Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сүүлийн өдрүүдэд "Үндэсний соёл амралтын хүрээлэн" буюу паркийн газрыг устган сүйтгэж байгаа тухай ажлын зураг сошиалд тарж, нэр бүхий улс төрчид энэ сэдвээр өөрсдийн дуу хоолойг хүчтэй илэрхийлэх болсон. Иймд асуудлын учир зангилаа юу болох, өнгөн хөрсийг нь хуулсан ажлын зургийн ард ямар стратеги төлөвлөгөө баталсан тухай болон бусад олон эргэлзээтэй асуултад хариулт авахаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батнягттай ярилцлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. Таныг хаврын хаварт, жилийн жилд эзэн бие нь солигддог “Паркаа аваръя” хөдөлгөөний урдаас хамаг бичиг цаасаа дэлгэчихсэн, хариултаа бэлдээд сууж байдгийг мэднэ. Бараг л жам ёсны гэмээр тэр бүх эсэргүүцэл өнөөдрийн тухайд харьцангуй чанга сонсогдож байна. Арга ч үгүй биз, паркийн ногоон байгууламжийг хуулаад явчихсан тэр хар хөрсний зураг сэтгэлд яах аргагүй таагүй мэдрэмж төрүүлэхээр юм билээ?
-Хаврын хаварт... за бараг үнэн үнэн. Миний хувьд "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-тэй холбогдоод бараг 17 жил болж байна. Анх 2004 онд паркийн план зургийг боловсруулж эхлэхээс оролцсон. Жилийн дараа буюу 2005 оны долдугаар сарын 5-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 263 тоот тогтоолоор 358714 метр.квадрат газрыг 15 жилийн хугацаатай “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д эзэмшүүлэх болсноос хойш байнгын буюу тогтмол оролцоотой байж ирлээ.
-Тэгвэл та энэ 17 орчим жилийн хугацаанд паркаа санагалзах иргэдийн сэтгэгдэл дарагдахгүй, хаврын хаварт эхлүүлдэг эсэргүүцлийн хөдөлгөөнүүд зогсохгүй байгаа тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Ямар ч хүнд дурсамж шиг үнэтэй зүйл байхгүй. Тэр дундаа бага насандаа туулж өнгөрүүлсэн гоё сайхан үйл явдал, тэмдэглэлт өдрүүд нь хүний амьдралын баяр баясгалангаа хадгалж үлдэх энерги, цэнэг болж байдаг гэсэн судалгааны дүнгүүд ч бий. Би нэг их уянгын эсвэл сэтгэл хөдлөл өндөртэй хүн биш ч эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд энэ чиглэлийн судалгаа, мэдээллийг олж унших шаардлагатай болдог. Нэг ёсны тэрийгээ ярьж байна л даа. Энэ утгаар нь харахаар өнөөдөр эсэргүүцэл зарлаад “паркаа аваръя” гээд байгаа хүмүүсийн шаардлага зөв үү гэвэл зөв. Учир нь, энэ бол тэр хүмүүсийн хүүхэд насны дурсамжийн нэг хэсэг байхгүй юу. Яг үүнтэй адил миний сайхан дурсамж ч энд бий. Аав, ээжтэйгээ ирээд нэг төгрөгийн дугуй хуушуураа идчихнэ. Мангасын амаар унаж тусан гулгана. Алсыг харагч, төөрдөг байшин, нуур... Аав, ээж, найз нөхөдтэйгөө жаргалтай, хөгжилтэй өнгөрүүлсэн дурсамж энд яах аргагүй бий. Тиймээс миний хувьд дурсамжаа хамгаалахыг зорьж байгаа энэ хүмүүсийн зовнилыг ойлгож байна. Энэ нь зөв. Гэхдээ “паркийг паркаас нь хамгаалъя” гээд байгааг бол харин ёстой ойлгохгүй байгаа.
-Яагаад?
-Анх энэ паркийг 1965 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр нийслэл Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион байгуулж, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулсан байдаг. Өнөөдөр ч тэр хэвээрээ л байгаа. Паркийг нь буулгаад орон сууц бариагүй. Зориулалт бусаар ашиглаагүй. Тэр үеийнхээс нэг л зүйл өөрчлөгдсөн нь нэрээ “Үндэсний соёл амралтын хүрээлэн” болгосон явдал. Ийм байхад паркийг паркаас нь хулгайллаа гэж яриад байгааг ёстой аль ч талаас нь зөөлрүүлж, ухаж ойлгох гээд ойлгохгүй юм байна лээ.
-Та тэгж бодож болно л доо. Гардан ажиллаж байгаа хүний хувьд таны энэ тайлбар зөв. Гэхдээ яагаад “паркийг паркаас нь хулгайллаа” гээд байна вэ гэдэгт би хэд хэдэн үндэслэлээр тус тусад нь хариулт авъя гэж бодож байна?
-За тэг.
-Нэгдүгээрт, “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг Баясгалан, Батнягт зарж идсэн” гэдэг тайлбар. “За арай ч үгүй байлгүй дээ” гээд харахаар яах аргагүй баруун урд талд “Мон Уран” компанийн оффис, зүүн хойд талд Шангри-Ла, яг чанх ард нь “Шонхор товер”... Хүмүүсийн нүд буруу хараагүй юм биш үү?
-Ёстой асуусан дээр нь гэдэг шиг нэгд нэгэнгүй хариулаад өгье. Жаахан урт болж магадгүй. Зүгээр үү?
-Зүгээр ээ.
