1
Ашока
Ашока бол МЭӨ 268-232 онуудад Энэтхэгийн Маурын хаант улсыг удирдаж байсан хаан байв. Домогт өгүүлснээр, хаанчлалын эхэн үед Ашока өмнөх хаад шиг харгис хэрцгий, цуст дарангуйлагч байжээ. Гэвч МЭӨ 260 онд хөрш Калинга улстай хийсэн дайнд 300 мянга орчим хүнээ алдсаны дараа Ашока өөрчлөгдсөн байна.
Цусан мөр татуулсан араатнаас тэр энэрэнгүй, ухаалаг захирагч болж хувирав. Мөн Буддын шашинтай бослон нь түүнд давхар нөлөөлсөн байх. Ашока дайн самуун өдөөсөндөө харамсан ард иргэдээсээ хүлцэл өчиж, боолчлолыг халж, зугаа цэнгэлийн төлөө ан хийхийг хориглож, хүн ардыг анагаах бараг анхны эрүүл мэндийн байгууллагыг бий болгожээ.
Түүний дор үнэгүй дэн буудлын сүлжээ, суваг, усжуулалтын систем гэх мэт олон нийгмийн байгууламжууд хийгдсэн. Мөн аянчин хүмүүсийн тухтай байдлыг хангахын тулд тулд мод тарих, зам дагуу худаг гаргахыг тушаажээ.
Ингэж өөрчлөгдсөнийхөө ачаар Ашока эртний Энэтхэгийн түүхэн дэх хамгийн сайн удирдагчдын нэгт тооцогддог юм.
2
Мустафа Кемаль Ататурк
Түүний жинхэнэ нэрийг Гази Мустафа Кемал Паша гэдэг. Ататурк гэдэг нь "Туркүүдын эцэг" гэсэн утгатай. Тэрээр 1922 оноос 1938 онд нас барах хүртлээ Туркийн ерөнхийлөгчийн албыг хашиж (үндсэндээ дарангуйлагч), хоцрогдсон Османы эзэнт гүрнийг орчин үеийн бүгд найрамдах улс болгон өөрчилжээ.
Түүний засгийн эрхэнд гараад хийсэн хамгийн эхний ажил бол дэлхийн нэгдүгээр дайнд Османы эзэнт гүрэн ялагдсаны дараа үлдсэн султант засаглал, эзлэн түрэмгийллийн дэглэмийг татан буулгах явдал байв. Тэрбээр улс төр, нийгэм соёлын томоохон шинэчлэл хийж, халифатыг устгаж, Туркийг төрийн шашингүй улс болгосон. Ататурк мөн эмэгтэйчүүдэд тэгш эрх олгоод зогсохгүй тэдний улс төрөөс ангид байлгах хоригийг цуцалжээ. Үүний үр дүнд 1935 он гэхэд Туркийн парламентад 18 эмэгтэй гишүүн сонгогдож байжээ.
Мөн боловсролыг хүртээмжтэй болгож, Османы засаглалын үед хориглогдсон барууны соёлыг дэмжиж, Туркийг аж үйлдвэрийн замд оруулж эдийн засгаа шинэчилж, язгууртнуудын бүх эрх ямбыг цуцалжээ. Өнөөг хүртэл Ататуркийг туркийн иргэд эцгээ хэмээн хүндэлдэг юм.
3
Ли Куан Ю
“Надад хоёр зам байсан. Эхнийх нь хулгай хийж, найз нөхөд, хамаатан саднаа Форбсын баячуудын жагсаалтад оруулан ард түмэндээ хоосон газар үлдээх явдал юм. Хоёр дахь нь ард түмэндээ үйлчилж, улс орноо дэлхийн шилдэг арван орны жагсаалтад оруулах байсан юм. Би хоёр дахийг нь сонгосон."
Энэ бол Ли Куан Югийн хэлсэн алдартай үг юм. Сингапурын Ерөнхий сайдын хувьд тэрээр 1959-1990 он хүртэл дарангуйлагчийн хэмжээнд эрх мэдэл эдлэн улсаа удирдсан юм. Ли Куан Ю 52 жилийн турш засгийн эрх барихдаа Сингапурыг Их Британийн эрхшээлээс гаргахаас ажлаа эхлүүлжээ.
Ли Куан Ю нь эелдэг зөөлөн нэгэн биш байсан ч шударга ёсны хэм хэмжээг баримтлан ард түмнийхээ сайн сайхны төлөө тэмцсэн юм. Тэрээр Сингапурын нийгмийн бараг бүх салбарыг өөрчилж, улс орноо шууд утгаараа 0-ээс эхлэн босгожээ. Түүний засаглалын үед Сингапур нь авлига, ажилгүйдэл, ядуурлыг бараг устгаж, дэлхийд үндэсний нийт орлогоороо гуравт жагсаж, дундаж наслалт 71 жилийн дээд амжилтыг давсан юм.
Ли Куан Югийн бүтээсэн татварын үр дүнтэй систем нь нас барсных нь дараа ч улс орны хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.
