1
Пеллигрино Эрнетти (Pelligrino Ernetti)
Пеллигрино Эрнетти хэмээх Католик шашны номлогч Сант Жиоржио арал дээр эгэл даруухан амьдардаг байв. Тэрээр шашны ухаан хүчин зүтгэхийн зэрэгцээ өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөн цаг хугацааны төхөөрөмж бүтээхээр ажилладаг байсан аж. Түүний цаг хугацаагаар аялахын тулд улайрах болсон шалтгаан нь тэртээ МЭӨ 169 он руу очиж, "Триест" жүжгийг үзэх хүслээс улбаатай байсан гэнэ.
40 гаруй жил зүтгэсний үр дүнд Пеллигрино өөрийгөө цаг хугацааны машин бүтээж чадсан гэж мэдэгдсэн бөгөөд Есүсийн цовдлогдохыг харж, Наполеон Бонапартын илтгэлийг сонссон хэмээсэн байна.
2
Билли Майер (Billy Meyer)
Энэ эр өөрөө цаг хугацаагаар аялаагүй харин аялсан нэгнийг мэддэг гэжээ. Тэрээр "Pleiades" хэмээх гарагаас ирсэн харийн хүмүүстэй таарснаар барахгүй, өөрийг нь хүүхэд шигээ үздэг байсан гэж ярьсан байна. Тэд мөн Биллид ирээдүй болоод өнгөрсөн үеийн талаар ярьж өгдөг байсан гэнэ. Түүний хэлснээр Дэлхийн 3-р дайн 2006 онд эхлэх ёстой байсан ч дараа нь 2008, 2010 гэх мэтчилэн хугацааг нь өөрчилж, булзааруулах болжээ. Билли тэдгээр харийн хүмүүсийн зургийг үзүүлсэн боловч үүнд нь итгэх хүн байгаагүй юм.
3
Элеонор Журден болон Шарлотт Анн Моберли (Eleanor Jourdain, Charlotte Ann Moberly)
Элеонор Журден болон Шарлотт Анн Моберли нар нь багш мэргэжилтэй хүмүүс байсан бөгөөд 1901 онд Парисын нэгэн цэцэрлэгээр зугаалж яваад, гэнэт 1792 онд очсон гэж ярьдаг байв. Тэд Францын хатан хаан Мари-Антуанеттыг өөрсдийн нүдээр харж, Францын хувьсгал эхлэхээс нэг өдрийн өмнө өнгөрсөн цагт очсон болохоо мэдсэн гэнэ. Улмаар түүхэн цагийн эгзэгтэй үед очсон Элеонор, Анн нар 20-р зуун руу буцахаар шийдсэн байна.
Гэртээ эргэж ирээд хоёр багш хамтран "Адал явдал" нэртэй ном бичиж, хэвлүүлсэн боловч олон хүнд шүүмжлүүлжээ. Номондоо тэд 18-р зууны үеийн Версалийн ордныг буруу дүрсэлсэн бөгөөд хоёр зууны өмнөх ордны цэцэрлэгт хүрээлэнг ч мөн буруу тайлбарласан байв.
4
Жон Тэйтор (John Taitor)
2000 онд Жон Тэйтор хэмээх нэртэй цахим хэрэглэгч интернетэд өөрийгөө 2036 оноос ирсэн хүн гэж танилцуулсан байна. Үүгээр зогсохгүй, тэрээр тун удалгүй IBM 5100 хэмээх ховор компьютер олохоор 1975 он руу аялна хэмээн мэдэгдсэн гэнэ. Түүнийхээр уг компьютер нь дэлхийг сөнөөж чадах аюулт вирусын эсрэг ашиглаж болох цорын ганц хэрэгсэл юмсанж.
Жон Тэйторын талаар хүмүүс ам дамжин цуурдаг байсан ч түүнийг амьдаар нь харсан хүн гарч ирээгүй. Хожим Жон Тэйторыг зүгээр л нэг тролл байсан гэж үзэх хүмүүс олширчээ.
5
Виктор Годдард (Victor Goddard)
Агаарын цэргийн маршал сэр Виктор Годдард хачирхалтай зүйлстэй таарсан гэнэ. Тэрээр 1935 онд онгоцоор нисч байхдаа санамсаргүйгээр цаг хугацаагаар аялсан байна. Годдардын онгоц гэнэт удирдлагаас гарсан бөгөөд тэрээр онгоцоо тэгшлэх гэж оролдож байхдаа олон жилийн өмнө орхигдсон нисэх буудлыг олж харжээ.
Гайхалтай нь тэрхүү орхигдсон онгоцны буудал дүүрэн онгоцтой байсан бөгөөд хачин цэнхэр дүрэмт хувцастай хүмүүс энд тэндгүй гүйлдэж байсан гэнэ. Тус буудлыг олон жилийн өмнө хаагдсан болохыг мэдэж байсан Виктор ийм дүр зураг олж харсандаа маш их цочирдсон байна. Тэгтэл дөрвөн жилийн дараа Виктор нисгэгчдийн шинэ дүрэмт хувцасны өнгө цэнхэр болж солигдоход бараг л ухаан алдах дөхсөн аж.
Түүнд өөр нэгэн хачирхалтай явдал тохиолдсон нь хуучны гэрэл зурагтай нь холбоотой байв. Тэрээр 1975 онд тэтгэвэртээ гарсныхаа дараахан хуучин цагаа дурсаж, зургийн цомгоо эргүүлж байгаад доорхи зургийг олсон байна. Дэлхийн I дайны үед буюу 1919 онд Виктор Годард агаарын нисэх хүчний нэгтгэлийг удирдаж байсан аж. Нисэх хүчнийхэн нас барсан нисгэгчийн оршуулганд оролцсоныхоо дараа эл зургийг авхуулжээ. Гэтэл хэдэн арван жилийн дараа Виктор зургийг эргүүлэн харах үед нас барсан нисгэгч Фреди Жэксон хамгийн дээд эгнээнд гэгээн дүрээрээ зогсож байх нь тэр. Нэгтгэлийнхэн ч энэ хачирхалтай явдлыг үнэн болохыг баталсан бөгөөд одоо хүртэл хэн ч учрыг нь тайлж чадахгүй байгаа юм.