-За, анх Нийслэлийн Засаг даргын захирамжаар паркийн 358714 метр.квадрат буюу 35.8 га газрын гэрчилгээг авлаа, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК. Энэ компанийн 26 хувийг нь хотын захиргаа, 74 хувийг нь “Бодь интернэйшнл” эзэмшдэг. Одоо ч хэвээрээ. Гэтэл Японы “Иточу” корпорацтай хамтраад яг ажил эхлүүлэх болтол нөгөө хотын даргын захирамжтай газар нь бөөн маргаан, дутчихсан. Юун анхны зураг төлөвлөгөө, байхгүй. “Иточу” корпорацтай хамтарч боловсруулсан төсөл дээр паркийн газраа бүтнээр нь тооцож, төлөвлөлт хийсэн юм чинь хотын захиргаанаас газраа нэхнэ биз дээ. Ингээд бөөн хууль, шүүхийн асуудал болсон. Хүмүүс яагаад “парк ашиглалтад орохгүй байна” гэж тухайн үед нэхдэг байсан. Арга ч үгүй, газрын маргаанаас болоод бараг таван жил хаалга нь хаалттай, үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон юм чинь. Тэр битгий хэл, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй зургаан хэсэгт хуваагаад хашаалчихсан байсан шүү.
-Яагаад газар нь дутсан, ямар зарчмаар хэн, хэн авсан байсан гэдгийн тухайд?
-Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг дарга асан Ж.Наранцацралтын гарын үсэг бүхий захирамжаар яг одоо Шангри-Ла баригдсан зүүн хойд булангийн хэсэгт 0.49 га талбайг 1998 онд “Монтоно” ХХК-д олгосон болж таарсан. Энэ юун газар, хэнд яагаад олгочхов гээд судлаад үзтэл Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад төрөөс хүндэтгэл илэрхийлээд дуртай газар дээрээ хаус бариулж авах эрх өгсөн байдаг. П.Очирбат Ерөнхийлөгч судалж байгаад Хуримын ордны хажуу талын, өөрөө саяхныг хүртэл амьдарч байсан газраа заасан юм байна. Гэтэл тэр газар нь “Монтоно” компанийн эзэмшлийнх байж. Хотын захиргаа тэр даруйд “Монтоно” компанийн захирлыг дуудаад учир байдлыг хэлээд, газраа шилжүүлэхийг хүсэхэд захирал нь “Би Монгол Улсын анхны Ерөнхийлөгчтэйгөө газар булаацалдахгүй ээ. Харин надад ойр орчимд нь адилхан хэмжээтэй газар өгөөд хохирлыг минь барагдуулчхаарай” гэхээр нь өмнөх захирамжаа өөрчлөхгүй шууд "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-ийн зүүн хойд буланд газар заагаад өгчихсөн байгаа юм. Ингээд манайх энэ асуудлыг шийдүүлэхээр шүүхийн маргаан өрнүүлээд явж байтал 2007 онд Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын захирамжаар “Монтоно” ХХК-ийн эзэмшиж байсан талбайг томруулаад 33749 метр.квадрат буюу 3.3 га газрыг “М-Си-Эс” ХХК-д шилжүүлчихсэн. Юун нөгөө хотын захиргаа, “Бодь интернейшнл” хоёрын хамтарсан компани. “Бодь интернейшнл” энд бүтээн байгуулалт хийх гээд газраа нэхээд шүүхдээд явдаг. Хотын захиргаа нь байгаа газраас бусдад шилжүүлээд байдаг. Үнэхээр утгагүй юм болж хувирсан.
-Гэхдээ л Шангри-Ла байгуулагдсан?
-Гурван шатны шүүхээр орсон, манайх ялагдсан. Ямар ч байсан бидний зүгээс хийх ёстой бүхнээ хийсэн. Эцсийг нь хүртэл явсан уу, явсан. Харамсалтай санагддаг. “М-Си-Эс”-ийнхэн “Манайх өндөр зэрэглэлийн таван одтой зочид буудал, үйлчилгээний төв барих гэтэл газрын хэмжээ нь багадаад байна. Үүндээ 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулах тул хэмжээг нэмж өгнө үү” гэдэг хүсэлт гаргаж, тэрийгээ тухайн үеийн хотын захирагчаар шийдвэрлүүлсэн асуудал. Ингээд манай талбайгаас 3.3 га газар ор тас байхгүй болчхож байгаа юм. За тэгтэл “Мон-Уран” ХХК-д өгсөн газрын асуудал гараад ирсэн. 1998 онд паркийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хүн “Мон Уран” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад өөрөө мэдээд 0.4 га газар өгчихсөн байсан. Дараагийн захирал нь 2001 онд гэрээнд өөрчлөлт оруулах замаар талбайн хэмжээг 1.1 га болгож нэмэгдүүлчихсэн байгаа юм.
-Төрийн өмчит компанийн захирлууд өөрсдөө мэдэж олгосон газрыг цуцлуулах харьцангуй амархан байгаагүй юм уу?
-Уг нь яах аргагүй хамгийн амархан бэрхшээл нь энэ байх ёстой байсан. Гэтэл газрын төлбөрт нэг ч төгрөг олгохгүйгээр паркийн 1.1 га газрыг өөрийн болгож авчхаад дөрвөн жилийн шүүхийн маргаан үүсгэчхэж байгаа юм. Уг нь анхан шатны шүүх манай талд газрыг шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл тухайн үеийн дүүргийн засаг дарга, хотын засаг дарга нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.
-Яагаад?
