнд цаазаар авах ял оноосон ч хоёр жилийн дараа буюу 1990 оны хавар түүнд өршөөл үзүүлжээ. Одоо Ким Хён Хи Өмнөд Солонгос нөхрийнхөө хамт Сөүлд амьдардаг бөгөөд зохиолч, лектор болсон байна.
Ким Хён Хи хийсэн зүйлдээ маш их гэмшиж явдаг гэж ярьдаг бөгөөд Японд очиж Хойд Солонгосын дарангуйллын дэглэмийн аймшгийн талаар хүмүүст ухуулсан байдаг. Нэг үгээр хуучин террорист ухаажиж, сайн хүн болсон гэж хэлж болно. Тэрээр бичсэн номнуудаараа нэг сая гаруй ам.доллар олсон юм.
Гэхдээ Кимийн гайхалтай түүх, түүний хуучин эх орондоо сэтгэл дундуур байгаад итгэхгүй хүн олон. Нийт зуу гаруй хүний аминд хүрсэн алуурчинд яагаад гэнэт өршөөл үзүүлсэн, шашингүй коммунист хүн яаж протестант болсон, Андаман тэнгис дээрх террорист халдлагыг яг хэн зохион байгуулсан, энэ нь үнэхээр террорист халдлага байсан эсэхэд олон хүн эргэлздэг.
Ким Хён Хигийн гараар бүтээсэн япон паспорт нь маш болхи хийцтэй байсан, цаазын ял авснаа маш хурдөн өршөөгдсөн, маш их мөнгө олж амьдардаг, Хойд Солонгос биш харин Сөүлийн жирийн оршин суугч шиг аялгатай зэргээс нь харвал үүнд гайхах зүйлгүй.
Хэрэв энэ бүхнийг илүү гүнзгий судлахыг хүсвэл террорист халдлагад ашигласан төхөөрмжийн шинжээчдийн дүгнэлтийг харж болно. Ким Хён Хи онгоцонд үлдээсэн бөмбөгний талаар маш бага ойлголттой байсан юм. Бөмбөг суурилуулна гэдэг энгийн цахилгаан төхөөрөмж асаахтай адилгүй, ялангуяа онгоц сөнөөх хэмжээний бөмбөг маш нарийн бүтэцтэй учраас тэр талаар маш сайн мэдлэгтэй байх ёстой юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Ким Хён Хигийн тэсэлсэн гэж байгаа төрлийн төхөөрөмж нь онгоцыг тэр дор нь дэлбэлэх магадлал багатай аж. Харин тухайн үеийн дэлбэрэлт маш хүчтэй байсан тул нисгэгчид SOS дохио өгч ч амжаагүй юм.
Мэргэжлийн тагнуул гэгдээд байгаа "аав, охин" хоёрын ачаа тээшнээс мөн олон хачин зүйлс олдсон байдаг. Тэнд "Аав", "охин"-ы цугтаа даруулсан гэрэл зураг, зоос, бэлэг дурсгалын зүйлс, зарим тэмдэглэл бүхий цаасны үлдэгдэл байжээ. Эдгээр нь жуулчин, бизнес эрхлэгчдийн чемоданд байж болно. Гэхдээ коммунист террористууд имй зүйлс авч явахгүй нь мэдээж. Гэрэл зургуудаас харахад гэмт этгээдүүд халдлагын өмнө Будапешт, Москвад очиж байсан нь тодорхой болжээ.
2006 он гэхэд нэмж маш олон асуулт гарч ирсэн тул Өмнөд Солонгосын тусгай алба дэлбэрэлтийн хэргийн дахин нээхээр болж, Ким Хён Хиг байцаалтад дуудав. Мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэнтэй холбогдуулан тус улсын улс төрийн байдал улам хурцдаж, шинэ "зүүн"-ий эрх баригчид тухайн үед засгийн эрхэнд байсан "баруун"-ы улс төрчдийг хиймэл хэрэг зохион байгуулсан гэж буруутгав. Гэсэн хэдий ч шинэ мөрдөн байцаалт юу ч шинээр илрүүлсэнгүй.
