Эрт цагт Японы хаад өөрсдийгөө Аматэрасугийн удам гэж нэрлэдэг байсан юм.
Харин Япон улс Гитлерийн холбоотон болж, Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа тэд бурхны удам гэсэн үзлээ орхисон түүхтэй. Одоо эзэн хаан гагцхүү Японы ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон хэдий ч ихэнх япончууд эрхэм дээдсээ Амарэтасугийн удам гэж итгэсээр байна.
Хааны гэр бүл удам дамжсан цагаан хоолтон
Эрт цагаас Японы эзэн хааны гэр бүлийн гишүүд улаан мах иддэггүй байсан. Гэхдээ тэдний уламжлалд загас, далайн амьтад, шувууны цагаан махыг идэхийг зөвшөөрдөг байжээ. Үүнээс гадна, VII зуунд эзэн хаан Тэнму зарлиг гаргаж, хүйтний улиралд илчлэг ихтэй улаан мах идэхийг зөвшөөрсөн байдаг. Мянган жилийн турш дийлэнх япончууд улаан мах идэхээс зайлсхийдэг байсан бол XVI зууны үед цэргийн удирдагч Ода Нобунагагийн үед хувьсгал гарч, япончууд хоолоо шинэ аргаар бэлтгээд зогсохгүй, мах, амьтны гэдэс зэргийг идэх болжээ.
Эзэн хааныг сэнтийнээс буулгах нь энгийн үзэгдэл
Хэдийгээр 2019 онд эзэн хаан Акихито сэнтийнээсээ буусан нь олон нийтийг гайхшруулсан бөгөөд ийм явдал сүүлийн 200 жилийн хугацаанд тохиолдоогүй юм. Гэхдээ Японы эзэн хаан суудлаа орхих нь эрт цагт энгийн үзэгдэл байв. Тэр үед хөгширсөн эзэн хаад лам болж, хүүхдүүддээ хаан ширээгээ өвлүүлэх нь бараг уламжлал байсан гэж хэлж болно. Гэвч лам нарыг улс төрийн хэрэгт оролцохыг хориглодоггүй байсан учраас суудлаа орхисон хаад төрийн үйл хэрэгт зайнаас нөлөөлдөг байсан аж.
Япон нь хаант засаглалтай дэлхийн хамгийн эртний гүрэн юм
Японы эзэн хааны гэр бүл МЭӨ VII зуунаас хойш тасралтгүй төр барьж байна. Өмнө нь хэлсэнчлэн нарны бурхан Аматэрасугийн ач хүү Жимму нь Японы анхны эзэн хаанд тооцогддог. Британийн хааны гэр бүл оршин тогтносон хугацаагаараа Японы хааны удмын гэр бүлтэй хэрхэвч эн зэрэгцэхгүй. Хатан хаан Элизабетийн гэр бүл Виндзорууд 200-аад жилийн туршид Английг захирч бөгөөд тэд анх Хановериан гэж нэрлэгддэг байсан гэдэг. Хановерчууд нь герман гаралтай язгууртны гэр бүл юм.
Гэхдээ Жиммуг оршин байсныг нотлох баримт олдоогүй ч Ямато гүрэн (Японы анхны төрт улсын нэр) оршин байсан гэдэг баттай бөгөөд түүнийг хэн нэг хаан удирдаж байсан нь лавтай.
Мэдээж хэрэг, Японд олон төрийн эргэлт гарч байсан. Харин Японы эзэн хаад өөрсдийгөө бурхны удам гэж ард иргэдэд итгүүлж чадсан тул төрийн эрх авсан хүмүүс тэдний эрх мэдлийг булаадаг байснаас, хэргэм зэргийг нь үлдээдэг байжээ.
Эзэн хааны албан ёсны нэр
Хаан ширээнд заларсан хүний анхны нэр буюу төрөхөд нь өгсөн нэрийг нь цаашид ашиглахыг хориглодог. Харин үүний оронд эзэн хаан өөрийн дуртай үгээ нэр болгон авдаг. Жишээлбэл: Акихитогийн хувьд “Хэйсэй” гэсэн үгийг сонгосон бөгөөд орчуулбал “Эв найрамдлыг тогтоох” гэсэн утгатай аж. Харин одоогийн эзэн хаан Нарухитогийн хувьд “Рейва” бөгөөд энэ нь “Төгс зохицол” гэсэн утгатай юм. Энэхүү шинэ нэр нь мөн тухайн хүн хаан ширээнд суух эриний нэр болно.
Жишээ нь 1989-2019 он буюу Акихито хаан ширээнд суусан үеийн Хэйсэй эрин гэж нэрлэх бол 2019 оноос хойшхийг Рэйва эрин гэж нэрлэнэ.
Эзэн хааны сэнтийд эр хүн сууна
Японы эзэнт гүрэн байх хугацаанд нийт 8 эмэгтэй төрийн удирдлагыг барьж байсан. Тэдгээрийн анхных нь Суйко бөгөөд тэрээр Японы 33 дахь удирдагч аж. Тэрээр 35 жилийн турш эзэн хааны суудлыг хашиж, 1771 онд хамгийн сүүлийн эмэгтэй төрийн удирдагч суудлаасаа буусан байна. Үүнээс хойш дандаа эрчүүд төр барих болсон ч сүүлийн үед эдгээр эрчүүдийн тоо буурч байгаа юм. Учир нь Акихито хаан 2 хүүтэй боловч хөвгүүд нь охидтой болсон аж.
Тиймээс энэ асуудал нухацтай яригдаж байгаа бөгөөд хууль журмыг өөрчилж, охидын нэгийг Японы эзэн хаан болгох тал дээр анхаарч байсан гэнэ. Нэн түрүүнд Нарухитогийн цор ганц охин Айко төрийн удирдлагыг гартаа авах магадлалтай. Гэвч судлаачид хууль журмыг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулж байх зуур ханхүү Фумихито (Акихито хааны хүү) "Хисахито" хэмээх хүүтэй болсон байна. Ингээд хуулийг өөрчлөх ажиллагаа зогсжээ.
Эзэн хааныг оршуулах амаргүй ажил
Тахилч таалал төгссөн эзэн хаадыг оршуулах өдрийг маш удаан судалж байж сонгодог. Энэ хооронд эзэн хааны цогцосыг өдөр бүр ариутгаж, хувцасыг нь сольж, хоол өгч (хоолыг нь тахил мэт урд нь тавина) арчлах ёстой байдаг. Заримдаа энэ нь хэдхэн хоног үргэлжилдэг боловч үүний тулд хэдэн долоо хоног зарах нь ч бий.
Урьд цагт эзэн хааны царайг хэн ч эгцлэн харах эрхгүй байв
Бурхны удам гэгддэг байсан учраас хааны царайг хэн ч харах эрхгүй байжээ. Хүмүүс түүнд бараалхах хэрэг гарвал байнга нүүрийг нь халхалдаг байв. Зарц нар эзэн хаанд үйлчилж байхдаа нүүр рүү нь харахаас зайлсхийж, шал ширтдэг байжээ. Мэдээж хааны гэр бүлийн хүмүүс өөрсдөө бурхны удам учраас эгцэлж харах эрхтэй байсан аж. XIX зуунд Мэйжи хаан л энэ уламжлалыг зөрчиж, хүмүүстэй чөлөөтэй уулзах болсноос гадна түүний хоёр хөргийг зурахыг тушааж, тэдгээрийг нь хуулбарлан тараасан юм.