-Наадах чинь миний ойлгоогүй ганц сэдэв. Хэн нь ч хөдлөөгүй. Ингэж байтал 2011 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 2011 онд 198 тоот захирамжаараа 1.1 га газрыг “Мон-Уран” ХХК-д шилжүүлчихсэн байдаг. Бид нар үүнийг сүүлд нь буюу сарын дараа мэдэж байх жишээний. “Сөүл” рестораны тухайд 2003 онд НИТХ-ын тогтоолоор 3200 метр.квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж эхэлсэн байдаг. Үүн дээр нь Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2010 онд 2217 метр.квадратаар эзэмшлийн гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Харамсалтай нь, манайх хотын захиргаатай хамтарсан компани атлаа энэ болгоны араас ганцаараа л хөөцөлдсөн. Тэр ч бүү хэл, “Түмэн эх чуулга”-ын байр, манай оффисын барилга биднийг ирэхэд “Монгол шуудан” банкны зээлийн барьцаанд, хэзээ мөдгүй хураагдах байдалтай байсан. Тэрийг чөлөөлүүлэх гэж бас л баахан шүүх, хууль болсон. Тав орчим жилийн хугацаанд дээрх бүх газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхээр явсан. Харамсалтай нь, аль нь ч бидний буюу паркийн талд шийдэгдээгүй. Гэхдээ бид өөр бусад газрыг буцаан авч зарим нэгд нь хөрөнгө оруулалтыг нөхөн өгөх гэх мэтээр одоо байгаа 31 га газраа авч үлдэж чадсан л юм. Нуур тойруулаад хаусууд төлөвлөөд зурчихсан хүн хүртэл байсан юм шүү.
-Та магадгүй яг энэ үгийнхээ араас “Ойлгов уу, одоо яг хэн нь хулгайч байна, паркийг хэнээс нь хамгаалах хэрэгтэй юм байна, айн?” гэж эсэргүүцээд байгаа хүмүүсээс асуумаар байх шиг байна, тийм үү?
-Ер нь бол тийм. Гэхдээ одоо нэгэнт өнгөрсөн асуудал. Шүүх гурван удаагийн шийдвэрээ гаргаж, Шангри-Ла ашиглалтад орчихсон байхад би юм хэлээд дэмий байх. Сайхан л бүтээн байгуулалт хийчихсэн, бүгд л тэнд байна. Би ч орох дуртай л газар. Харамсалтай юу гэвэл харамсалтай. Паркаа паркаар нь үлдээе гэж зүтгэснийхээ төлөө, зүтгэж байгаагийнхаа хэрээр хулгайч гэж дуудуулна гэхээр. Би энд зориуд нэг зүйл хэлмээр байна.
-Юуг?
-Паркийн хөрөнгө оруулагч, 74 хувийг нь эзэмшигч “Бодь интернейшнл” группийн эзэн Д.Баясгалан гэж хүн бидэнд нэг ч удаа “Парк алдагдалтай байна. Хөрөнгө оруулалтаа нөхөхгүй юм байна. Иймд өөр зориулалтаар ашиглая. Мөнгө болгоё” гэж хэлж байгаагүй юм. Бид бүгд паркийг парк хэвээр нь авч үлдэхийн төлөө хичээн зүтгэж ирсэн өнгөрсөн арав гаруй жилийн зүтгэл бол ерөөсөө л энэ. Одоогийн байдлаар паркад 53 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байна. Анхандаа би Диснейлэндийн хэмжээний том парк байгуулна, хөрөнгө оруулалт хийнэ гэж сэтгэл хөдлөлөөр хандаж байсан. Гэтэл яг судлаад үзэхээр Динсейлэндийн зах зээл манай улсад томдохоор болж таарсан. Дээр нь, өртөг зардлаа нөхөх битгий хэл үйл ажиллагаагаа ч санхүүжүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон. Яагаад гэхээр манай зах зээл бүх талаараа бага байна л даа. Одоогийн байдлаар жилдээ буюу хавар, намар, зуны нийлсэн 100 хоногт 500 орчим мянган хүн манайхаар үйлчлүүлдэг. Бид нэг зуныхаа орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлж, ажилчдынхаа цалинг өгч, тоглоомнуудынхаа урсгал засварыг хийгээд таардаг. Дахин ашиглалтад орсон цагаасаа хойш хөрөнгө оруулагч буюу 53 тэрбум төгрөгийн санхүүжилт хийчхээд байгаа “Бодь интернейшнл” группт нэг ч төгрөгийн ногдол ашиг өгч үзээгүй. Харин хотын захиргаанд бол нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн үед гэрээнд өөрчлөлт оруулж, жилдээ 698 сая төгрөгийн ногдол ашиг өгдөг болсон. Нийтдээ 1.5 тэрбум өгсөн санаж байна. Мөн газрын төлбөрт жил бүр 400 гаруй сая төгрөгийн төлбөр төлдөг. Дээр нь, зуны улиралдаа жил болгон 200 орчим гэрээт ажилтан авч ажиллуулна.
-Яг бүтээн байгуулалт талаасаа нэмэлт тоглоом суурилуулах, шинэ тохижилт нэмэх боломж бий юу?
-Боломжтой. Судалж байгаад нэмээд шинэчлээд явдаг. Хамгийн сүүлд зөгийн үүр, эргэдэг сандал гэж хоёр тоглоом нэмсэн. Манайх бусад улс оронд байдаг шиг сэдэвчилсэн парк биш. Олон нийтийн парк. Энэ утгаараа хэт их хүнд, нүсэр тоглоом байрлуулах шаардлага байхгүй. Их олон гоё том тоглоомтой болгоё гэсэн ч манай зах зээл хэцүү, хүрэхгүй. Дээр нь, хүүхдийн паркийн тоглоом асар өндөр үнэтэй байдаг. Жишээ нь, манай галзуу хулгана гэхэд суурийн ажилтай нийлээд 5.5 тэрбум төгрөгийн үнэтэй. Яг үнэндээ бид нар л эрсдэлээ үүрээд ашиг харахгүй оруулж ирсэн болохоос бус бизнесийн ашиг талдаа хэзээ ч хөрөнгө оруулалтаа нөхөхгүй тоглоом, бусадтайгаа хоршоод байж байх ёстой л тоглоом. Гэхдээ Д.Баясгалан захирал анх л “Чи хотын хүүхэд биз дээ. Парк дээр тоглож өссөн биз дээ. Хоёулаа паркаа авч үлдье” гэж хэлж байсан. Тэр дэврүүн сэтгэлээрээ парк руу хөрөнгө оруулалт хийсэн. Өнгөрсөн хугацаанд нэг ч өдөр “зарлаа, болилоо” гэдэг үг хэлж байгаагүй. Харин ч “яаж улам гоё болгох вэ” гэдэг асуулт л тавьдаг.
