"Хүүхдийн ГУЛАГ" - Зөвлөлтөд эсэргүү нарын хүүхдүүдийг хэрхэн шийтгэдэг байсан бэ?

Өнгөрсөн зууны коммунист орнуудад тэрс үзэлтнүүд буюу хувьсгалын эсэргүү хэмээн хэрэг тулгасан хүмүүсийг цөллөгт сая саяар нь явуулдаг байсан юм. Тэднийг цөлөхдөө бөөнөөр нь хорих лагерийн систем буюу ГУЛАГ-т хорьж хүчээр хөдөлмөр эрхлүүлэх эсвэл тамлан зовоож шийтгэдэг байжээ. Харин тэдгээр эсэргүү нарын  хүүхдүүдийг хэрхэн "хүмүүжүүлдэг" байсан юм бол?

"Хүүхдийн ГУЛАГ" - Зөвлөлтөд эсэргүү нарын хүүхдүүдийг хэрхэн шийтгэдэг байсан бэ?

1930-аас 40-өөд оны үед удирдагч Сталин хүүхдүүдийг суртал ухуулгын гол хэрэгсэл болгосон юм. Тэрбээр хаа явсан газраа аз жаргалтай хүүхдүүдийн дунд инээмсэглэн зогсож үзэгддэг байв.

Гэхдээ бодит байдал дээр түүний тушаалаар олон сая хүүхдүүдийн эцэг эхчүүд үнэн худал нь тодорхой бус шалтгаанаар хэлмэгдэн хоригдох юмуу цаазлуулах ял сонссон байдаг. Үүнээс гадна тэрхүү хэлмэгдсэн хүний гэр бүлийнхэн нь эсэргүүгийн хамсаатан гэгдэж давхар шийтгэл амсдаг байв.

1937 оны зун олон сая иргэн ардын дайсан, хувсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэх мэт нэр зүүн хилс хэрэгт унасан юм. Эцэг эх нь баригдсан хүүхдүүдийг улсын асрах газар руу илгээх журамтай байв. Тэнд хүүхдүүдийг тодорхойгүй хугацаагаар байлгана. Тэдний үсийг хусч, хурууны хээг нь авч, дугаартай пайз хүзүүнд нь зүүлгэнэ. Нэг айлын хүүхдүүдийг салган, хоорондоо уулзахыг хориглоно.

Томчуудын "Гулаг"-аас ганц л зүйлээрээ ялгаатай бөгөөд энэ нь тэндхийн бүх харгалзагч нар нь эмэгтэй байсан явдал юм.

Эцэг эх нь эсэргүү хэмээх нэр авсан л бол тэднийг хүн бүр хараан зүхэж үзэн ядна. Багш нар нь тэдний халааснаас идэх юм олох юм бол зугтах гэж хүнс нөөцөлж байна хэмээн шийтгэнэ. Ийм хүүхдүүдийг ирээдүйн ардын дайсан гэж үзэх тул бүх талаар нь "дахин сургаж", коммунист үзэл суулгахыг хичээдэг байв. Ийм байдалд өсч торнисон хүүхэд ирээдүйд ямар хүн болох вэ?

Мэдээж тэд нийгмийг үзэн ядаж өсөх нь мэдээж. Үүнээс болоод тэдний олонх нь гэмт хэрэгтэн болсон байдаг. Хүүхдүүд өвсөр насандаа хүнд гэмт хэрэг үйлдэн асрах газраас шорон руу шилжих нь элбэг байв.

Удалгүй асрах газрын багш нарт ардын дайсны хүүхдүүдийг тагнан ЗХУ-ын эсрэг үзэлтэй хүмүүсийг илрүүлэх ажлыг даалгах болов. 15-аас дээш настай хүүхэд коммунизмын эсрэг үзэл гаргавал тэднийг шууд томчуудын "Гулаг" руу илгээнэ.

"Гулаг"-т хоригдож буй хүүхдүүдтэй томчуудтай адил харьцдаг байсан юм. Ганц ялгаа нь тэдгээр хүүхдүүд оргох гэвэл буудах хориотой байжээ.

Томчуудтай нэг газарт хоригдож буй хүүхэд бүх итгэл найдвараа алдана. Тиймээс харгалзагч нар залуу хоригдлуудыг хамгийн хэрцгийд тооцдог байжээ. Хүүхэд байх үеэс харгислалаас өөр зүйл амсаагүй тэд хэнийг ч хайрлахаа больж жинхэнэ утгаараа ардын дайсан болно.

