Шинэ цагийн Орос орныг цочроосон Эрхүүгийн "Ан-124" онгоцны ослын түүх

Хүн төрөлхтний түүхэнд олон мянган хүний аминд хүрсэн аймшигтай хэргүүд олон гарч байсан. Тэдгээрийн тоонд хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас авахуулаад золгүй явдал болсон осол аваарууд ч багтана. Бидний энэ удаагийн хүргэж буй баримт бол 1997 оны 12-р сарын 6-нд Эрхүүгийн баруун хойд хэсэгт орших нисэх онгоцны буудлаас Вьетнамын Камрангийн агаарын бааз руу нисч байсан Оросын нисэх хүчний Антонов Ан-124-100 онгоц буудлаас хөөрсний дараахан орон сууцны хороолол дунд осолдож, олон хүний амийг авч одсон харамсалтай түүх юм.

Шинэ цагийн Орос орныг цочроосон Эрхүүгийн "Ан-124" онгоцны ослын түүх

Украйны "Cargo Airways" компанийн түрээсээр авсан тэрхүү Ан-124 онгоцонд хоёр "Сухой Су-27" сөнөөгч онгоцыг ачсан байсан бөгөөд тэдгээрийг Вьетнамын Ардын нисэх хүчинд хүргэхээр замд гарсан байжээ.

Тухайн үед онгоцонд нислэгийн багийн 8 хүн, 15 зорчигч байснаас гадна ачааны нийт жин 40 тонн байв.

14 цаг 42 минутанд Эрхүүгээс Антонов Ан-124 онгоц хөөрсөн байна. Гэвч 5 метрийн өндөрт гарснаас хойш 3 секундын дараа 3-р хөдөлгүүр агаарын урсгалгүй болсноос эргэлт нь огцом нэмэгдэж, өнцгийн хурд бий болжээ. Үүний үр дүнд 2-р хөдөлгүүр унтарснаар барахгүй, 1-р хөдөлгүүр ч мөн 66 метрийн өндөрт гарснаас хойш 8 секундын дараа унтарсан байна.

Нисгэгчид үлдсэн ганцхан хөдөлгүүрээр  онгоцыг тогтворжуулахыг хичээсэн боловч онгоц Гражданская гудамжны 45 тоот орон сууцыг мөргөжээ. Мөн онгоцны сүүлний хэсэг салж, ойрхон байсан асрамжийн газрын байшинг ноцтой сүйтгэсэн байна.

Ослын улмаас онгоцонд байсан бүх хүмүүс, мөн газарт байсан 49 хүн (түүний дотор асрамжийн газрын 12 хүүхэд) нас баржээ. Тодруулбал онгоцны 212350 кг шатахуун асгарч, дэлбэрснээс үүдэн 49 хүн амьдаараа шатжээ. Үүний дээр 70 гаруй гэр бүл орон гэргүй болсон юм.

Осолдсон Антонов Ан-124-100 онгоцыг анх 1985 оны 10-р сарын 30-ны өдөр Аэрофлот анхны нислэгээрээ түрээсэлж байсан юм. Дараа нь тус онгоц ЗХУ-ын агаарын цэргийн хүчний өмчид шилжсэн бөгөөд 1988 оны 2-р сарын 14-нд Брянск мужийн Сещад байрладаг 566-р ангид хүргэсэн аж.

Тус онгоц өмнө нь нийт 576 удаа хөөрч буусны дээр 1034 гаруй цаг ниссэн байсан юм.

Нисэх үйлдвэрийн аврах албаны гал сөнөөгчид таван минутын дараа ирсэн боловч юуг ч өөрчилж чадаагүй. Орон сууцны хорооллын нурж шатсан барилгуудаас хүмүүсийг аврах ажиллагаа 7 хоног үргэлжилсэн байна.

Оросын томоохон хотуудаас аврагчид ирж ажиллан нурангид дарагдсан амьд үлдэгсэд болон цогцсуудыг гаргасан юм. Хүүхдийн цэцэрлэгт байсан хүүхдүүдээс 30 гаруй хүүхэд амиа алдаж, хүнд бэртжээ. Энэ явдал албан үүргээ хашаад 4 жил болж байсан Оросын Онцгой байдлын сайд Сергей Шойгуд хүнд цохилт болсон юм.

Ослын шалтгааныг шалгах тусгай комисс тэр дороо байгуулагдсан байна. Харамсалтай нь, онгоцны хар хайрцаг хүчтэй дэлбэрэлтэд гэмтсэн учраас хангалттай мэдээлэл олж чадаагүй. Эцэст нь гурван хөдөлгүүрийн эвдрэлийн шалтгааныг онгоцонд хэт их ачаалал өгсөнтэй холбоотой гэсэн албан ёсны дүгнэлт гарчээ. 

Энэ үед Эрхүүгийн температур хасах 20 хэмээс доош байсан бөгөөд өмнөх нислэгээс хойш Ан-124-ийн шатахууны саванд байсан хүйтний үед хэрэглэдэг түлшийг ердийн түлштэй хольсноос хөдөлгүүрийн эвдрэл үүссэн гэх таамаг мөн гарч ирсэн байна. Энгийн түлш хөлдөж мөстсөн бөгөөд тэр нь түлшний шүүлтүүрийг бөглөж, хөдөлгүүрт очих түлшний урсгалыг бууруулсан байх магадлалтай юм.

Туршилтын нисгэгч Александр Акименков "Московский Комсомолец" сонинд өгсөн ярилцлагадаа Эрхүү хотод онгоц осолдсон нь Хятад утастай зорчигчийн дуудлагаас үүдэлтэй байж болзошгүй бөгөөд тэр нь онгоцны цахилгаан хэрэгслүүдэд сөргөөр нөлөөлсөн байх магадлалтай гэж үзсэн байна. 

Онцгой байдлын сайд Сергей Шойгу

ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн аюулгүй байдлын албаны дарга асан, цэргийн нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах комиссын гишүүн хошууч генерал Борис Туманов "Московский комсомолец" -д гурван хөдөлгүүр унтарснаас болж осолдсон гэж тайлбарлажээ. 

Аймшигт ослын дараа гэр бүлийн хүмүүсээ алдсан хохирогчдод Оросын төрөөс цалингийн доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэх хэмжээний (1.7 сая рубль) нэг удаагийн нөхөн төлбөр олгосон байна. Харин хүнд бэртэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон насанд хүрээгүй хүүхдүүдэд тус бүр 17 сая рубль, эд хөрөнгийн хохирол амссан хүмүүст хохирлын хэмжээнээс нь шалтгаалан 50 сая рубль хүртэлх нөхөн төлбөр олгожээ.

Түүнчлэн орон гэргүй болсон хүмүүст 71 орон сууц бэлтгэж, шилжүүлэн суулгажээ. 

Дахин сэргээсэн 45-р орон сууц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()