-Гэхдээ та “Д.Баясгаланд парк ямар хэрэгтэй юм бэ” гэдэг талаас нь асуулт тавьж үзэж байсан уу? Банк, орон сууц, даатгал...олон төрлийн бизнес дунд таны хэлсэнчлэн энэ ашиггүй бизнес тэр хүнд ямар хэрэгтэй гэж? Зүгээр л улсдаа, хотдоо өгчхөж болдоггүй юм уу? “Эх оронч сайхан сэтгэлээр эргүүлээд өгөөч” гэдэг шаардлага жилийн жилд сонсох төвөгтэй санагддаггүй юм болов уу, нэгэнт ашиггүй юм бол?
-Энэ тухай ёстой ярилцаж байгаагүй юм байна. Асууж ч үзэж байгаагүй. Зүгээр өөрийг тань асуусан болохоор төсөөлөөд бодоход, ямар ч бизнес эрхлэгчид хувь хүнийхээ нэрийн хуудас болгосон, нийгмийн сайн сайхан руу чиглэсэн, яг байгуулагдаад ашиглалтад ороод ирэхээр нь алсаас хараад бахархаад сууж байхуйц тийм бүтээн байгуулалтын амбиц, мөрөөдөл гэж байдаг байх. Магадгүй хүүхдийн парк Д.Баясгалан гэж хүн энэ амбицаараа өнөөдрийг хүртэл 53 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байж болох юм. Гэхдээ би үүнээс илүүг өөрийнх нь өмнөөс хариулж чадахгүй. Харин өөрөөс тань нэг юм асуумаар байна.
-Юу гэж?
-Паркийг улс зуун хувь мэдэлдээ авлаа гээд хайртай эх орон нь юу хийх юм бэ? Хайртай эх орон нь өмнө нь яагаад энэ хайртай паркийнхаа газрыг гэрчилгээтэй, гэрчилгээгүй зургаар хувааж, хашаалаад дуртай хүнд нь өгчихсөн юм бэ?
-Үгүй ээ, хайр хааяа хөрдөг гэлтэй биш дээ. Би ёстой улс эх орны өмнөөс, төрийн өмнөөс хариулж мэдэхгүй ээ. Та өөрөө “Яагаад” гэдэгт хариулсан нь дээр байх?
-Анх бид нарыг хамтарсан компани байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр хаалга үүдийг нь нээгээд орж ирэхэд бүх тоглоом нь зэврээд эвдэрчихсэн, цайзад гэхэд архичид үүрлэсээр байгаад дотор талыг нь шатаачихсан, цэцэрлэг нь зэрлэг ургамалдаа дарагдчихсан, хүүхэд тоглох битгий хэл, том хүн чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хэцүүхэн төрхтэй болчихсон байсан. Муу сайн ч гэсэн жилийн жилд хараалгаж, ерөөлгөж байж бидний хийсэн ажлын үр дүнд жилийн дөрвөн улиралдаа хаалга нь нээлттэй, эхний тохижилт хийсэн хэсэгт үр хүүхдээ салхилуулах орчин нөхцөлтэй болсон. Зундаа, дулааны улиралдаа хүүхдийн инээд шуугиан энэ паркаас тасардаггүй. Аав ээжүүд хүүхдүүдээ тоглуулангаа өөрсдөө баярлаж, хөөрөөд л явж байгаа харагддаг. Энэ бол бид бүхэн хайртай эх орныхоо төлөө хийсэн бүтээн байгуулалтын үр дүн. Монгол хүн болж төрчхөөд монголдоо хайргүй ажил хийнэ гэж хаа ч байхгүй. Харин ч хувийн хэвшил эх орноо илүү бодитой хайрладаг байх. Шоучид, архичдын үүр уурхай болчихсон байсан цэцэрлэгийг бид нар харин ч хүүхэд шуугьсан цэцэрлэгт хүрээлэн болгосон юм шүү. Өөрөөр бол, эндээс Д.Баясгалан ч, Д.Батнягт ч нэг ширхэг сандал, ширээг эзэмшээд өөрийн болгочхоод байгаа юм байхгүй.
-Паркийн 74 хувь Д.Баясгалангийнх байхад нэг ширхэг сандал, ширээн дээр нэрээ бичүүлэх гээд суухгүй байлгүй дээ?
-Тэгвэл Д.Баясгалан, жишээ нь паркаар яах юм бэ?
-Хүн хүний сонирхол өөр л дөө. Зарим нэг нь үнэт чулуун хөөрөг цуглуулах замаар хөрөнгөө баталгаажуулдаг бол Д.Баясгалан гэдэг хүн паркийн газрыг ирээдүйн үл хөдлөх хөрөнгө гэж үзсэн байж болох юм?
-Ашиг өгдөггүй хөрөнгө оруулалт уу? Би энд нэг зүйлийг дахин маш тодорхой хэлье. “Бодь интернейшнл”-ийн бизнес төлөвлөгөө, стратегид “Үндэсний соёл амралтын хүрээлэнг парк хэвээр нь хөгжүүлнэ” гэсэн ганц л зорилго бий. Нэг ёсны, ямар ч тохиолдолд өөр зорилгоор ашиглахгүй гэсэн үг. Хотын захиргаатай хийсэн гэрээнд ч энэ өгүүлбэр бий. Иймд санаа зовох хэрэггүй. Парк паркаараа үлдэнэ. Гэхдээ цаашид паркаа бид нар хөгжүүлэх хэрэгтэй байна. Одоогийн байгаа түвшиндээ бариад байвал их удалгүй энэ паркийн тоглоомууд хуучирна, элэгдэнэ, гацна. Дээр нь, иргэд ч уйдна. Жилийн жилд нөгөө л нэг бахь байдгаараа гэдэг сэтгэгдлээр парк руу ирдэг байж болохгүй. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” буюу парк нь “Бодь интернейшнл” группийн хувьд бүтээн байгуулалтын гоё амбиц болохоос зарж үрдэг газрын наймаа биш.
