Дэлхийн хамгийн "нарийхан" улсын иргэд хэрхэн амьдардаг вэ?

Тувалу бол газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд доороосоо дөрөвт жагсдаг орон юм. Гэхдээ энэ жагсаалтыг тэргүүлдэг Ватикан, Монако зэрэгтэй харьцуулвал та энэхүү улсын талаар огт сонсож байгаагүй ч байж магадгүй. Тиймээс та бүхэнд Өмнөд Номхон далайн тоо томшгүй арлуудын нэг хэсэг болсон Тувалу улсын тухай хүргэж байна.

Дэлхийн хамгийн "нарийхан" улсын иргэд хэрхэн амьдардаг вэ?

Hийтдээ 11 мянга орчим хүн амтай тус улсын газар нутаг нь есөн арлыг дамнан орших бөгөөд тэдгээр нь 3 жижиг арал 6 "атолл"-оос бүрдэнэ. Атолл гэдэг нь голдоо устай, цагираг хэлбэртэй өвөрмөц арлыг хэлдэг байна. Энэ улсын нийт газар нутгийн хэмжээ ердөө 26 хавтгай дөрвөлжин км аж.

Хэрвээ атоллууд нь энгийн арал байсан бол Тувалугийн нийт газар нутаг 500 км-ээр хэмжигдэх байжээ. Харамсалтай нь зөвхөн хуурай хэсгийг албан ёсоор газар нутагт оруулан тооцдог байна.

Тус улсын хамгийн том арал нь нийт 5 орчим хавтгай дөрвөлжин км талбайг хамрах Вайтупу юм. Харин хамгийн жижиг арал болох Ниулакита нь ердөө 0.4 хавтгай дөрвөлжин км (400 мянган хавтгай дөрвөлжин метр) хэмжээтэй.

Тувалугийн арлууд бие биенээсээ хол зайтай учраас газрын зураг дээр жижиг цэгүүд шиг харагддаг. Хамгийн ойрхон нь 67 км (Вайтупугаас Нукуфетау хүртэл), хамгийн хол - 172 км (Вайтупугаас Нуй хүртэл) зайтай.

Тувалу наран шарлагын талбай ихтэй боловч нэг ч уулгүй. Энд далайн түвшнээс дээш хамгийн өндөр цэг нь ердөө 5 метр хүрдэг аж.

Арлууд 1972 онд далайн түрлэгээс болж усан дор орж байсан түүхтэй. Үүний үр дүнд нутгийн иргэд уламжлалт сууцанд биш, Европ маягийн энгийн байшинд амьдардаг болжээ. Түүнчлэн энд томоохон суурин газар байхгүй бөгөөд иргэдийнх нь тэн хагас буюу 5 мянга гаруй хүн нийслэл Фунафути хэмээх хотод төвлөрөн суурьшсан байна.

Фунафути албан ёсоор нийслэл хот гэж тооцогддог боловч үнэндээ 3 тусдаа тосгоныг нийлүүлсэн нэршил гэнэ.

Тувалу гэдэг нэр нь нутгийн хэлнээс "наймуулаа хамт" гэж орчуулагдана. Эхэндээ 8 арал нийлж нэг сууринд тооцогддог байсан бөгөөд 9 дэх арал болох Ниулакитад хүн суурьшаад төдийлөн удаагүй байгаа юмсанж.

Тувалу бол 2011 онд Гүржээс салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осет нарыг "тусгаар тогтносон улс" гэж хүлээн зөвшөөрсөн цөөхөн орны нэг юм. Сонирхолтой нь, 2014 онд Тувалу Гүржийн (Мөн ОХУ) хүсэлтээр шийдвэрээ өөрчилсөн.

Мөн 2019 онд тус улсын засгийн газар иргэддээ зориулж хиймэл арал барих төслийг зогсоож байжээ. Тэрхүү төсөл нь иргэдийн аюулгүй байдлыг хангахад тус дэм болох байв. Гэхдээ уг төслийн саналыг Хятадууд тавьсан учраас Тайваныг дэмждэг Тувалу татгалзсан хариу өгсөн ажээ.

Ерөнхийдөө Тувалу улсын эрх баригчид эх орноо янз бүрийн аргаар идэвхтэй сурталчлахыг хичээдэг. Жижиг ч гэсэн Тувалу улс НҮБ-ын гишүүн бөгөөд тамирчид нь зуны олимпод оролцдогоос гадна цаг уурын өөрчлөлтийн талаар олон улсын тавцанд байр сууриа идэвхтэй илэрхийлдэг юм.

