Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-д зохион байгуулагдсан 69 дэх удаагийн "Miss Universe" наадмын ялагчийн титмийн эзнээр Мексик улсын гоо бүсгүй Андреа Меза шалгарч, 70 гаруй орны эмэгтэйчүүдийг ардаа орхиж чаджээ.
Мексикийн Чиуауад төрсөн Андреа Меза нь IT инженер мэргэжилтэй бөгөөд эрэгтэйчүүд зонхилдог энэ салбарт ур чадвар, мэдлэг ухаанаараа өрсөлддөг гэдгээрээ бусад миссүүдээс онцлог байв.
Андреа Меза
Эзэмшсэн мэргэжлээсээ гадна загвар өмсөгч, мэйк-ап артистын чиглэлийг сонирхож эхэлсэн нь түүний гоо бүсгүйн тэмцээнд орох гараа болжээ.
2016 онд тэрээр мужаа төлөөлөн Мексикийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байв.
Сүүлийн хэдэн жилд энэ тэмцээний шүүгчдийг ялагчийг тодруулах шалгуурт тодорхой хэмжээний өөрчлөлт орж, охид бүсгүйчүүдийг гадаад төрх, гоо үзэмжээр нь дүгнэхээс илүүтэй хүний эрх, хүмүүнлэгийн ажил, хүйсийн тэгш байдалд хэрхэн дуу хоолойгоо өргөж байгааг нь нэн тэргүүний шалгуурт хамааруулах болсон байна.
Цар тахлын улмаас 2020 онд зохион байгуулагдалгүй өнгөрсөн уг арга хэмжээ 2021 онд сүр дуулиантай эргэн ирсэн юм. Тэмцээний ялагч, зохион байгуулалт зэргээс гадна оролцогч бүсгүйчүүдийн талаарх яриа цахим орчинд тархжээ.
Тодруулбал, хэдэн жилийн өмнөх гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдээс харвал бараг бүх нийтээрээ ижил, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд бусдаасаа төдийлөн онцгойрч ялгардаггүй байсан бол энэ удаагийн арга хэмжээ гоо үзэсгэлэн болоод гоё сайхан гэгч зүйлд стандарт гэж байдаггүй гэдгийг харуулсан гэж үзэх хүмүүс олон байв.
Ингээд бүгдээрээ тэдгээр өвөрмөц төрхтэй оролцогчдын төлөөллүүдтэй танилцацгаая.
Парагвайн мисс Ванесса Кастро Гильен, 28 настай.
Бүгд Найрамдах Гана Улсын мисс Челси Тайуи, 25 настай.
Бүгд Найрамдах Болгар Улсын мисс Радинела Чушева, 24 настай.
Кайманы арлын мисс Мэрайя Тиббеттс, 27 настай.
Барбадос улсын мисс Хиллари-Анн Уильямс, 25 настай.
Бүгд Найрамдах Косово Улсын мисс Блерта Весели, 25 настай.
Япон улсын мисс Айша Точиги, 25 настай.
Бүгд Найрамдах Исланд Улсын мисс Элисабет Хулда, 22 настай.
Бүгд Найрамдах Албани Улсын мисс Паула Мехметукай, 23 настай.
Энэ удаагийн тэмцээний үеэр олон улсын сонирхлыг татсан өөр нэг үйл явдал бол Мьянмар улсын гоо бүсгүйн хийсэн улс төрийн агуулгатай мэдэгдэл байлаа. Шилдэг 21 бүсгүйд шалгарсан Мьянмарын мисс энэ оны эхээр улсад нь болсон төрийн эргэлт, тогтворгүй байдлын эсрэг дуу хоолойгоо тайзан дээрээс өргөж, "Мьянмарын төлөө залбирцгаая" гэсэн бичигтэй самбар барьж алхжээ.