-“Паркийг хөгжүүлэх хэрэгтэй байна” гэдэг таны үг өнөөдрийн хамгийн том эсэргүүцлийн шалтгаан болоод байгаа гэж ойлгосон. Яаж хөгжүүлэх гээд байгаа юм бэ? Өнөөдрийг хүртэл хадгалсан талбай дээрээ орон сууц барьж, зарах хэрэг үү? Сошиалоос авсан мэдээллээ л асууж байгаа хэрэг шүү.
-За наад асуулт чинь өнөөдрийн асуух ёстой гол сэдэв байна даа.
-Тэгвэл та тодорхой хариулаарай. “Улаанбаатар виллаж” төслийн хүрээнд паркийн газарт орон сууц барих уу?
-Үгүй. Манайх энэ төслийн зураг төслийг Америкийн “PAU” гэж хотын архитектураар дагнан ажилладаг компаниар хийлгэсэн. Ажлын зургийг нь монгол компани хийгээд дуусаж байгаа. Тэд хойд талд Чойжин ламын сүм гэж түүх соёлын үнэт дурсгал, урд талд нь Богд уул байхад өндөр барилга барьж болохгүй гэдэг зөвлөгөө өгсөн. “Улаанбаатар виллаж” төслийн хүрээнд 3-4 давхар үйлчилгээний төвүүд баригдана. Хаа газрын паркийн орох хэсэгт худалдаа үйлчилгээ явуулдаг жижиг байшинтай гудамж, жижиг тосгон байдаг шүү дээ, яг тэр. Хүмүүсийн төлөвлөлт дээрээс хараад орон сууц болгоно гээд яриад байгаа нь зочид буудал сервис апартмент гэсэн өчүүхэн хэсэг. Үүнийг дэвэргэж яриад байгаа юм. Тэр бол бүх үйлчилгээ, тоглоомын төв театр, галерей зэрэгтэй харьцуулбал жижиг хэсэг нь.
-Тэр нь яана гэсэн үг үү?
-Тухайн барилгын 1-3, 1-2 давхар нь дэлгүүр, ресторан тоглоомын төв гээд дэлхийн улс орны олон нийтийн паркад байдагтай адилхан үйлчилгээний төвүүд байна. Дээд талын зарим хэсэгт давхартаа зочид буудал ажиллуулах боломжтой гэсэн үг. Тэр нь хэдхэн өрөөний тухай л асуудал шүү дээ. Ер нь яаж ч бодсон дэлхийн таван одтой Шангри-Ла зочид буудлын хажууд их хэмжээгээр өндөр зэрэглэлийн зочид буудал байгуулах боломжгүй. Иймд цөөн тооны өрөөгөөр зочид буудлын сервис үйлчилгээ үзүүлье л гэж байгаа юм. Нэг зүйл тодотгоод хэлмээр байна. Анх танилцуулсан зураг гээд яваад байх шиг байсан. Тэр төсөл, харьцаа хэмжээ одоог хүртэл хадгалагдаж байгаа. Олон талаасаа манай газар өөрчлөгдсөн тул өөрчлөөд сайжруулаад төсөл хийгдсэн.
-Жуулчид буудаллана гэдэгт та итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байна. Манай “Түмэн эх чуулга”-ыг гэхэд жилдээ 18 мянга орчим жуулчин үздэг. Тэр хүмүүс манайд буугаад Улаанбаатар хоттой танилцангаа орой үдэш паркаар зугаалдаг, тоглолт үздэг байж болно биз дээ. Энэ чинь өөрөө сервис үйлчилгээ байхгүй юу. Иймд “Улаанбаатар виллаж” төслийн хүрээнд “Түмэн эх чуулга”-ын барилгыг шинээр барихаар зураг төслийг нь гаргасан байгаа.
-Яагаад шинэчилнэ гэж? Харьцангуй шинэ барилга биз дээ?
-Уг нь ч 30 орчим жил болж байгаа барилга л даа. Даанч тухайн үед маш муу баригдсан учраас одоо урлагийн үйлчилгээ үзүүлэхэд эрсдэл үүсэхээр болчихсон байгаа. Иймд зэс эрдэнийн ордон гэдэг утгаар битүү зэс театр байгуулахаар зураг төслөө боловсруулаад, дууны тоног төхөөрөмжөө захиалсан байгаа. Шинэ театр ашиглалтад орсноор 300 орчим хүн тоглолт үзэх боломжтой болно. Одоо бол "чихээд, чихээд" 100 гаруй хүн л үздэг. Зуны улиралд ачааллаа дийлдэггүй. Дээр нь, орчин цагаа дагаад зөвхөн ардын урлагийн тоглолт бус амьд хөгжмийн тоглолт, жүжиг тоглох зориулалтын тайз байгуулна. Дээр нь, хажуу зэргэлдээ галерей, худалдааны төв, буддын жижиг сүм ч байгуулах бодол байна. Гол нь энэ бүхэн шинэ юм биш. Манайх дэлхийн олон нийтийн паркийн стандарт зөрчөөд шинэ юм хийх гээд байгаа хэрэг биш. Бүх паркийг дагаад театр, ресторан, худалдаа, зочид буудал байдаг. Энэ бол жишиг.
-Парк дагасан жижиг зочид буудал, хувийн орон сууц байгуулсан тохиолдол байдаггүй биш байдаг гэдэг нь үнэн. Гол нь, манайхан хотын төвд байгаа ганц паркаа ногоон байгууламжтай нь үлдээгээч гээд байх шиг санагдсан. Хотын төв бүхэлдээ цементээр хучигдаж буй энэ үед хэн нь хэзээ ямар замаар газрыг нь салгаж, жижиглэж тараасан гэдгээс үл хамаараад одоо байгаагаа хамгаалъя гээд байгаа нь буруу биш байх аа?
