Энэ явдал Байсоны хөршүүд түүнд атаархаж, хүн амины хэрэгт гүтгэснээс эхлэлтэй бөгөөд тэртээх 1992 онд болж өнгөрсөн гэнэ. Тухайн үед энэ төрлийн гэмт хэрэгт шууд цаазаар авах ял оноодог байв. Байсон нь Малавийн өмнөд хэсэгт орших жижиг тосгонд өсч, Өмнөд Африкийн Йоханнесбург хотод ажиллаж амьдрахаар нүүсэн аж. Тэрбээр гэртээ буцаж очихдоо газар худалдаж аваад, тариаланч болоход хангалттай мөнгө хуримтлуулсан байв. Ийнхүү Байсон улаан буудай, жимс, кассава, эрдэнэ шиш тариалахад нь туслах таван хүнийг хөлслөн авсан байна.
Түүний хэлснээр хөршүүд нь нэг ажилчин руу нь дайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан аж. Улмаар гэмтсэн хөөрхий ажилчнаа асарч тойглох үүрэг Байсонд оногдсон бөгөөд түүнд туслаж байхдаа бороонд норсон шатан дээр хамтдаа хальтирч унасан байна. Ажилчин бэртлээсээ болж эмнэлэгт нас барсан учраас тэр үед 40 гаран настай Байсон хүн амины хэрэгт сэрдэгдэж эхэлжээ. Үүнийг сонссон атаархуу хөршүүд нь шүүхэд түүний эсрэг мэдүүлэг өгсөн бөгөөд Байсон шүүхээс цаазын ял сонссон юм. Байсон "Надад ямар ял оноож байгааг сонсох үед аль хэдийн үхчихсэн юм шиг санагдсан." хэмээн дурсжээ. Тухайн үед Малавид цаазын ял гүйцэтгэгч ганц л хүн байсан бөгөөд тэрээр тун нарийн төлөвлөгөөт хуваарийн дагуу орон даяар явж, ялыг гүйцэтгэдэг байв.
Байсон ингээд хэдхэн цагийн дараа гэхэд дүүжлүүлэх 21 хүний тоонд багтсан байна. Харгалзагч нар цаазаар авах ялыг 13 цагт эхлүүлнэ гэж мэдэгдсэн ч 15 цаг гэхэд ердөө 3 хүн цаазлуулсан аж. Гэтэл цаазын ялыг гүйцэтгэгч өөр нутаг руу явах яаралтай үүрэг авсан тул Байсон үхэх өдрөө хэдэн долоо хоног хүлээн ёстой болжээ.
Сонирхолтой нь, энэ түүх дахин хоёр удаа давтагдсан байна. Цаазаар авах ял гүйцэтгэгч Байсоны ээлж болохоос өмнөхөн явж таараад байсан аж. Гурав дахь удаад тэрээр цаазаар авхуулах ялаас мултарсан цорын ганц хүн болжээ. Азаар амьд үлдсэн ч Байсон хэзээ үхэх бол гэсэн айдастай амьдарч, маш их хямарч зовсон тул хоёр ч удаа амиа хорлох гэж оролдсон байна. Гэхдээ хоёр оролдлого нь амжилтанд хүрээгүй юм. 1994 онд Малавид дарангуйлагч Хастингс Бандагийн засаглал нуран унасны дараа олон намын ардчилсан тогтолцоо бий болж, цаазаар авах ял оноохоо больсон гэнэ.
Угтаа бол гэмт хэрэгтнүүдэд цаазаар авах ял оногдуулсаар байгаа боловч Ерөнхийлөгч сүүлийн 25 жилийн хугацаанд тэдгээрт гарын үсэг зураагүй байна. Эсвэл хоригдлууд олон жилийн турш цаазаар авах ялын гүйцэтгэлийг хүлээсээр байгалийн жамаар амьсгал хураадаг, эсвэл цаазаар авах ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилдөг болсон аж. Үүний дагуу Байсоныг Зомбагийн төв шорон руу шилжүүлж, тэнд бүх насаар нь хорих болсон байна.
Тэгтэл 2007 онд нэг зүйл болов.
Хар тамхинд донтсон нэгэн эр дагавар хүүгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Тэрбээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн боловч эрүүл ухаангүй байсан учраас цаазын ял авах ёсгүй гэж өөрийгөө өмгөөлсөн байна. Тэрбээр шүүх үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн бөгөөд хүний амийг хөнөөсөн хүнд нөхцөл байдлаас нь шалтгаалан өөр өөр зүйл анги үйлчлэх ёстой гэж мэдэгджээ.
Дээд шүүх түүний талд шийдвэр гаргаснаар барахгүй, нийт 170 хэрэгтний ялыг дахин нягталж үзээд, 139 хүнийг сулласан аж. Тэдгээрийн олонх нь сэтгэцийн өвчтэй, зарим нь бүр оюуны хомсдолтой байжээ. Маргаантай хэргүүдийн бараг тэн хагас нь нотлох баримт олдоогүй, өөрөөр хэлбэл тэд ямар хэргийн улмаас шоронд байгаа нь тодорхойгүй байв. Үүний дагуу Байсоны өмгөөлөгч түүний хэргийг хянахыг шүүхээс хатуу шаардаж эхэлсэн байна.
Эхэндээ энэ бүхнээс залхсан Байсон эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийн тулд хүчин чармайлт гаргаагүй боловч дараа нь өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж, хэргээ дахин шалгуулсан бөгөөд эцэст нь суллагдаж чаджээ. Цаазын ял сонсож, үхнэ гэдэгтээ баттай итгэсэн байсан Байсон шүүхийн уг шийдвэрт итгэж ч чадахгүй байсан гэнэ.
Байсоны ээж хүүтэйгээ жилд ганцхан удаа уулзах эрхтэй байсан бөгөөд тэр өдрийг л хүлээн мөнгөө цуглуулж, очих бүртээ найрын ширээ шиг их хоол хүнс зөөдөг байжээ. Тэрээр амьдралынхаа 23 жилийг шоронд өнгөрүүлсэн хүүгээ нөхөн сэргээх төвд хэвтүүлж, Байсоныг хэвийн амьдралдаа эргэж ороход нь тусалсан аж.
Байсоныг шоронд байх хугацаанд газар нь эзгүйрч, эхнэр нь нас баржээ. Түүний зургаан хүүхэд өсч том болж, тусдаа гарцгаасан бөгөөд Байсон одоо ганцаараа 80 гарсан ээжийгээ асарч амьдардаг байна. Хүн амины хэрэгт буруутгагдаж, амьдралынхаа олон жилийг торны цаана үхлээ хүлээн өнгөрүүлсэн тэрээр одоо хэнээс ч илүү амьдралд хайртай гэжээ...