И Жэ Ён, И Да Ён нар нь Солонгосын үндэсний шигшээд холбогч болон жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог. Мөн тэд дотоодын лигийн "Pink Spiders" багийн гишүүд юм.
Ихэр тамирчид Өмнөд Солонгосын шигшээ Токиогийн олимпийн эрх авахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ур чадвараараа хоёул улсдаа шилдэгт тооцогдож, спортын салбарын одод гэж хүлээн зөвшөөрөгдөөд байв.
Одоогоор ихрүүдэд дээрэлхүүлдэг байсан гэх дөрвөн хүн гарч ирсэн ч өөрсдийгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр илчлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Дунд сургуулийн багийн хамтран тоглогчдоо зодож, мөнгө нэхэж, тэр ч байтугай эсэргүүцвэл хутга тулган сүрдүүлж байсан нь илчлэгдсэн нь солонгосчуудын дургүйцлыг хүргэсэн аж. Хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайлал үзүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан тамирчид инстаграм хуудсандаа өсвөр насандаа хэлсэн үг, хийсэн үйлдлээс нь болж шаналсан хүмүүсээс уучлал хүсэж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн байв.
Энэ асуудал дэлгэгдэхээс өмнө тэд үндэсний одод гэгдэж, Өмнөд Солонгос даяар өндөр нэр хүндтэй байсан бөгөөд үндэсний хэд хэдэн телевизийн нэвтрүүлэг, сурталчилгаа, тэр дундаа KIA Motors телевизийн сурталчилгаанд тоглож байжээ.
Солонгосын лигийн "Heungkuk Life Insurance Pink Spider" баг ихэр хоёрыг багийнхаа бүрэлдэхүүнээс хассан бол Өмнөд Солонгосын шигшээ баг ч ижил шийдвэрийг гаргасан юм.
Тус улсын Волейболын Холбооноос И Жэ Ён, И Да Ён нарыг Токиогийн олимп болон 2021 оны Үндэстнүүдийн лигт оролцуулахгүй гэж мэдэгдсэн байна.
Үүгээр зогсохгүй, Солонгосын Волейболын Холбоо сургууль дээрээ бусдыг дээрэлхэж байсан түүхтэй тамирчдыг мэргэжлийн лигээс насан туршид нь хориг тавихаар болсноо зарлав. Одоогийн байдлаар зөвхөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тоглогчдод байнгын хориг тавьдаг боловч энэ нь дараа нь холбооны захирагчдын зөвлөлийн хурлаар дүрмэнд өөрчлөлт оруулсан гэнэ.
Токиогийн олимпод ихрүүд оролцохгүй учир эмэгтэйчүүдийн багт маш том цохилт болж болзошгүй ч холбооны зүгээс шигшээ багийн тамирчдыг ёс зүйгүй аашилсан тохиолдолд хатуу шийтгэнэ гэсэн мессежийг үүгээр илгээж, цаашид ийм явдал гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж албаны хүн онцоллоо.