-Ойлгож байна. Буруу биш. Бүр зөв ч гэж хэлмээр байна. Гэхдээ яагаад бодит мэдээллийг биднээс авахгүйгээр “паркийг устгалаа, сөнөөлөө” гэж яриад байгаа юм бэ гэдгийг л дахиад асуумаар байна. Бид нар олон удаа “манайд ирж, газар дээр нь нөхцөл байдал, төлөвлөгөөтэй нь танилцаач” гэж хэлсэн. Тэгэхээр урдаас “очихгүй ээ” л гэдэг. За яах вэ, ирэхгүй байж болно оо. Гэхдээ үнэнийг мэдэж байж тэмцэх ёстой. Үнэхээр “паркийг парк хэвээр нь үлдээнэ” гэчхээд ногоон байгууламжийг нь сүйтгээд, нэлэнхүйд нь цемент цутгачихвал миний ч дургүй хүрнэ. Би яагаад гэдгийг дээр хэлсэн. Энд миний ч хүүхэд насны дурсамж байгаа. Тийм ч учраас дурсамжаа хадгалах зорилгоор “паркад авхуулсан зургаа явуулаач” гэхэд бидэнд мянга гаруй зураг ирсэн. Тэр бүхнээс түүж, үзээд хамгийн их давхардсан тохижилт элементүүдийг бид нар авч үлдсэн. Авч үлдэх гэж шинээр хийж, заавал гэдэг шаардлагаар байршуулсан. Цайз, нуур, загас, мангасын ам, 12 жил гээд... Энэ нь хүмүүсийн дурсамжийг хүндэлж байгаа хэрэг биш үү. Их сонин. “Ирээд үзээч” гэхээр “очихгүй” гэнэ. “За ирэхгүй юм байна” гэхээр “хаалга нь түгжээтэй байдаг хаалттай парк” гэнэ. Тэгсэн хэрнээ өөрсдөө дотор нь баахан хэвлэл дагуулж, ирчхээд яриад байдаг юм байна лээ, нөгөө хаалттай парк дотроо.
-Гол сэдвийнхээ хариултыг авъя аа. “Ногоон байгууламж устгадаг нь яаж байгаа юм бэ” гэж?
-Юу гэж устгах вэ дээ. Бид нар анх удаа паркийн газарт ажиллаж байгаа биш. Өмнө нь биднийг зэрлэг ургамлыг хусаад, хөрсийг нь цэвэрлэж, зайлшгүй үлдэх ёстой том моднуудыг үлдээгээд хөрсөө цэвэрлээд эхнээс нь зүлэгжүүлэх үед бас л “Цэцэрлэгт хүрээлэн сүйтгэгч” гэж хэвлэлээр хангалттай бичсэн. Одоо ч адилхан. Тэрийгээ л бичээд, яриад байгаа харагдана лээ.
-Гэхдээ тас хар шороон хөрсний зураг харагдсан даа. Ирж байгаа хаврын улиралд хотын төвд, тэр дундаа цэцэрлэгт хүрээлэнд тийм хөрс харах хэнд ч сайхан санагдахгүй байх аа?
-Ойлгож байна аа. Ер нь жил бүр ийм эсэргүүцэлтэй тулгарсаар байгаад “ойлгож байна” гэдэг үгийг л их хэлдэг болж байна даа. Хотын захиргаатай байгуулсан гэрээнд ногоон байгууламжийг 70 хувьд нь хадгална гэж заасан байдаг. Манайх шүүхдэж, шүүхдэж үлдсэн 31 га талбайдаа гэрээнийхээ заалтыг зөрчихгүй, биелүүлж байгаа. “Улаанбаатар виллаж” төсөл гэхэд долоон га талбайд хийгдэнэ. Одооны парк гэхэд 10 га талбайд хийгдсэн. Ингэхээр үлдсэн 24 га нь ногоон байгууламж тохижилтоороо үлдэнэ. Гэхдээ ногоон байгууламж хэвээр үлдээлээ гээд хаячхаж болдоггүй юм. Маш их арчилгаа, цэвэрлэгээ, сэтгэл, зүтгэл шаарддаг. Иймд хэт замбараагүй хөрсний тэлэлтийг цэгцэлж, хогийн ургамлыг нь түүж, өнгөн хөрсийг нь хуулж байгаад шинээр зүлэгжүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь биднийг “Байгаль сүйтгэгч” гэж зөндөө л шүүмжилсэн. Энэ удаад ч адилхан. Гэхдээ эцсийн үр дүн нь манайх ногоон байгууламжаа 95 хувиар ургуулсан гээд өргөмжлөл хүртэл авч байсан хамт олон. Баахан шүүмжлэл дунд ургуулсан тухай ганц өгүүлбэр байдаг нь тэр өргөмжлөл дээр байгаа үг. Иймд зүлэгжүүлэлт илүү тав тухтай болно гэдэгт итгэж болно. Орчин цагийн цэцэрлэгжилт гэдэг давхар эмх цэгц, төлөвлөлт, аюулгүй байдалд тулгуурлах ёстой юм. Үүнийг бодож л шинэчилж байгаа болохоос бус олон нийт хардах вий, загнах вий гэж айгаад байвал хийхгүй байж болно л доо. Гэхдээ бид нар хийх ёстой. Яагаад гэхээр олон нийтийн парк бол тоглоом гэхээс илүүтэй иргэдийн урсгал байдаг. Тэр урсгалыг чөлөөтэй таатай, аюулгүй байлгах нь бидний үүрэг. Ер нь манай төлөвлөлтөд тэр тэмцэгч хүмүүсийн хэлээд байгаа бүх элемент байгаа. Хашаагүй болгохоос эхлээд бүх төрлийн спортын талбай, шинэ гол нуур гээд. Зураг нь энэ, та харж байна. Даан ч тэр хүмүүс тоож ирэхгүй юм. Нэгэнт нэг сэдэв бариад тайзан дээр гараад олны өмнө зогссон хүмүүс бидний үгийг тоож сонсохыг хүсэхгүй юм шиг байна.