Уур амьсгал, байгалийн өөрчлөлт нь Тувалу улсын хувьд том асуудал болох нь мэдээж. Хэдэн арван жилийн дараа гэхэд Тувалу усан дор орж, бүр мөсөн алга болж магадгүй гэж болгоомжлох олон хүн бий.

Мэдээж хэрэг олон хүн тус улсын байгаль, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай гэж үздэг. Харамсалтай нь Тувалу дэлхийн хамгийн ядуу орны тоонд ордог байна. Үүнийг дагаад Тувалу шиг үзэсгэлэнтэй газар аялал жуулчлалаас яагаад мөнгө олж чаддаггүй вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага 2016 онд Тувалу улсыг хамгийн бага жуулчин хүлээн авсан орон гэж тооцоолсон байдаг. 2012 онд тус улсад Зүүн Өмнөд Ази, Номхон далайн арлуудаар хийсэн айлчлалын хүрээнд Их Британийн хунтайж Уильям, түүний эхнэр Кейт Миддлтон нар зочилж байсан юм.

Тэдний айлчлалын зураг, бичлэгүүд мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч Тувалуд жуулчид татах тал дээр нэмэр болж чадаагүй.  Мөн хатан хаан II Элизабет нөхрийн хамт энд 1982 онд айлчилж байв.

Жилдээ энд хэдхэн мянган жуулчин ирдэг ч гэсэн  тэд Тувалу улсын ДНБ-ий 10 гаруй хувийг л бүрдүүлдэг байна. Жуулчны урсгал нэмэгдэх нь эдийн засгийн нөхцөл байдлыг мэдэгдэхүйц сайжруулж болох нь ойлгомжтой.

Тувалу улсын хувьд өөр нэг ашигтай бизнес бол үндэсний интернетийн ".tv"  домэйныг түрээслэх явдал байв. Интернэт орчинд энэ домэйны эрэлт их байдаг. Орлогын чухал хэсгийг мөн бол шуудангийн марк бүрдүүлдэг. Энэ төрлийн зүйл цуглуулагчдын дунд Тувалугийн марк мөн эрэлт ихтэй.

Тувалу улсын албан ёсны тэргүүн бол Их Британийн хатан хаан юм. 1978 онд тус улс тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд үүнээс өмнө Их Британийн колони байсан аж.

2008 онд Тувалугийн иргэдийн дунд ардчилсан аргаар бүх нийтийн санал асуулга явуулж, хаант засаглалтай байх шийдвэр гарсан юм. Тиймээс одоог хүртэл Тувалу улсын далбаанд Их Британийн туг багтсан хэвээр байна.

2010 оны эхээр Тувалу арлууд дахь гүний ус нь бохирдсон учраас оршин суугчдыг худгаас ус авахыг хориглосон юм.

Цэвэр усны гол эх үүсвэр нь одоо борооны ус болоод байна. Тус улсын иргэд борооны ус нөөцөлж хэрэглэдэг бөгөөд хомсдол үүсвэл ойрын хөрш болох Шинэ Зеланд тэргүүтэй орнуудаас агаараар тээвэрлэн авдаг. Арлууд дээр далайн усыг давсгүйжүүлэх үйлдвэр барьсан ч үр дүнгээ хараахан өгөөгүй байгаа аж.

Нутгийн иргэд мөн далайн эрэг дээр хуримтлагдсан бохирдлын тал дээр маш их санаа зовдог. Харамсалтай нь эрх баригчид энэ тал дээр арга хэмжээ авалгүй олон жил болжээ. 

Тус улсын үндэсний тэмдэгт нь тувалу доллар юм. Нэг тувалу доллар нэг австрали доллартай тэнцэнэ. Ханш нь ижил учраас нутгийн иргэд мөн австрали доллар гүйлгээнд хэрэглэдэг байна. Тувалу доллар нь зөвхөн зоосон хэлбэртэй бөгөөд дээд тал нь 1 долларын зоос байдаг гэнэ. Гэхдээ хатан хааны тэмдэглэлт үйл явдалд зориулж 5,10 болон 20 долларын зоос гаргаж байсан удаатай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()