2010 онд хэсэг эрдэмтэд баруун Африк дахь сарьсан багваахай ихээр суурьшсан Абанда агуйг судлахаар болжээ. Тэд агуйд байрлах амьтдын зураглал хийхээр төлөвлөсөн байсан ч огтоос санаанд оромгүй зүйлтэй таарсан нь матар байв. Эрдэмтдийн баг агуйн гүн рүү нэвтрээд 100 метр зам туулсны эцэст сонирхолтой матрыг олсон аж.
Судлаачид хэдэн өдрийн турш агуйг илүү нарийвчлан судалсны дараа ахиад хэд хэдэн матар олжээ. Тэд бүгд энгийн матрыг бодвол арай жижиг буюу 1.5 метр хүртэлх урт биетэй ч тарган цатгалан байв. Ам нь энгийн матрынхтай адил ч биеийн өнгө нь эгэл бус гэмээр тод улбар шар байсан гэнэ. Эхлээд нэг эрдэмтэн тэднийг шинэ төрөл гэж бодсон боловч өөр нэг судлаач тус агуйн матрыг Африкийн мохоо хамарт матрын нэгэн зүйл болохыг генетикийн шинжилгээгээр тогтоожээ.
Эдгээр агуйн матрууд харанхуй орчинд амьдарч дадсанаас гадна задгай газарт огт гарч ирдэггүй байна. Матрын хоол хүнсний дийлэнх хэсгийг сарьсан багваахай бүрдүүлэх бөгөөд тэд газарт бууж ус уухаар доошлохдоо өөрсдөө матрын ам руу явж ордог байсан аж.
Агуй нь жилийн турш 22 градусын температураа тогтвортой барьдаг учраас матруудад өөр тийш нүүдэллэх шаардлага гараагүй байна. Эрдэмтэд эдгээр матруудыг ийм тааламжтай нөхцөлд хэдэн зуун жилийн өнгөрөөсөн гэж таамалагласан юм.
Тэднийг улбар шар өнгөтэй болсны шалтгааныг сарьсан багваахайтай холбожээ. Агуй доторх багахан усанд сарьсан багваахайн ялгадас их хэмжээгээр унаснаар усны шүлтлэг чанарыг ихэсгэсэн аж. Матар ийм усанд удаан хугацаанд байсны нөлөөгөөр арьс нь улбар шар өнгөтэй болжээ. Тодруулбал, Лууван хэмээх матар бүтэн өвлийг дээрх усанд өнгөрөөж, улбар шар арьстай болсон ч сарын дараа гэхэд дахин байгалийн өнгөө эргэн олсон байжээ.
Агуйн оршин суугчдын шийдэж чадаагүй цорын ганц асуудал бол нөхөн үржихүй юм. Тэд задгай газар гарч ирээд агуйн ойролцоо өндөглөдөг байна. Эх матрууд өндөгнүүдийг анхааралтай ажиглаж, зулзаганууд гарсны дараа тэднийг агуй руугаа авч ордог. Зарим нь гадаа гарч ан хийхийг оролддог боловч хөгшин матрууд агуй руу орж сарьсан багваахай идэхийг илүүд үзнэ.
Гэсэн хэдий ч эрдэмтэд бүх матар ийм байдлаар үрждэг эсэхийг бүрэн гүйцэт судалж амжаагүй бөгөөд энэхүү нарийн төвөгтэй агуйн системийн өчүүхэн хэсгийг л нээгээд байгаа юм.