-“Дурсамж хулгайлагч” гэдгийн тухайд, та эсрэгээрээ харин ч “Дурсамжийг нь хадгална” гэж яриад өнгөрсөн нь ямар учиртай яриа байсан бэ?
-Шинэ бүтээн байгуулалтын хүрээнд “Дурсамжийн цамхаг” гэж дижитал цамхаг байгуулна. Зургийг нь харчхаад зарим нь “хорих лагерын хүн шатаах зуухны яндан шиг юм барих гэлээ” гээд шүүмжлээд байсан. Заримдаа ч бас инээд хүрэх юм аа. Уг нь, үүднээсээ эхлээд дижитал тоноглолтой, хувийн дижитал музей байх юм. Гэхдээ хувийн гэдэг нэг хүнийх биш шүү. Хүссэн хүн нь хайраа мөнхөлж, түлхүүр зүүдэгтэй адилхан үүдээр нь ороод өөрийн, гэр бүлийн, хуримын, төрсөн өдрийнхөө зургийг авхуулж, дижитал санд хадгалуулна. Дараа нь, хүүхэд, гэр бүлээ дагуулж ирээд өөрийн түлхүүр кодыг хийгээд дээш өгсөхөд ханаар нэлэнхүйдээ тэр хүний зургийн архив, бичлэг гарч байхаар төлөвлөлт нь хийгдсэн дижитал музей л байхгүй юу.
-Гоё санаа байна. Таны ярьж байгаа байдлаас харахад, энэ музейн бүтээн байгуулалтдаа их сэтгэл хангалуун байх шиг байна, тийм үү?
-Маш их. Нэр бүхий хүмүүс өөрсдөө буруу ойлгож, олон нийтэд тэрийгээ бүр буруу тайлбарлаад байгаад л асуудал байгаа болохоос уг нь бол ямар ч хүний сэтгэл хөдлөх л дижитал музей юм. Гоё биз дээ.
-Төсөөлөгдөж байна. Нээрээ, нэг тодруулаагүй зүйл үлдсэн байгаа нь танай гэрчилгээг 60 жилээр сунгасан явдал?
-Олон асуудлаас болоод бид хамтарсан компанийнхаа газрыг бүрэн бүтэн хадгалчих юм сан гээд хугацааны тухай хүсэлт тавьсаар ирсэн. Засаг даргаар Су.Батболд ажиллаж байсан. Гэнэт нэг өглөө “Танай авто зогсоолын газарт Хятадын Засгийн газрын тусламжтайгаар гүүр барихаар боллоо” гэчихсэн. “Ингэж болохгүй, тэр хэсэг чинь манай авто машины зогсоол. Манай зогсоолд үйлчлүүлэгчдийн машин багтдаггүй байхад яагаад дээр нь, зогсоол барих вэ?” гэдгээ хэлсэн. Үнэндээ бидний үгийг тоогоогүй. Тэгэхээр нь асуудлыг тайлбарласан. “За та нар дуртай үедээ ингэж газар тасдаж аваад байж болохгүй ээ. Та нар адилхан хувь эзэмшигч. Үүрэг хариуцлагаа ерөөсөө хамтарч хүлээе. Бид нар цаашид нэмэлт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байна. Гэтэл газрын зөвшөөрөл гэрчилгээ нь тав, таван жилээр сунгадаг, хэн дуртай нь ингээд тасдаад байдаг гэх мэтээр асуудал тавьдаг байсан. Хөрөнгө мөнгө босгоход хүртэл бүрэн итгэж, зээл өгөхгүй байна” гэдгээ хэлж, ярьж байсан. Асуудал явсаар Э.Бат-Үүл даргын үед газрын зөвшөөрлөө 60 жилээр сунгуулсан. Шинэ хугацаа зохиогоод авсан юм биш шүү дээ, байдаг жишгээр нь авсан. Үүнээс өмнө гэнэт нэг өдөр дундуур нь авто зам гаргана гэчихсэн сууж байсан дарга нар ч байсан. Дундуураа авто замтай парк гэж ер нь ямар юм байх вэ дээ. Гол нь, энд нэг зүйлийг ойлгоорой. Манайх дангаараа энэ газрыг эзэмшээд, хувьчлаад явсан юм ерөөсөө байхгүй. Газар хотын захиргаатай хамтарсан компанийн мэдэлд байгаа. Парк паркаараа л байгаа. Яах вэ, иргэд маань нэг л өглөө босоод ирэх хооронд байрны голын тоглоомын талбайг нь булаагаад байшин бариад байсан түүх байгаа болохоор бидэнд итгэхгүй байх нь аргагүй л дээ. Энэ талаас нь бодохоор бас “за яах вэ” гэж бодогдож байгаа юм. Гэхдээ паркийг нь паркаар нь үлдээнэ гэж зарлаад тэр дагуудаа паркаар нь ажиллуулж байгаа даа гэж бодохоор бас гүтгэлэгт хариулт өгчихмөөр санагддаг юм байна.
-Тэгвэл ярьсан дээрээ гээд ярих өөр сэдэв юу байна? Миний хувьд жишээ нь “Хугацаа нь дууссан хятад тоглоом суурилуулсан” гэдэг дээр хариулт авмаар байна. Та мэдээж олон удаа хариулсан байх. Гэхдээ хүмүүс мартахыг хүссэн зүйлээ мартдаг гэмтэй байдаг шүү?
