Бодит амьдрал дээрх Дани охины гунигт түүх

Данийн иргэн Эйнар Вегенер (Einar Wegener) хэмээх залуу өөрийнхөө байгаа байдалд нэг л сэтгэл дундуур байдаг байв. Хэдийгээр тэрээр эхнэртэй, ажил төрөлтэй, бусдын хэлдгээр дутах зүйлгүй нэгэн байсан ч эцэстээ өөрийгөө үзэн ядаж эхэлсэн байна. Тэрбээр эр хүн биш, эмэгтэй хүн байхыг хүсдэг гэдгээ ойлгосон бөгөөд даашинз өмсөж, нүүрээ будах болж өөрийгөө Лили Элбе (Lily Elbe) хэмээн нэрлэсэн байдаг.

Бодит амьдрал дээрх Дани охины гунигт түүх

Эйнар 1904 онд эхнэр Гердатайгаа гэрлэснийхээ дараахан Лили болж хувирахаар шийджээ. Түүний эхнэр Герда Вегенер бол авъяаслаг зураач байсан бөгөөд хувцас загварын сэтгүүлийн нүүрэнд тавигдах зургийг зурдаг байв.

Түүний  зурахаар төлөвлөж байсан загвар өмсөгч ирж чадаагүй тул түүний найз Анна Ларсен хэмээх жүжигчин Эйнарыг оронд нь загвар өмсөхийг санал болгосон байна.

Эйнар эхэндээ татгалзсан боловч эхнэрийнхээ хүсэлтийг хүлээн авч, зуруулахаар болжээ. Тэрээр торон балетчины өмсгөл өмсөөд эхнэрээ зургаа зурж дуусгахыг нь хүлээж байв. 

Залууд даашинз өмсгөхөд үзэсгэлэнтэй харагдаж байсан тул Анна Ларсен олон зүйл бодолгүй түүнийг Лили гэж дуудсан нь хожим Лили Элбе нэр болж үлдсэн байна.

Үүнээс хойших 25 жилийн хугацааг Эйнар сэтгэл дотроо тэмцэлдэж өнгөрүүлжээ. Түүний дотор хоёр хүн оршиж байсны нэг нь эхнэртээ хайртай Эйнар Вегене, нөгөөх нь Лили Элбе хэмээх эмэгтэй байв. Хожим Лили ялсан бөгөөд Эйнар өөрийгөө эмэгтэй хүн гэж хүлээж авахаар шийдсэн байна.Тэрбээр хүйсээ солиулах хагалгаа хийлгэсэн анхны хүн гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Тухайн үед түүний дотоод сэтгэлийн хямралыг мэддэг байсан Герда эр нөхрөө гадаа гарахдаа эмэгтэй хувцастай явахыг нь дэмжжээ. Тэд үнэтэй даашинз, үслэг эдлэл өмсөж,  олон нийтийн арга хэмжээнд оролцдог байв. Тэд Лилийг Эйнарын эгч бөгөөд Герда түүнийг дагуулж явж байгаа гэж хүмүүст танилцуулдаг байсан аж.

Эцэст нь тэдэнтэй хамгийн ойр байсан хүмүүс Эйнарыг Лилигийн дүрд байхдаа хамаагүй найрсаг болж байгааг анзаарсан бөгөөд удалгүй Эйнар гэж хүн бүр мөсөн байхгүй болжээ. Түүний оронд Лили хэмээх бүсгүй үлдсэн байна.

Гайхалтай нь Герда Элбег дэмжиж, түүнийг бусдаас хамгийн их өмгөөлж, хамгаалдаг хүн болжээ. Лили маш их шүүмжлэлд өртөх болсон тул хосууд Даниас илүү эрх чөлөөтэй амьдрах боломжтой гэж Парис руу нүүсэн байна. Герда үргэлжлүүлэн зураг зурж, Элбег өөрийн загвар өмсөгчийн хувиар, найз Лили хэмээн танилцуулдаг болов.

Парисын амьдрал Дани улсынхаас хамаагүй дээр байсан боловч удалгүй Лили Элбе аз жаргал нь дууссаныг олж мэдэв. Хэдийгээр Лили сэтгэл дотроо эмэгтэй хүн байсан ч түүний бие нь тийм биш байв. Үүнээс болж Элбе удалгүй гүн гүнзгий хямралд орсон байна.

Лили Элбегийн амьдарч байсан ертөнцөд трансжендер гэх ойлголт байгаагүй. Тэрээр гуниг, хоосролын харанхуй ангалд зургаан жилийг өнгөрөөж, өдөр бүр амиа егүүтгэх талаар боддог болжээ. 

1920-иод оны эхээр Магнус Хиршфелд хэмээх герман эмч хүний бэлгийн чиг хандлагыг судлах институт байгуулсан байна. Тэрээр ажлынхаа хүрээнд “транссексуализм” хэмээх зүйлийг судалж байгааг олж мэдээд Элбе чухам юу мэдрээд байгаагаа олж ухаарсан аж. Магнус хүний биеийн хүйсийг солих мэс засал хийхээр төлөвлөж байжээ. Лили үүнийг мэдээд ямар ч эргэлзээгүйгээр мэс засал хийлгэхээр Герман руу нүүжээ.

Дараагийн хоёр жилийн хугацаанд Лили Элбед туршилтын дөрвөн том мэс засал хийлгэсэн байна. Эхлээд мэс заслын аргаар бэлэг эрхтнийг нь тасалж, дараа нь хос өндгөвчийг шилжүүлэн суулгажээ. Харин 1933 онд тус судалгааны хүрээлэнгийн баримтуудыг нацистууд устгасан тул гурав дахь мэс ажилбарын зорилго, үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй аж.

Тэд анх удаа ийм төрлийн мэс засал хийсний дээр дааврын эмчилгээ хийх шийдлийг нэвтрүүлсэн тул салбартаа түүхэн хувьсгал хийсэн юм.

Эхний гурван мэс заслын дараа Лили хууль ёсоор эмэгтэй хүн болжээ. Тэрээр овгоо Данийн нэгэн голын нэр болох Элбе хэмээн өөрчилсөн байна. Ийнхүү тэр эмэгтэй болсон учир Данийн иргэн Гердатай хйисэн гэрлэлт нь хүчингүй болсон байна. Герда, Лили хоёр цааш хамт байх боломжгүй болсон учир тус тусын замыг хөөж, Лили нөхөрт гарахаар шийджээ.

Улмаар Лилид гэрлэж, хүний эхнэр болохоос өмнө сүүлчийн мэс заслаа хийлгэх хэрэг гарсан байна. Энэ удаад өмнөх удаагийн мэс заслуудаас хамгийн хүнд нь буюу сав шилжүүлэн суулгах мэс ажилбар байв. Лили ээж  болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд ийн зориглосон аж.

Харамсалтай нь түүний мөрөөдөл бүтээгүй бөгөөд тэрбээр мэс заслын хүндрэлийн улмаас 3 сарын дараа 1931 оны 9-р сард нас барсан байна. Тэрээр нас барахаасаа өмнө  гэр бүлийн гишүүддээ захидал бичиж, эмэгтэй болох хүслээ биелүүлснийхээ дараа хэчнээн аз жаргалтай болсон тухайгаа хуваалцсан байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()