4
Пол Кагаме (Paul Kagame)
Пол Кагаме улс төрийн өрсөлдөгчдөө устгаж, эрх мэдлээ аль болох удаан хадгалахыг хичээдэг байжээ. Гэхдээ тэрээр улсаа үнэхээр хөгжүүлэхийг чин хүсэлтэй байсан учраас Африкийн байдаг л нэг дарангуйлагч гэж хэлж болохгүй.
Пол Кагаме 1994 онд Руанда улсын төрийн эрхийг авчээ. Тэрээр 80000 хүний аминд хүрсэн Тутсигийн дайнд том үүрэг гүйцэтгэсэн нэгэн байв.
Тэрбээр төр барих болсноосоо хойш улсынхаа ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлж, эдийн засгийн либерал бодлого явуулж, хөдөө аж ахуйн салбараас илүү оюуны салбарыг дэмжин жил бүр төсвийн нэлээд хэсгийг боловсролын салбарт зарцуулдаг байв. Үүний ачаар ядуурал буурч, иргэд бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй болж эхэлсэн.
Нэмж дурдахад, Кагаме тэгш бус байдалтай идэвхтэй тэмцэж, аливаа үндэслэлээр ялгаварлан гадуурхахыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг оруулжээ. Жендэрийн тэгш бус байдлыг тэрээр бас халсан бөгөөд үүнийг Руандагийн парламент дахь олон тооны эмэгтэй гишүүд батална. Кагаме хүн бүрийг заавал эрүүл мэндийн даатгалд хамруулсны ачаар үндэстний эрүүл байдлыг бүхэлд нь сайжруулсан юм.
5
Франс-Альбер Рене
Сейшелийн арлууд 1976 онд Их Британиас тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд 1997 онд Франс-Альбер Рене төрийн эргэлт хийж, улс орноо социалист замналд оруулсан. 1977-2004 онуудад дарангуйлагч байсан тэрээр Сейшелийг Африкийн хамгийн өндөр хөгжилтэй улс болгож, ядуурлыг арилгаж, ДНБ-ийг өсгөсөн бөгөөд түүнийг нас барснаас хойш 17 жилийн дараа ч гэсэн тус улс Хүний хөгжлийн индексээр тэргүүлсэн хэвээр байна.
Рене мөн эрүүл мэндийн үр дүнтэй тогтолцоог бий болгож, бичиг үсэгт тайлагдсан иргэдийн тоог 90 хувьд хүргэсэн. Хүүхдийн эндэгдэл Европын хөгжингүй орнуудын түвшинд хүртэл буурч, арлын оршин суугч бүр даатгалд хамрагдах боломжтой болжээ. Нэмж дурдахад Рене аялал жуулчлалын салбарыг бий болгоход хувь нэмэр оруулсан бөгөөд үүний ачаар одоо нийт орлогын 17 орчим хувийг тус салбар хангаж байна.
2004 онд тэрээр тайван замаар огцорч, дэд ерөнхийлөгчийн тушаалд шилжин, Австралид фермийн аж ахуй эрхлэхээр яваад 2019 онд нас баржээ.
6
Фридрих II
Фридрих II бол гэгээрлийн абсолютизмын нэрт төлөөлөгч бөгөөд орчин үеийн улс төрчдөөс олон талаараа илүү нэгэн юм. Тэрбээр засгийн эрхэнд гарсны дараа Прусс (Тухайн үеийн Герман)-ыг нэгтгэж, олон салбарт шинэчлэл хийсэн. Жишээлбэл, тэрээр цэргийн албанаас оргосон хүмүүсээс бусад хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх явдлыг зогсоожээ. Тэрбээр мөн хөнгөн гэмт хэрэгт цаазаар авах ялыг халсан бөгөөд зайлшгүй шаардлагатай үед зөвхөн өөрийн биеэр гарын үсэг зурж, ялыг гүйцэлдүүлэхээр хуульчилжээ. Улмаар ийм хатуу шийтгэлийг зөвхөн хүн амины хэрэгт оноодог болсон байна.
Фридрих II хаан болсны дараа бүх шашин тэгш эрхтэй хэмээн тунхаглав. Тэрбээр Лютеранчуудаас бусад Христийн шашинтнууд, Лалын шашинтнууд, Еврейчүүд бүгд айх юмгүй улсад нь тайван амьдрах эрхтэй болгожээ.
Тэрбээр өөрийн цаг үеийн бусад хаадуудаас ялгаатай нь хаадын бурханлаг чанарт итгэдэггүй байсан бөгөөд үүнийг үлгэр жишээгээрээ харуулж, дайнд цэргээ биечлэн удирдаж байжээ. Үүний зэрэгцээ тэрээр даруу зангаараа ялгарч, үнэтэй хааны өмсгөлийн оронд хуучин цэргийн дүрэмт хувцас өмссөн байв. Тэрээр мөн урлаг, шинжлэх ухааны ивээн тэтгэгч байсан бөгөөд олон нийтэд боловсрол олгох олон алхмууд хийжээ.