-Хуучин тоглоом авч ирээд будаж, тавьсан гэдэг үү? Мөн ч олон жил асууж, мөн ч олон жил хариулж байна даа. Тоглоомуудаа бүгдийг нь шинээр авсан. Одоо дэлхийд хүүхдийн паркийн тоглоом үйлдвэрлэлээр хятад "тасархай" байгаа. Анхандаа Герман, Италийн технологиор үйлдвэрлэдэг байсан бол одоо төмрийн үйлдвэрлэлээ дагаад бүгдийг нь хятадад дангаараа хийж байгаа. Паркийн тоглоом лангуун дээр эсвэл агуулахад хийж тавиад, авах хүнээ хүлээдэг юм биш. Захиалга аваад үйлдвэрлэнэ, бүх төмөр хэсгийг зэврэлтээс хамгаалах төмрийн үртсэн цацлага хийгээд дээр нь өнгөн будаг хийж, захиалагч руу хүргүүлдэг. Тэр нь тээвэрлэлтийн явцад халцарч, хууларна. Иймд тоглоомоо суурилуулаад албан ёсоор хоёр давхар будаг түрхдэг. Тэрийг харсан хүмүүс нь манайхыг нэг хэсэг “хуучин тоглоом авч ирлээ” гэж шуугьсан. Бидэнд итгэхгүй байлаа гэхэд албан ёсоор лац тэмдгийг нь хуулдаг мэргэжлийн байгууллагууддаа итгэж болно оо доо. Бас л сонин шүү.
-Хотын захирагч асан Э.Бат-Үүл саяхан “Хотын Засаг дарга Д.Сумъяабазарт Д.Баясгалангаас паркийнхаа газрыг ав гэж хэлэхэд авахгүй байна. Авах ёстой юм” гээд жиргэчихсэн байгаа харагдсан. Гэхдээ миний ойлгож байгаагаар Э.Бат-Үүлийг хотын Засаг дарга байхад танай хоёрын ойлголцол сайн байсан санагдах юм?
-Гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлээрэй. Хотод харин татаас өгөх хэрэгтэй байна гэдэг үг л хэлсэн. Тэр дагуу нь манайх жилдээ 699 сая төгрөгийн ногдол ашгийг хотод өгдөг болсон. Хөрөнгө оруулагч талд нэг ч төгрөгийн ашиг өгөөгүй хэрнээ хотод бол харин Э.Бат-Үүл даргын санал ёсоор өгч эхэлсэн. Яагаад тийм зүйл жиргэснийг нь хараад гайхсан. Гэхдээ тэр хүний ямар зорилгоор тийм үг хэлснийг мэдэхгүй учраас санал бодлоо илэрхийлээд суух нь зохимжгүй болов уу. Харин Улаанбаатар хотын одоогийн захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар манайд ирж, нөхцөл байдал болон төлөвлөгөөтэй танилцсан. Яг энэ хүмүүсийн хэлж байгааг хэлээд, захиад явсан. Ногоон байгууламж, тохижилт хэмжээ харьцааг хадгалах тухай. Гол нь, манайхан нэг зүйлийг маш сайн ойлгоосой гэж хүсэж байна. Дэлхийн олон оронд парк бий. Сайн муутай, сайхан муухайтай янз бүр л байгаа. Энэ дунд жилд ердөө 100 хоног ажилладаг паркийг бүрэн бүтэн байнгын ажиллагаатай байлгана гэдэг амаргүй ажил. Тийм учир бид дөрвөн улиралд хүн цуглаж байдаг дараагийн хэсгээ хийх гээд байгаа юм. Манайх шиг ийм хүйтэн нөхцөлд байдаг паркууд хаагдаад дууссан жишээ олон шүү.
-Таагүй сонсогдож байна...
Дэлхийд алдартай тэр том ногоон байгууламжуудад төр нь татварын мөнгөөр хөрөнгө оруулж, ногоон байгууламжийн арчлалтаа татварын мөнгөөр хийж яваа шүү дээ. Одоо төрийн мэдлийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг харж байгаа биз дээ. Энэ олон жилийн хугацаанд ямар хэмжээний бүтээн байгуулалт хийгдэв гээд хараарай. Яваандаа мод бут нь ургаад сайхан болох нь тодорхой. Бид яаж ийгээд жилийн дөрвөн улиралд ажилладаг, дахиад нэг нуур, том ногоон байгууламж, тохижилт ашиглалтад орууллаа гэхэд тэрийгээ арчлаад яваад байх санхүүгийн чадалтай, дулаан тохитой ресторанд багталцаж шингэхгүйн зовлонгүй, чөлөөтэй ороод дулаацчихдаг, ярьж хөөрч суудаг тийм олон нийтийн парк болгочихмоор байна. Үгүй бол жилийн 100 хоногт ажиллачхаад өвөл нь тарвага шиг иччихдэг парк байж болохгүй биз дээ. Ерөөсөө л энэ.
-Та бараг өөрөө ярилцлагаа дуусгаж байх шиг байна. Дахиад төгсгөлд нь гээд нэмж хэлэх зүйл юу байна вэ?
-Эрхэм хүндэт, паркийн газар эзэмшигчид ээ. Нэгэнт газрын маргаан шүүхээр явж, та нарын талд асуудал шийдэгдэж, бүтээн байгуулалтаа та бүхэн хийгээд дууссан юм чинь "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-ээс нэг ч метр газрыг худалдаж аваагүй, биднийг худалдаагүй, авлигадаагүй гэдгийг олон нийтэд ил тод хэлээд өгөөч ээ. Бас паркийн төлөө санаа зовж байгаа хүмүүс хүрч ирээд зураг төсөлтэй нь танилцаад олон нийтэд ганцхан ч хамаагүй өгүүлбэр бичээд өгөөч. Энэ чинь паркийн ирээдүйн бүтээн байгуулалтад их том тус болно шүү гэдгийг л хэлэх байна даа. Баярлалаа.
Сэтгүүлч Г.Отгонжаргал
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.