Хуулиар эцэг эхгүй болсон ардын дайсны хүүхдүүдийг хамаатан садан нь өөр дээрээ авахыг хориглоогүй байв. Гэхдээ эсэргүүгийн хүүхдийг өөр дээрээ авна гэдэг тийм ч амар хэрэг биш. ЗХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссариат буюу НКВД-ийн ажилтнууд тухайн гэр бүлийг бүх талаар нь шалган мөрдөж эсэргүүгийн хүүхдүүдийг найдаж үлдээж болох эсэхийг тандана.

Мөн тэдгээр хүүхдүүдийг өөр дээрээ авах хүсэлтийг асрах газарт хуваарилагдахаас нь өмнө гаргах хэрэгтэй. Нэг хүсэлтийг батлах гэж хэдэн өдөр болно. Мөн олон хүүхэд ижил овогтой болохоор андуурах явдал энүүхэнд.

Сонирхолтой нь 1.5 нас хүрээгүй хүүхдийн ээж "Гулаг"-т хоригдсон ч өөр дээрээ хүүхдээ авч болдог байв. Тиймээс олон хорих анги дэргэдээ цэцэрлэг нээсэн байдаг.

Мэдээж хэрэг хорих анги гэдэг хүүхэд өсгөх газар яавч биш. Маш хатуу ширүүн нөхцлөөс болж хүүхдүүд маш их өвддөг байсан бөгөөд эндэгдэл 10-50 хувьтай байжээ. Иймээс тэдгээр хүүхдүүд өсч торних бус амьд үлдэхийн төлөө тэмцдэг байв.

4 нас хүрсэн хүүхдүүд нэг ч үг хэлж чаддаггүй байснаас гадна олонх нь орилж хашхирахаас өөрөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадвар суусангүй. Нэг асрагч дээр 17-20 хүүхэд ноогддог байсан учраас тэднийг үгэндээ оруулахын тулд маш харгис арга хэрэглэх болов.

Өлгийтэй хүүхдийг хөхүүлэх, хуурайлахаас бусад үед ээж дээрээ байх хориотой. Мөн ээж нь хорих лагерьт байгаа учраас өдөржин хүнд ажил хийнэ. Тиймээс эх хүүхэд хоёр дөрвөн цаг тутамд 15-30 минут л уулздаг байв.

Эхэндээ хэрэв ээж нь 4 жил хоригдоод суллагдахгүй бол хүүхдийг асрах газар эсвэл хамаатан руу нь илгээдэг байсан бол хожим 2 нас хүрмэгц л эхээс нь салгадаг болов. Эцэст нь хүүхэдтэй нь цуг байлгасны улмаас эмэгтэйчүүдийг ажлын бүтээмж муудаж байна гэдэг үндэслэлээр 12 сар болоод л хүүхдийг нь авч явдаг болжээ.

Хүүхдүүдийг нууцаар авч явдаг байсан ч юу болсныг мэдсэн эхчүүд хашаа тэврэн уйлах нь хэвийн үзэгдэл байв. Үүнээс болоод эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн уйлах дуу "Гулаг"-аар нэг хаддаг болжээ. Ээжийнх нь хувийн хэрэгт эхээс нь хүүхдийг салгасан гэж тэмдэглэдэг ч хаашаа авч явсныг нь дурьдахгүй үлдээнэ. Үүнээс болоод суллагдсан эмэгтэйчүүд хүүхдээ олно гэдэг амаргүй ажил болсон юм.

Асрах газруудын ачаалал энэ үед дээд цэгтээ тулсан. 1938 он гэхэд 20 мянган "эсэргүү"-ийн хүүхдийг барьж, бөөнөөр нь хорьсон юм. Энэ тоонд тэнэмэл болсон, жинхнээсээ өнчирсөн, орон гэргүй болсон хүүхдүүүд багтаагүй.

Хараа хяналтгүй болсон хүүхдүүд амьд үлдэхийн төлөө тэмцэх болж улмаар гэмт хэрэгтний сэтгэхүй сууж эхэлдэг байжээ. Жишээ нь 15 м2 өрөөнд 30 хүүхэд байна. Арай том хүүхдүүд бусдыгаа дээрэлхэн унтах орыг нь хүртэл булааж авна. Тэнд гэрэл халаалтын аль аль нь байхгүй.

Хоол нь туйлын бага байсан тул хүүхдүүд ихэвчлэн туранхай, тамиргүй болж өвчинд амархан нэрвэгдэж эхлэв. Эдгээр өвчний дунд сүрьеэ, хумхаа өвчин зонхилж байв.

