1
Илүү зүйл хүсэх хэрэггүй
“Эхнэр бид хоёр ханилаад 17 жил болж байхад хэн хэн маань 40 нас гарч, яваандаа нэг л таарч тохирохоо больж эхэлсэн юм. Удалгүй би салах өргөдлөө ч өгч, тус тусынхаа замыг хөөхөөр сэтгэл шулуудсан.
Үүнээс хойш гурван жилийн турш эхнэр бид хоёр огт холбоо бариагүй боловч нэг өдөр тэр над руу залгасан. Бидний хамтдаа амьдарч байхдаа хайрлаж тэжээдэг байсан нохой үхсэн байлаа. Би түүнтэй уулзаж, сэтгэлийг нь тайтгаруулахаар удтал ярилцсан юм. Эцэст нь хэн хэн маань амьдралаас хэт их зүйл хүлээж байснаа ойлгоод, эцэст нь эргэж нийлсэн. Одоо бид урьд урьдынхаасаа илүү аз жаргалтай байна.”
2
Сэтгэл санаагаар өсч томор
"Бид эрүүл мэнд, санхүү гээд хэд хэдэн зүйл дээр хэсэгхэн хугацааны дотор маш их асуудалтай тулгарсан юм. Улмаар таарч тохирохоо больж салсан тул гурван жилийн хугацаанд зул сар, төрсөн өдөр гэх мэт баяраар л мэндчилгээ явуулах зэргээр бидний харилцаа хязгаарлагдсан. Хэдэн жилийн дараа тэр дундын танилаар дамжуулан надтай холбогдож, уулзахыг хүссэн юм.
Бид дахин уулзах үед хэн хэн маань догдолж, нөгөөдөө эргэн татагдаж эхэлсэн учраас буцаад нийлсэн. Өмнөх асуудлуудаа шийдвэрлэж дууссаны дээр хоёулаа илүү сэтгэл хөдлөлөө хянах чадвартай болсон учраас өмнөх шиг асуудлууд бараг гараагүй."
3
Цаг мөч бүр цуг байх шаардлагагүй
“Миний аав, миний хойд ээж хоёр хэсэг хугацааны өмнө салж, аав биднийг орхиод явсан. Ахыг коллежид сурахаар явсны дараа ээж бид хоёр гэртээ засвар хийхээр шийдсэн ч эрэгтэй хүний тусламж хэрэгтэй байсан учир аавыг дуудсан юм. Ингээд аав гэрт засвар хийхэд туслахаар ирэх үедээ ээжтэй эргэн дотносож эхэлсэн. Дараа нь тэд гадуур зугаалж, цагийг хамтдаа өнгөрүүлдэг болсон ч аав гэртээ эргэж ирээгүй л байлаа.
Тэд салснаасаа хойш бараг долоон жилийн хугацаанд энэ байдлаараа амьдарсан. Тэд хамтдаа цагийг өнгөрөөхдөө дуртай боловч муудалцах асуудал олон гардаг. Одоо тэд минь хамт амьдардаг хэрнээ тусдаа унтлагын өрөөтэй, муудалцах бүртээ тус тусынхаа орон зайд очиж тайвширдаг. ”
4
Илүү зүтгэл гаргах хэрэгтэй
"Би дөрвөн жил хамт амьдарсан эхнэртэйгээ таарч тохирохоо байсан учраас сүүлдээ салсан юм. Тэр хүүхэд байхдаа маш их зовлон үзсэн учраас өөрийгөө бараг үнэлдэггүй, байнга сэтгэлээр унадаг. Би түүнээс салснаасаа хойш аль болох завгүй байхын тулд сурахынхаа хажуугаар хэд хэдэн цагийн ажил хийдэг байсан. Харин тэр өөр хүмүүстэй уулзаж болзож үзээд, хожим хойно нь надтай эргээд нийлмээр байна гэж хэлсэн.
Эхнэр маань одоо сэтгэл зүйчтэй уулзаж өөртөө таарсан эм ууж эхэлсэн. Би бас бүтэн цагийн ажилтай болсны дээр төгсөлтийн ажил гээд зав муутай л байгаа. Гэхдээ би одоо ганцхан ажил гэхгүй, түүндээ ч цаг зарцуулах тал дээр анхаарах болсон юм. Хайртай хүнийхээ асуудлыг шийдэхийн тулд арай илүү зүтгэл гаргах хэрэгтэй юм билээ."
