1
Хэн гал тавьсан бэ?
Өмнө нь таксины жолооч хийж байсан, 56 настай Ким Дэ Хан нь энэхүү аймшигт хэргийг үйлджээ. Тэрээр 2001 онд цус харваж, биеийн хагас нь мэдээгүй болсноос үүдэж сэтгэл гутралд орсноор Солонгосын эрүүл мэндийн байгууллагад өс санаж эхэлжээ. Хэрэг гарсны дараа тэрээр ганцаар бус, олон хүнтэй газар өөрийн амийг егүүтгэхийг төлөвлөж байснаа цагдаа нарт мэдүүлсэн байдаг.
2-р сарын 18-ны өглөө Тэгүгийн буудал хүрэх 1-р чиглэлийн 1079 дугаартай метронд тэрээр бензин, будаг шингэлэгчтэй хоёр сүүний сав бүхий брезентэн цүнхээ барин орсон байна.
2
Гал гарсан нь
Өглөөний 9:53 цагийн орчимд метро Банвулдан зогсоолоос хөдлөх үед Ким Дэ Хан сүүний сав, асаагуур гарган гал тавихыг оролдож эхэлжээ. Бусад зорчигчид түүнийг болиулахаар ноцолдох хооронд нэг сав нь газарт унаж, доторх шингэн нь асгарсан байна.
Хотын төвийн Жунганно зогсоолд метро ирэх үед хэдийн гал гарч эхэлсэн байлаа. Ким Дэ Хан нь сандарсан зорчигчдын хамт тус зогсоол дээр буусан бөгөөд 2 минутын дараа гэхэд тус метроны 6 вагончик бүгдээрээ галд автсан байна. Вагончикийн хөнгөн цагаан бүхээгийн хоорондох дулаалгын материалаар дамжин гал маш хурдтай тархаж, шатаж буй хуванцар суудал, бариул, хатуу хуванцар шалнаас гарсан өтгөн хар утаа зогсоолыг дүүргэжээ.
3
Хариуцлагагүй алдаа
Метроны машинист, 31 настай Чой Жон Хван үүссэн нөхцөл байдлыг тэр дор нь удирдлага руу мэдээлээгүй байна. Өтгөн утаа дэгдсэн нь хяналтын дэлгэцнүүдээс харагдсан тул операторууд зогсоолд ойртож буй 1080 дугаартай метроны машинист Чой Сан Ёлд болгоомжтой байхыг анхааруулсан аж.
Үүнээс 4 минутын дараа 1080 дугаартай метро Жунганно зогсоолд ирж, шатаж буй 1079 дугаартай метроны хажууд зогсов. Машинист Чой Сан Ёл метроны хаалгуудыг түр зуур онгойлгоод буцаан хаасан байна. Яг энэ үед буудалд байрлуулсан автомат галын аюул илрүүлэгч ажиллаж, хоёр метроны цахилгааныг тасалснаар 1080 дугаартай метро тэндээс хөдлөх боломжгүй болсон гэнэ.
Чой Сан Ёл удирдлагуудтай холбогдох гэж оролдох үедээ зорчигчдыг байр байрандаа тайван суухыг узелээр сануулсан байна. Эцэст нь удирдлагаас түүнд метроны хөдөлгүүрийг унтраагаад түргэн зугтахыг радио холбоогоор даалгажээ.
Чой өөрийн бүхээгнээс гарч гүйхдээ метроны мастер түлхүүрийг авсан тул метроны хаалгуудыг ажиллуулдаг аккумлятор салж, нэг үгээр зорчигчдыг бүр мөсөн түгжиж орхижээ. Ийнхүү тэр үед 1080 дугаартай метронд байсан 79 зорчигч бүгд шатаж амиа алдсан юм.
Мөн шаардлага хангаагүй ослын багаж хэрэгсэл хохирлыг улам нэмсэн байна. Тэгү хотын метронд гал унтраагуур, ус шүршигч, ослын гэрэлтүүлэгч аль аль нь байсангүй. Олон хохирогч битүү утаанд төөрч, буудлын гарцыг хайж явах үедээ угаартан амиа алджээ.
4
Хохирол
Галын хамрах хүрээ хэт их байсан нь нийт хохирлын нарийн тоог тогтооход хүндрэл учруулжээ. Амь үрэгдэгсдийн ихэнх нь танигдахгүй болтлоо шатаж, заримаас нь зөвхөн яс үлдсэн байсан тул хэн гэдгийг нь тогтооход ДНХ-ийн дээж авах хэрэгтэй болсон байна.
Энэхүү ослоос болж нийт 192 хүн амиа алдсан юм. Өглөөний ид ачаалалтай цагаар болж өнгөрсөн тул ихэнх хохирогчид нь оюутнууд, хотын төвийн дэлгүүрт ажилладаг бүсгүйчүүд байжээ.
5
Эмгэнэлт явдлын дараа
Энэхүү хэрэг БНСУ болон олон улсын хэмжээнд уй гашуу болон асар их шүүмжлэлийг дагуулсан юм. Эрх баригчид метроны буудлуудын ослоос сэргийлэх тоног төхөөрөмжийг сайжруулахаа амлаж, Тэгү хотын метроны вагончикуудын доторлогоог галд тэсвэртэй материалаар сольжээ. Ослын дараа Солонгосын хэд хэдэн хотын метроны систем галд тэсвэртэй стандартыг нэвтрүүлсэн байна.
Тухайн оны 8-р сард Тэгү хотын шүүхээс 1080 дугаартай метроны машинист Чой Сан Ёл, 1079 дугаартай метроны машинист Чой Жон Хван нарт ажлын хариуцлага алдаж, үлэмж их хохирол учруулсан хэргээр 4 болон 5 жилийн хорих ял оноосон юм. Харин Ким Дэ Ханд санаатай хорлон сүйтгэх ажиллагаа, аллагын хэргээр цаазаар авах ял оноохыг прокурорууд санал болгож байсан ч эрүүл мэнд, сэтгэцийн байдлыг нь харгалзан үзэж бүх насаар нь хорих шийдвэр гаргажээ.