Эдгээр бүх үйл явдлууд эхлэхээс өмнө ЗСБНХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлийн "Өсвөр насны хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээний тухай" тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэхүү тогтоолыг үндэслэн хулгай, аллага, хүчирхийллийн бүх шийтгэлийг хүүхдэд 12 наснаас нь эхлэн оногдуулж болох болсон аж. Албан ёсоор хэвлэгдсэн баримт бичигт энэ талаар дурдаагүй байсан ч “маш нууц"-аар прокурор, шүүгч нар энэхүү заалтын тухай мэдэж авсан байдаг.  Дээрх гэмт хэргүүдийн ялыг хүссэн хэмжээгээр оноох боломжтой болсон бөгөөд үүнд цаазаар авах хүртэл багтана.

1940 он гэхэд 50 гаруй асрах газар буюу хүүхдийн "Гулаг" байгуулагдсан байв. Гэмт хэрэг үйлдэж байгаад баригдсан хүүхдүүд насаа нуудаг байсан учраас тэднийг яллаж байгаа хүмүүс 12 настай гээд шууд "Гулаг" руу илгээдэг байсан аж. Харваас 8 нас хүрээгүй хүүхэд 13 настай хэмээн ял авах нь элбэг тохиолдол болсон юм. Хууль сахиулагчид ардын дайсан болох боломжтой хүүхдийг сул тавьснаас нийгэмд ашигтай хөдөлмөр эрхлүүлсэн нь дээр гэж үздэг байснаас ийм явдал газар авсан аж.

"Гулаг"-т насанд хүрэгчидтэй хамт хоригдож байгаа хүүхдүүд хамт арай бага цагаар ажил хийдэг байв. Жишээ нь 14-16 настай хүүхдүүд 4 цаг, 16-аас дээш настай бол 6 цаг хөдөлмөрлөнө. Харин тэд томчуудтай адил цагаар суртал ухуулгын хичээлд сууна.

Мөн зарим хүүхдүүд үл ялиг хэргээс болоод хоригддог байжээ. Жишээ нь 11 настай Маня хэмээх охин эцэг эхээ алдсан бүтэн өнчин байсан бөгөөд тариалангийн талбайгаас сонгино хулгайлж байгаад баригдсан байна. Түүнд үүний төлөө ардын өмчийг шамшигдуулсан эсэргүү хэмээн ял тулгаж хорьсон аж. Гэхдээ охинд өршөөлтэй хандаж, "ердөө" нэг жилийн ял өгсөн юм. Мөн 16 настай өөр нэг охин дайны үед бөмбөгдөлтөөс нуугдаж байгаад Германчуудтай таарчээ. Түүнд герман цэргүүд сайхан сэтгэл гарган шоколад өгсөн бөгөөд түүнийг охин аваад баярласандаа бусдад гайхуулсан байна. Үүнийг нь мэдсэн улаан армийн цэргүүд түүнийг барьж хорьсон юм.

Зарим хүүхдүүд бүр угсаа гарлаасаа болж төрмөгцөө хоригдсон байдаг. Испанийн иргэний дайны үеэр олон Испани хүүхдүүд ЗХУ-ын асрах газрууд руу илгээгдсэн бөгөөд тэдэнтэй дээрхтэй адил харгис харьцдаг байсан юм. Мөн тэрхүү Испани хүүхдүүдийн олонх нь нутаг буцаж чадалгүй ЗХУ-д үлдсэн байдаг.

15 насанд хүрсэн Испани хүүхдүүдийг аль хэдийн хөрөнгөтөн болсон гэж үздэг байсан тул тэднийг шууд шүүх хурлаар оруулан ардын дайсан гэж зарладаг байжээ.

Тэдний хэргийг нь хүлээлгэхийн тулд олон арга хэрэглэн эрүүдэн шүүнэ. Жишээ нь сандал дээр хэдэн цагаар суулгана, ус өгөлгүй шорвог шөлөөр хооллож, дараа нь байцаалт авна. Шөнө тэднийг унтахыг зөвшөөрөхгүй хурц гэрлээр шарна. Ийм байцаалтын үр дүнд НКВД-ийн ажилтнууд олон хүүхдүүдийг удаан хугацаагаар хорьж байсан юм.

Олон жилийн турш хүүхдүүдийн "Гулаг"-ийн мэдээллийг нууцалж байсан тул энэ талаар мэддэг хүн тун ховор болжээ. Нэмж дурдахад гэр бүлийн овог, эцэг эхийн нэрийг хасах арга нь үр дүнгээ өгсөн бөгөөд хэлмэгдсэн эцэг эхийн хүүхдүүдийг олох боломжгүй байв. Үүнээс гадна асар их зовлон үзсэн хүүхдүүд насан туршдаа жинхэнэ нэрээ нуух нь дээр гэж үздэг болсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()