5
Зөв цагийг хүлээх хэрэгтэй
"Нөхөр бид хоёр аливаа зүйлд хангалттай анхаарал хандуулж чаддаггүй байснаа хоёр хүүхэдтэй болсон хойноо л ухаарсан. Энэ гэр бүлд би илүү их хариуцлага хүлээж эхэлсэн учраас нөхөр маань ч мөн тэгэх ёстой гэж боддог байлаа. Гэвч хоёр дахь хүү маань төрсний дараа бидний хэн хэнийх нь тэвчээр алдарч эхэлсэн. Байнга муудалцаж, бухимдаж цухалдсаар зургаан жил тэсэж чадсан ч эцэст нь бид салж, хоёр хүүгээ би өөрөө авч үлдсэн. Харин тэр хэсэг хугацааны дараа хүүхдүүдтэйгээ уулзахаар ирдэг болсон юм.
Нэг өдөр машин маань эвдэрсэн бөгөөд өөр хүн байгаагүй тул хуучин нөхрөө дуудахаас өөр аргагүй болсон. Уулзаагүй удсан учраас машиныг маань зассаны дараа оройн хоол идэх үү гэж асуутал тэр ч зөвшөөрөв. Бид хоолны дараа удтал ярилцсан бөгөөд тэр үед л яагаад бидний харилцаа бүтээгүйг ойлгосон юм. Дөнгөж 19 настай, өөрсдөө хүүхдээрээ амьтад яаж хоёрын хоёр нялх хүүхэд өсгөж чадах вэ дээ. Үнэхээр амьдралын хатууг үзэж байж бид сая л нэг юм өөрсдөө өсөж том болсон гэдгээ ойлголоо. Тиймээс салснаас 13 жилийн дараа бид эргэж нийлэхээр болсон юм. Одоо бид туйлын аз жаргалтай байгаа. Гэр бүл зохиохын тулд зөв үеийг хүлээх хэрэгтэй."
6
Хэзээ ч оройтохгүй
"Өвөө маань залуудаа зөвхөн ажилдаа анхаардаг, харин 5 хүүхдэдээ бараг цаг гаргадаггүй хүн байсан гэсэн. Тиймээс эмээ маань түүнээс салсан. Эцэст нь өвөө тэтгэвэртээ гараад, 86 насандаа 89-тэй эмээтэй маань эргэж нийлсэн. Сэтгэл байвал хэзээ ч оройтохгүй."
7
Хэн хэндээ зай тавьж өг
"Аав ээж маань орлого багатай ажил хийдэг байсан юм. Тэд өөрсдөөсөө гадна хоёр хүүхэд тэжээхийн тулд байгаа бүхнээ зориулаад хүрээгүй учраас модоо барьсан. Үүнээс болж таарч тохирохоо больж салах шийдвэрт хүрсэн гэнэ лээ. Дүү бид хоёрт энэ нь мөн хүнд цохилт болсон. Эцэг эх маань салснаас хойш хэн хэн нь өөр хүмүүстэй гэр бүл зохиох гэж оролдсон боловч аль нь ч бүтээгүй. Он цаг өнгөрсөөр хэдэн жилийн дараа гэхэд хэн хэн нь илүү дээр ажилтай болсон. Амьдрал нь сэргэж эхэлсэн учраас аав ээж хоёр маань эргэж уулзаж эхэлсэн гэдэг. Намайг 9 настай байхад аав маань гэртээ эргэж ирсэн бөгөөд жилийн дараа охин дүү минь төрсөн. Тэр өдрөөс хойш хэдийн 21 жил өнгөрчээ. Одоо би лав аав ээж хоёроос илүү жаргалтай хосыг мэдэхгүй. Заримдаа хэн хэндээ илүү боломж олгохын тулд зайгаа барих хэрэгтэй юм байна."
8
Үнэхээр хайртай бол бусад зүйл хамаагүй
“Нөхөр бид хоёр коллеж төгсөөд шууд гэрлэсэн. Амьдрал ерөнхийдөө дажгүй байсан ч хэн хэн маань тусдаа төлөвлөгөө зохиосон учраас салсан юм. Үүний дараа мэдээж өөр хүмүүстэй болзож үзсэн ч нөхөртэйгөө байсан шиг сайхан мэдрэмжийг авч чадахгүй л байлаа.
Арав гаруй жилийн дараа бид эргэн нийлсэн юм. Би урьд өмнө хэзээ ч ийм аз жаргалыг мэдэрч байгаагүй. Одоо бидэнд байгаа хайрыг юугаар ч орлуулшгүй онцгой гэдгийг мэдэх амьдралын туршлага хуримтлуулсан учраас л ингэж жаргаж чадаж байгаа байх. Дээрээс нь хэн хэн маань нөгөөгөө чин сэтгэлээр хайрладаг гэдгээ ойлгосон. Тухайн үед том хэрүүлийн сэдэв болж байсан зүйлс одоо наргиан шиг санагдах болсон шүү."