2012 онд АНУ 1987 оны террорист халдлагатай холбоотой хэд хэдэн баримт бичгийн нууцыг задалсан бөгөөд энэ нь онгоцны дэлбэрэлтэд БНАСАУ-ын тал оролцсон гэсэн таамгийг батлав. Улмаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн мөрдөн байцаалтын талаар даруй бичиж эхэлсэн байна. Гэхдээ тэрхүү баримт бичигт ямар ч тодорхой зүйл дурдаагүй бөгөөд террорист Кимийн нууц тайлагдаагүй хэвээр үлдэв.
Эдгээр үйл явдлыг харгалзан онгоцонд ямар ч дэлбэрэлт болоогүй, Боинг-707 онгоц техникийн шалтгаанаар осолдсон гэсэн онол улам газар авах болсон байна. Боинг-707 загвар 80-аад онд техникийн саатлаас болж олон осолд орж байсан бөгөөд тухайн онгоц хуучирсан буюу нийтдээ 36 мянган цаг ниссэн байсан нь мөн энэ онолд илүү олон хүн үнэмших шалтгаан болжээ.
Нийтдээ 1010 ширхэг үйлдвэрлэгдсэн Боинг 707 онгоцны 192 нь харин гадны нөлөөнөөс болж сүйрсэн байна. Тэдгээрийн заримыг террористууд, зарим нь байлдааны ажиллагаа, гал түймрийн нөлөөгөөр дэлбэрсэн юм. Гэвч янз бүрийн эвдрэл, багийн гишүүдийн алдаанаас болж осолдсон онгоцны хувь мөн маш өндөр байв. Энгийнээр хэлэхэд Боинг-707 нь найдвартай загвар гэж тооцогддоггүй бөгөөд хуучрах тусам өөрөө сөнөх магадлал нь нэмэгддэг байсан аж.
Мьянмарын эрэг дээрээс тус онгоцны сэг олдсон байдаг. Тус орон нь тухайн үед Өмнөд Солонгостой маш сайн харилцаатай байсан учраас онгоцны сэгийг Өмнөд Солонгост шилжүүлжээ. Гэхдээ Солонгосын тал сэгийг хүлээж авсны дараа нарийн шалгалт хийгээгүй нь мөн хардлага үүсэх үндэслэл болсон байна. Тэд Ким Хён Хигийн намтрыг мөн тийм ч сайн шалгаагүй юм.
Жишээ нь түүний үзэж туулсан зүйлс нь насанд нь тохирохгүй нь тодорхой байв. Хён Хи хэрвээ тэр үнэхээр тусгай ажилтны бүрэн бэлтгэлд суусан юм бол одоогийнхоос дор хаяж 2-3 насаар хөгшин байх ёстой байсан. Мөн Кимийн төрсөн дипломатчдын гэр бүлийн ул мөр ч байгаагүй. Энгийн тариачид биш олон улсад ажиллаж байсан дипломатчийн тухай мэдээлэл хаа нэг газар заавал байх ёстой шүү дээ.
Нэг үгээр хэлбэл, үл мэдэгдэх шалтгаанаас болж үүссэн онгоцны ослыг далимдуулан улс төрийн тоглолт хийсэн байх бүрэн боломжтой болж таарч байна. Энэхүү тоглолтын зорилго нь Хойд Солонгос улс болон түүний удирдагчийг гутаах явдал байв. Энэ эмгэнэлт явдалд Пхеньян, Сөүлийн аль аль нь буруугүй, ердөө Өмнөд Солонгосын тусгай алба гарсан "боломж"-ыг ашиглаж, Хойд Солонгосыг олон улсын тавцанд гутаан доромжилсон аж.